Өмгөөлөгчдийн орлогыг шилэн болгох гарц

Нийтлэлчийн булан

Өмгөөлөгч нар өндөр хөлс нэхэх нь зохимжгүй

Монголд хамгийн ашигтай мэргэжил өмгөөлөгч болоод байна. Тиймээс ч залуус энэ мэргэжил рүү хошуурах болсон. Тодорхой тогтсон үнэ ханшгүй, өөрсдийнхөө дур зоргоор хохирогчдоос өмгөөллийн хөлс нэхдэг гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Уг нь хамгийн шударга, өгөөмөр нинжин сэтгэлтэй хүн бол өмгөөлөгч байх ёстой гэж үздэг юм билээ. Гэтэл өнөө цагт зөвхөн мөнгөний төлөө л тэд үйлчилж байна уу гэлтэй.

Өмгөөлөгч гэж чухам хэн бэ. Онолын үүднээс тайлбарлавал өмгөөлөгч нь иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг хуульчийг хэлнэ гэж тодорхойлсон байх юм. Монгол Улс 1926 оноос аливаа хэргийг Байцаан шийтгэх тухай хуулиар өмгөөлөгчийг “төлөөнөө заалдагч” гэсэн нэрээр яллагч томилогдсон хэрэгт оролцуулдаг байжээ. Үүнээс хойш 1928 оны тавдугаар сарын 25-нд өмгөөлөгчийн анхны эрх зүйн зохицуулалт болох Шүүн таслах тухай олонд тусламж үзүүлэх бүлгэмийн дүрмийг баталжээ.

Ингэснээр өмгөөллийн үйл ажиллагааг зохицуулах хэд хэдэн дүрэм, хууль тогтоомжтой болсон байна. Харин өдгөө хууль зүйн фирм, өмгөөллийн төрийн бус байгууллагууд олширчээ. Энэ хэрээр өмгөөлөгчдийн тоо ч жил бүр нэмэгдсээр байна. Холбогдох байгууллагаас авсан мэдээллээр манай улсад 2124 өмгөөлөгч үйлчилдэг аж.

Гэхдээ өмгөөлөгчийн яс чанар нэлээд муудсан талаар мэргэжил нэгт нөхөд нь хэлж байв. Уг нь хүний эрхийг хамгаалж, өмгөөллийн үйлчилгээг сайн үзүүлэх үүрэгтэй хүмүүсийн зарим нь ажилдаа нэр төдий ханддаг аж. Өөрөөр хэлбэл, хохирогчоос зөвхөн мөнгө аваад байдгаас эрхийг нь хамгаалах, өмгөөлөх үйлчилгээ нь тун хангалтгүй байдаг талаар иргэд ч холбогдох байгууллагад цөөнгүй гомдол гаргадаг юм билээ. Мэргэжил ёс зүйн хороогоор арга хэмжээ авахуулсан хуульч мэргэжилтэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн олонх нь мөнгө авчихаад ямар ч үйлчилгээ үзүүлэлгүй “луйвардсан” юм шиг алга болдог аж. Үүнийг эрхзүйч, хуульч хүмүүс өмгөөллийн үйлчилгээ рүү хүч түрэн орж ирснээс болсон гэж тайлбарлах хүн ч байгаа юм. Өмгөөлөгч бэлтгэх, өмгөөлөгчийн ухамсар, соёл, сэтгэлгээг гүнзгий суулгах бодлого өнөөдөр байхгүйтэй адил. Өмгөөлөгчийн үнэмлэхтэй, мэргэжлийн дипломтой бол сайн мэт харагдаж, үйлчлүүлэгчид итгэл төрүүлж, сайн сэнхрүүлдэг ч ажлаа хангалттай хийж чаддаггүй гэсэн шүүмжлэлийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байв.

Гэтэл үнэн хэрэг дээрээ өмгөөлөгчид ажил мэргэжилдээ сэтгэлээ өгч, хүн чанар гаргаж, үйлчлүүлэгчийнхээ зовлон жаргалыг ойлгож, өмгөөлж байна уу гэвэл үгүй аж. Ер нь өмгөөлөгчдөд сургалтаас эхлээд ёс суртахуун, ухамсрын үнэлэмж суулгах цогц арга хэмжээнүүд хэрэгтэй болжээ.


                 ӨМГӨӨЛӨГЧ НАР ӨНДӨР ХӨЛС НЭХЭХ НЬ ЗОХИМЖГҮЙ

Гавьяат хуульч Ж.Яринпил “Хууль зөрчсөн хэн нэгэн этгээдийн буруугаас болж, эрх нь хөндөгдсөн хүнийг өмгөөлөгч хүн л хамгаалах ёстой. Гэтэл мэдлэг, чадвар дутмаг өмгөөлөгч нар олширвол хохирогчийн эрхийг хамгаалж чадахгүй шүү дээ. Иймээс өмгөөлөгч хүн мэдлэг, чадвар, туршлага дадлага, эр зоригтой байх хэрэгтэй. Нийгэмд хамгийн үнэтэй зүйл бол хүний эрх. Үнэ цэнтэй хүний эрхийг хамгаалах чадварыг өмгөөлөгч төгс төгөлдөр эзэмшсэн байх үүрэгтэй. Өмгөөлсөн хэргийнхээ эцсийн үр дүнг муугүй үзүүлэлттэй гаргахын тулд хүн өөрийгөө дайчилж ажиллах хэрэгтэй. Өмгөөлөгч хүн хэт өндөр хөлс нэхэх нь буруу. Хүний зовлон дээр дөрөөлж, хэдэн халтар төгрөгөнд шунаж болохгүй” хэмээсэн удаатай. Гэвч сүүлийн үеийн өмгөөлөгч нар мөнгөний төлөө ажилладаг болсон нь нууц биш. Хохирогчоос хэтэрхий их мөнгө нэхэж авсан өмгөөллийн орлого нь өөрсдийнх нь халаасанд үлддэг. Улсад татвар татаас барагтай бол төлдөггүй. Тэгвэл татварын хуульд өөрчлөлт оруулж НӨАТ төлдөг болсон нь өмгөөлөгч нарын эгдүүцлийг хүргэх боллоо. Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөөг НӨАТ-д хамааруулдаг болов. Өмгөөлөгч хүн олсон орлогоосоо татвар төлөх нь угтаа хууль ёсны зүйл баймаар.

Гэвч Монголын өмгөөлөгчид НӨАТ төлөх үүргээ дарамт гэж хүлээж авах болсон байна. Тэдний төлөөлөл “Өмгөөлөгчийн мэргэжлийн ажил буюу хүний эрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл хэдэн арван сар, жилээр үргэлжилдэг. Засаг төрийн эрх мэдэлтэн, албан тушаалтнуудыг хууль биелүүлэхийг шаарддаг. Харин тэд татварын системээр дамжуулан өмгөөллийн үйл ажиллагааны нууцад нэвтрэх боломжтой болсон” хэмээн гомдоллох юм.

Өмгөөлөгч нар НӨАТ төлдөг болох нь шударга ёсонд нийцнэ
                   АНУ, ХЯТАДЫН ӨМГӨӨЛӨГЧ НАР ӨНДӨР ТАТВАР ТӨЛДӨГ

Монгол Улс зөвхөн өмгөөлөгчдөөсөө татвар авахаар болсон юм биш. Дэлхийн олон орны өмгөөлөгчид орлогоосоо татвар төлдөг. Жишээ нь, АНУ-ын өмгөөлөгч нар жилд дунджаар 101.367 ам.долларын цалин авдаг байна. Татварын хэмжээ нь муж улсаасаа хамаараад өөр өөр байдаг аж. Alaska, Nevada, Washington зэрэг хот, мужид орлогын татвар төлдөггүй бол бусад нь орлогынхоо 1-13.3 хувиийг төлдөг байна. Харин Нью- Йоркийнх харьцангуй өндөр, өмгөөлөгч нарынх гь орлогын татвар 4-8.82 хувь байдаг аж. Ганц бие хуульч, өмгөөлөгчид жилийн 89 мянгаас өндөр орлого олвол 28 хувийн татвар төлдөг бөгөөд үүн дээр суурь хураамж болгон 18.193,75 ам.доллар авдаг байна. Гэр бүлтэй болсон өмгөөлөгчид суурь хураамж 10162 ам.доллар дээр нэмж 25 хувийн татвар төлөх үүрэг хүлээнэ. Тэгвэл Хятадад өмгөөлөгч нар их орлого олох тусмаа төдий хэмжээний өндөр татвар төлдөг байна. Сард 80 мянган юанийн орлого олвол үүнийхээ 45 хувийг орлогын албан татварт өгдөг гэх мэт олон орны жишээг дурдвал дундаршгүй.

Харин ОХУ-ын хувьд бол өөр. Өмгөөлөгч нараас татвар авахыг чухалчилж үздэггүй юм билээ. Улс орнуудын өмгөөлөгч нар ийн өндөр татвар төлж байхад Монголын өмгөөлөгчид бүх нийтээрээ төлдөг НӨАТ- аас бултах аргагүй. Бүр өмгөөлөгчдөөс хамгийн өндөр татвар авах нь зөв юм. Өнгөрсөн он удаан жилүүдэд олсон орлогоо өөрсдийнхөө халаасанд шингээж ирсэн өмгөөлөгчид одоо татвар төлөх цаг нь болсон. Хэдий болтол манай улс өмгөөлөгч, хуульч нарыг дур зоргоор нь эрхлүүлэх вэ. Аливаа зүйлд дүрэм журам, тэгш эрх байх ёстой. Өмгөөлөгч нар НӨАТ төлдөг болох нь шударга ёсонд нийцнэ. Харин үйлчлүүлэгчдээс татвар авах нь зохисгүй юм. Өмгөөлөгч нарын хэлж буйгаар бол НӨАТ-ыг үйлчлүүлэгч төлөх үүрэгтэй ч бид орлогоосоо илүүчлэх нь гэсэн тайлбар хийж байна. Уг нь ядарсан үйлчлүүлэгч биш өмгөөлөгч НӨАТ төлөх нь хамгийн зөв зохицуулалт байх учиртай. Түүнээс биш үйлчлүүлэгч төлөх нь жинхэнэ татварын дарамт болох бус уу.

Манай улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах гэж байгаа бол бусад орны жишгээр өмгөөлөгчдөөс орлогын албан татвар авах нь туйлын зөв зохицуулалт. Гэтэл тэд НӨАТ төлдөг болсон гээд өмгөөллийн хөлсөө нэмбэл яах вэ. Үүнд л хатуу хяналт тавих шаардлага тулгарах байх. Манай улсад өмгөөлөгчдийн орлогын талаар тодорхой тоймтой судалгаа байдаггүй. Хэн гэдэг өмгөөлөгч жилд хэчнээн төгрөг олж, нэг үйлчлүүлэгчээ хэдэн төгрөгөөр өмгөөлдөг тухай мэдээлэл олон нийтэд хаалттай байдаг. Тиймээс тэдний орлогыг ч гэсэн шилэн болгож байж эрүүл нийгэм бүрэлдэн тогтох учиртай.
САНАЛ БОЛГОХ