Apple: БНХАУ-ын зах зээлд тодорхой байр суурь эзлэх нь бидний зорилго биш

Мэдээ

“Apple” компани “БНХАУ-ын зах зээлд тодорхой байр суурь эзлэх нь тус компанийн гол зорилго биш" гэж мэдэгдлээ. “Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук Бээжин хотноо болсон "БНХАУ-ын Хөгжлийн форум"-д оролцох үедээ "БНХАУ-ын зах зээл АНУ-ыг тэргүүлж байгаа" гээд "Харин энэхүү зах зээлийн худалдан авагчдын хувьд сонголтоо өөрчлөх хандлага өндөр байна" гэж мэдэгджээ. Үүнээс гадна Тим Кук “Apple компани судалгааны хоёр төв шинээр байгуулж, БНХАУ-д хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” хэмээн онцоллоо. “Энэ хүрээнд залуу хэрэглэгчдийг татах боломж нэмэгдэнэ” хэмээн тооцоолжээ.

Тус компани шинэ судалгааны төвүүдээ БНХАУ-ын зүүн хэсгийн Шанхай, Сужоу хотод байгуулахаар зорьж байна. Үүнээс өмнө Бээжин болон Шэньжэнд судалгааны хоёр төв нээхээ мэдэгдээд байсан ч одоог хүртэл нээгээгүй байгаа юм. Эдгээр төвүүдийг байгуулахын тулд хамгийн багадаа 507 сая ам.доллар зарцуулна гэж “Apple” компани онцолжээ. Улмаар дээр дурдсан судалгааны дөрвөн төвийг энэ оны эцсээр нээнэ гэж тус компаниас мэдэгдсэн байна.

БНХАУ-ын зах зээлд дотоодын өрсөлдөгчид хүч түрэн орсоор байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэгчид өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр тус улсын зах зээлд "iPhone"-ийн борлуулалт удаашраад байгаа юм. Тухайлбал, 2011 онд БНХАУ-ын зах зээлд "Xiaomi" брэнд гарч ирснээс хойш "Apple", "Samsung Electronics" зэрэг брэндүүд дотоодын тоглогчдод шахагдаж эхэлсэн аж. "Oppo", "Huawei" тэргүүтэй дотоодын компаниуд 2016 онд зах зээлийнхээ нийлүүлэлтийн тэн хагасыг хийсэн талаар “IDC” мэдээлсэн юм.




САНАЛ БОЛГОХ