Саятан хотын төрх

Нийтлэл

Хөрөнгө оруулалтын 50 гаруй хувийг хот байгуулалтад зарцуулна

Азийн 107 дахь саятан хот бол Улаанбаатар. Хүн амынхаа тоогоор энэхүү “цол”-ыг 2007 хүртсэн. Нийслэл хот маань Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64, эрчим хүчний эх үүсвэрийн 85, хөрөнгө оруулалтын 50 хувийг дангаар бүрдүүлж буй. Ахадсан ачааг үүрч яваа нь энэ. Одоогийн байдлаар нийт хүн амын 44 хувь нийслэлд төвлөрч, Улаанбаатарыг саятан болгосон. Саятан гэх тодотгол нь хүн амын тоон үзүүлэлт. Түүнээс биш амьжиргааны түвшинг илэрхийлж байгаа хэрэг биш.

Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдийн 34 хувь нь нийслэлд амьдарч байна. Хотын тулгамдаж буй асуудлын нэг нь ажилгүйдэл. Ажилгүйдэл хүрээгээ тэлэх тусам ядуурал гүнзгийрсээр. Нэг сая хүн амтай хотын эдийн засаг ямар байх ёстой вэ. Нэн тэргүүнд иргэд нь ажил, орлоготой байх хэрэгтэй. Өрх гэр нь инженерийн байгууламжид холбогдсон орчин үеийн орон сууцаар бүрэн хангагдсан байх учиртай. Энэ нь дэлхий нийтийн жишиг. Ажилгүйдэл өндөр хувьтай байгаа нь сорилт дагуулсаар.

Саятан хотын нийгмийн байгууламж болсон эмнэлэг, сургууль, цэцэрлэг хүрэлцээтэй байх хамгийн чухал. Сая хүнтэй хотын эдийн засаг ийм байх ёстой гэсэн тогтсон стандарт байхгүй ч иргэдийнх нь амьдралын чанар өндөр байхад утга нь оршдог. Тэгвэл Улаанбаатар хотын иргэдийнх нь авч буй цалинг дэлхийн дундаж цалинтай харьцуулахад 3.5 дахин бага гэсэн статистик тоо бий. Түүнчлэн агаарын бохирдол дэлхийн бусад хотуудаас 10 дахин их. Ийм мөртлөө нэг хүнд ногдох ногоон байгууламж нь 10 дахин бага байгаа юм.


Нийслэлийн нийт өрхийн 30 хувь нь орон сууцанд, үлдсэн хувь нь гэр хороололд амьдарч байгаа нь саятан хотын өнөөдрийн төрх. “Том хотуудын эдийн засаг” номд өгүүлснээр, саятан хот аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх, худалдаа болон бизнесийн үйлчилгээний төв болох боломжтой. Боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ нь үндсэндээ хүн амаа дагасан, хотын нийгмийн үйлчилгээ нь хүн амын өсөлтөөс голлон хамаардаг аж. Нэг талаасаа хот нь нийгэм, эдийн засгийн инновацийн төв гэсэн үг. Саятан хотуудад санхүү, удирдлагын төв байрлах болсон. Үүнийг удирдлагын хот ч гэж хэлж болно.

Жишээ нь, сүүлийн 30 гаруй жилд Канадын эдийн засагт Торонто хот зонхилох байр суурьтай байна. Учир нь, тус орны том компаниуд удирдлагын байраа энэ хотод байршуулж байгаатай холбоотой юм. Ирээдүйд Улаанбаатар ч гэсэн энэ зүг тэмүүлэхийг үгүйсгэх аргагүй. Зарим мегаполисын хувьд аялал жуулчлал аж үйлдвэрлэлээс илүү ач холбогдолтой болж байна. Улаанбаатар хотыг удирдаж буй С.Батболдын баг энэ онд нийт 677.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Үүний 50 гаруй хувийг хот байгуулалтын салбарт зарцуулахаар төлөвлөжээ. Хамгийн их хөрөнгө оруулалтыг тус салбарт хуваарилсан байна.

“Аз жаргалтай хот” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэдээ ажилтай, орлоготой болгохоор зорьж байгаа. Улаанбаатар хүн амын тоогоороо саятан хотын босгыг хэдийнэ алхсан ч хөгжлийн үзүүлэлтээрээ тэргүүн эгнээнд тэнцэхгүй.

Сая хүнтэй хот ядаж л метротой байхаас гадна хотын албан татвартай байдаг. Тэгвэл Улаанбаатарт дээрх шалгуурыг хангаж байгаа нь цөөн. Гэхдээ метро барихыг мөрөөдөж, хотын албан татварын талаар өнөөдөр бодлогын түвшинд ярьж эхэлсэн нь том хотуудын эдийн засгийн хөгжлийн хаялга, нөлөө зарим талаараа айлсаж буйг илтгэнэ.

Төрөлх хотоо хөгжүүлэх ойрын болон дунд хугацааны хөтөлбөр тодорхой болж, хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ баталгаажуулсан. Ингэснээр Улаанбаатар сая хүнийхээ нийтийн тээврийн асуудлыг шийдэх гарц харагдаж байгаа юм. Хөдөлгөөн ихтэй төв замуудын оргил цагийн түгжрэл метрог сануулсаар. Нөгөөтэйгүүр сая хүнтэй хотын тээврийн хөдөлгөөнд зохицуулалт хийх, тээврийн бүх төрлийн тогтолцоог хөгжүүлэх асуудал тулгарч байна. Иймд автомашины урсгалыг зохицуулах нэг арга хэрэгсэл нь замаар зорчсоны татварын тогтолцоо аж. Энэ нь эдийн засгийн хувьд үр ашигтай ч нийгмийн сэтгэл зүйд хүндрэлтэй. Энэ төрлийн татвар ногдуулсан орны нэг бол Сингапур. Тус улсад автомашин хотын төв бүсээр зорчих онцгой төлбөрийг тогтоожээ. Ингэснээр хот өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болно. Зөвхөн манайх биш дэлхийн бусад хотод тээврийн зохицуулалт хүндэрч байгаа нь дэд бүтцийн цаашдын хөгжлийг чөдөрлөж, санхүүгийн хүндрэлд түлхэн оруулж байна. Үүнээс үүдэж хөгжил саатах болжээ.

Аж үйлдвэржилтийн эрин үед дэлхийн хот нь улс төр, соёлын амьдралын төвлөрөл байсан бол өнөөдөр эдийн засгийн хөгжлийн төв болон хувирчээ. Хөгжингүй орнуудад том хотууд бараа, үйлчилгээний хэрэглээний төвлөрлийн төв болж, “хэрэглээний нийгэм”-д шилжиж байна. Дэлхийн хотууд хөгжлийн чиг баримжаагаа өөрчилж, замаа тодотгож байгаа нь Улаанбаатарт үлгэр дуурайлал юм.


Төлөвлөлт хамгийн чухал. Үүний үр дагаврыг бид өдгөө амсаж буй. Иймээс сая хүнтэй хотын эдийн засгийн өрсөлдөх чадвар хэр байхаас иргэдийнх нь амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны түвшин хүртэл хамаардаг болохыг “Том хотуудын эдийн засаг” номд дурдсан байдаг. Тус номд өгүүлснээр дэлхийн мөнгөний урсгал мегаполисуудад төвлөрч, тэдэнд шинэ эрх мэдэл олгоод байна. Энэ нь хөгжих үүд хаалгыг нээж буй.


Өндөр барилга, хурдны зам, худалдааны томоохон төв, онгоцны буудал, хотжилт гээд дэлхийн олон зуун хот дээрх үзүүлэлтээр өөр хоорондоо уралдаж буй. Олимпын эрх авахын төлөөх өрсөлдөөнд ялахын тулд хотынхоо хөгжилд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж, төрхөө өөрчилж, хөгжлийн хурдаа нэмж байгааг бид мэднэ. Том хотууд өргөжин хөдөөгийн бүс уналтад орж буй. Ингэснээр аж үйлдвэрийн төвүүдийн хүн амын зонхилох хэсгийг саятан хотууд өөртөө татан төвлөрүүлж байна. Хотуудын түрэмгийлэл дэлхий нийтэд ийн газар авч байгаагийн сонгодог жишээ нь Улаанбаатар. Орчин үеийн эдийн засагт мегаполис гэж нэрлэгдэх болсон том хотууд ноёлох үүрэг гүйцэтгэж байна.

Хот судлалд хотын том, жижгийн үндсэн хэмжүүр нь хүн амын тоо байдаг. Мегаполисын тухай ярихдаа гол төлөв хүн амын тоо нь нэг саяас давсан саятан хотуудыг оруулж байгаа. Олон хотод өнөөдөр ажил эрхлэлт хамгийн чухал асуудал болж байна. Эл байдал нь хотын орон сууцны хүрэлцээг хурцатгах нэг шалтгаан болдог аж. Тогтсон орлогогүй хүнд ямар ч арилжааны банк итгэж моргейжийн зээл олгохгүй. Иймээс Улаанбаатар иргэдээ ажлын байртай болгох, орлогожуулах нь чухал. Ингэснээр гэр хорооллыг орон сууцжуулах зорилт бага ч болтугай урагшлах юм.
САНАЛ БОЛГОХ