Кисеносатог хэн зогсоох вэ

Спорт

Аваргууд тааруухан яваа ч өөр нэг монгол бөх Кисеносатог шил даран нэхсээр

Мэргэжлийн сүмогийн Харү башё замынхаа талаас өнгөрлөө. Дөрвөн ёкозүна нэг дор барилдаж буй түүхэн башё учир хаврын тэмцээнээс хүн бүр ширүүн өрсөлдөөн хүлээж байгаа. Мөн 2000 оноос хойш анх удаа аварга цол хүртсэн япон бөх болох Кинсеносато хэрхэн барилдах нь хүн бүрийн анхаарлын төвд.

Өмнөх тэмцээнд манай аваргууд бэртэл гэмтлээс болоод олигтой барилдаж чадаагүй. Энэ завсраар Кисеносато шургалж, сүмогийн дээд цолд хүрч амжсан. Харин энэ удаа даварсан нөхрийн хандыг дарж, ёкозүна цолны босго өндөр гэдгийг мэдрүүлэх нь Монголын гурван аваргын хувьд чухал байсан нь мэдээж. Гэвч шинэ аварга аатай, бяртай барилдаж, эхний есөн өдөр дараалан давлаа. Башёгийн өмнө сүмогийн мэргэжилтнүүд түүний бэлтгэл сайн байгааг онцлон магтаж, хаврын тэмцээнд сайн барилдана гэж дүгнэж байсан нь үнэн болж таарав. Нутгийн аварга нь урамтай барилдаж буй болохоор япончууд ч баяртай байна гэж жигтэйхэн. Энэ мөчийг 20 шахам жил хүлээсэн болохоор аргагүй юм даа. Тэрбээр аварга болсноосоо хойш тайван, өөртөө итгэлтэй барилдах болсон нь илт анзаарагдаж байна. Энэ нь түүний босоо яваагийн гол шалтгаан. Кисеносато ес дэх өдрийн барилдаанд саяхан л өөртэй нь адил озэки цолтой явсан Котошёогикүтэй таарч, хялбархан давсан.

Котошёогикүгийн хувьд энэ башёд хоёр оронтой даваанд хүрч байж арслан цолоо эргүүлэн авах учиртай. Харин өчигдөр өвдөг шороодсоноор 6-3 амжилттай болжээ. Үлдсэн зургаан өдрийн дөрөвт нь заавал давах хүндхэн даалгавартай хоцорч байна.

Кисеносатог дарах учиртай монгол аваргууд үүргээ хангалттай биелүүлж чадсангүй. Хакүхо аварга эхний дөрвөн өдөр хоёр унасны дараа башёг орхисон бол Харүмафүжи, Какүрюү аваргууд хэдийнэ хоёр, гурван удаа өвдөглөжээ. Харүмафүжигийн хувьд өчигдөр нутгийн бөх Араваши Э.Дөлгөөнд ялагдсанаар түрүү байрын төлөөх өрсөлдөөнөөс үндсэндээ хасагдаж байна. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Кисеносатог хорлож, түрүүлэх замыг нь хаах ёстой.

Хэдийгээр аваргууд тааруухан яваа ч өөр нэг монгол бөх Кисеносатог шил даран нэхсээр. Энэ бол озэки Тэрүнофүжи. Тэрбээр 2015 оны өдийд гялалзтал барилдаж, башё бүрт түрүү байрын төлөө өрсөлдөж байсан. Улмаар тэр жилийнхээ тавдугаар сарын тэмцээнд 12-3 амжилтаар түрүүлж, дараагийн аварга гэгдэж байв. Гэвч хөлдөө авсан хүнд гэмтэл нь түүний амжилтыг доош татаж, арслан цолоо алдах аюулд хэдэнтээ орсон билээ. Харин манай бөх бэртэл гэмтэлгүй бол хэнтэй ч арсалдаж чадна гэдгээ энэ удаа харуулж, ганцхан унаатайгаар Кинсеносатог шил даран нэхэж байна.

Сонирхолтой нь шинэ аваргын хамтаар башёг тэргүүлж буй бөх нь түүнтэй нэг дэвжээнд харьяалагддаг сэкивакэ Такаясү. Бие хаа, нуруу турууны хувьд хэнээс ч дутахгүй энэ бөхийг өндөр дээд цолд хүрнэ гэж олон хүн итгэл хүлээлгэдэг. Гэвч доогуур зиндаанд дэндүү удаан барилдсан. Макүүчид гарч ирээд ч дундаж амжилт үзүүлсээр өдийг хүрсэн юм. Харин нэг дэвжээний Кисеносато аварга цолд хүрсэн нь түүний барилдаанд нөлөөлсөн бололтой. Тэрбээр өмнөх башёд 11 давж, сэкивакэ болсон. Энэ удаа нэг ч унаагүйгээр шинэ аваргатай зуузай холбож явна. Эрч хүчээ алдалгүй барилдсаар башёг дуусгавал ирэх сарын тэмцээнд озэки цолны болзол сонсох нь гарцаагүй.

Сонирхуулахад, ёкозүна цолтой барилдсан эхний башёдоо найм дахь өдөр тавиас дээш хувийн амжилтаа үзүүлсэн тав дахь бөх нь Кисеносато болжээ. Өмнө нь Таманоүми, Таканосато, Асахифүжи, Хакүхо аваргууд ийм амжилт үзүүлж байв. Гэхдээ тэднээс ганц нь буюу 59 дэх ёкозүна Таканосато л тухайн башёдоо түрүүлж байжээ.
САНАЛ БОЛГОХ