Алтангадасгүй АН-ын дотоод сунгаа
Нийтлэл
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй тус фракцынхан энэ удаад өнжинө
Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар сунгаа албан ёсоор эхэллээ. Үндэсний зөвлөлдөх хорооны 380 суудлын төлөө 511 нэр дэвшигч өрсөлдөх бол нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн “тоосоо өргөж” байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн дотоод сонгууль өмнөх жилүүдээс илүү өвөрмөц, илүү өргөн хүрээнд болох гэж байна. Барианд орогсод нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд манлайлах үүрэг гүйцэтгэх юм.
Жил бүрийн дотоод сонгуулиар Ардчилсан намын удирдах дээд байгууллагын бүрэлдэхүүн дунджаар 40 орчим хувь шинэчлэгдэж, цусаа сэлбэдэг гэсэн судалгаа бий. Харин энэ удаагийн дотоод сонгуулиар үүнээс хавьгүй илүү, бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ шахам өөрчлөгдөх нөхцөл, байдал бүрдсэн хэмээн үзэх намын гишүүн олон байна.
Тэгвэл энэ удаагийн дотоод сонгуульд Э.Бат-Үүл, Х.Баттулга, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Р.Амаржаргал Б.Гарамгайбаатар, Х.Тэмүүжин, Д.Батцогт, Г.Баярсайхан, Б.Болор, Л.Гантөмөр тэргүүтэй тус намын хууччуул Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болохоор горилжээ. Харин Алтангадас фракцынхан энэ удаагийн дотоод сонгуулийг хууль бус хэмээн үзэж, нэр дэвшихээс татгалзсан байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй тус фракцынхан энэ удаад өнжих аж. Гэхдээ тус фракцад харьяалагддаг Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Уул уурхайн яамны дэд сайдын албыг хашиж явсан О.Эрдэнэбулган тэргүүтэй дөрвөн хүн дотоод сонгуульд өрсөлдөж байгаа юм. Гэвч Алтангадас фракцаас гаргасан энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, нэр дэвшсэн дээрх дөрвөн хүнийг фракцын гишүүнчлэлээс хассан байна.
Нэр дэвшигчдийн жагсаалтаас харахад олны анхаарлыг татахуйц эрхмүүд нэлээдгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгорт нэр дэвшиж байгаа бол түүний төрсөн дүү Х.Баттуул Хан-Уулд, охин Б.Намуун Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болохоор өрсөлдөж байна. Мөн “Буян”-ийн Жагаа Хан- Уулд нэр дэвшиж байгаа бол түүний төрсөн дүү Б.Батсайхан Булган аймагт хүч үзэж байна. Түүнтэй хамт Булган аймгийн Ардчилсан намын гишүүдийг Үндэсний зөвлөлдөх хороонд төлөөлөх ганц мандатын төлөө Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өрсөлдөнө. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Баянхонгорт нэр дэвшсэн тэрбээр энэ удаад төрсөн нутгаа түшихээр шийджээ.
УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяр энэ удаад тойргоо сольжээ. 2008 оны УИХ-ын сонгуулиар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулж байсан тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Ховд аймагт нэр дэвшсэн ч бүдэрсэн юм. Тэгвэл энэ удаагийн намын дотоод сонгуулиар тэрбээр Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэсэн нэг тойргоос Үндэсний зөвлөлдөх хороонд нэр дэвшиж байна. Мөн тэрбээр Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргад ч нэрээ дэвшүүлжээ.
Өвөрхангай аймаг Үндэсний зөвлөлдөх хороонд гурван мандаттай. Тус гурван мандатын төлөө УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Д.Зоригт, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Дэмчиг нар өрсөлдөж байна.
Увс аймагт ах дүү О.Сайнбуян, О.Цогтгэрэл нар нэр дэвшжээ. О.Цогтгэрэлийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар тус тойрогт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм. Харин О.Сайнбуяны хувьд “Эрдэнэс МГЛ” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан аж.
Дотоод сонгуулийн санал хураалт ирэх сарын 2-нд болох бөгөөд УИХ-ын сонгуулийн тойргийн журмаар, саналыг нууцаар авах юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй