ОУВС-гийн хөтөлбөр эерэг үр дүн авчирна
ЗГМ: Зочин
Төрд өмчлөх эрх хэт төвлөрөх шаардлагагүй
“Wagner Asia Automotive” компанийн гүйцэтгэх захирал Стив Поттертэй ярилцлаа. Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хэрэгжүүлэхээр зэхэж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь эерэг үр дүн авчирна гэж тэрбээр үзэж байна.
-Шинэ бонд, ОУВС-гийн хөтөлбөр гээд Монгол Улсын Засгийн газрын алхамуудыг хувийн хэвшил хэрхэн хүлээн авч байна вэ?
-Мэдээж, Засгийн газрын урьдчилсан тохиролцоонд хүрээд буй хамтарсан хөтөлбөр анхаарал татаж байгаа. Уг хөтөлбөр Монгол Улсад давуу тал, эерэг үр дүн авчирна гэж найдаж байна. Одоогоор Засгийн газар үндсэн гурван зорилт дэвшүүлээд байгааг бид мэднэ. Нэгдүгээрт, эдийн засгаа тогтворжуулах. Мөн томоохон төслүүдээ урагшлуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр татаж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьж буй.
ОУВС зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын багц хөтөлбөр Засгийн газарт эдийн засгаа тогтворжуулах боломж олгоно. Хэрэв бодлого тодорхойлогчид эхний зорилтоо биелүүлж, макро эдийн засгаа тогтворжуулж чадвал дараагийн зорилтыг хангах нөхцөл бүрдэнэ. Энэ нь хамтарсан хөтөлбөрийн эерэг тал. Тиймээс эхний зорилтыг биелүүлэх нь чухал. Харин сөрөг тал нь төр зардлаа хумиж, татвар нэмснээр иргэдийн бухимдлыг төрүүлж болзошгүй. Гэхдээ энэ бол бодит байдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс нүүр тулахаас өөр аргагүй.
-Та тоног төхөөрөмжийн бизнес эрхэлдэг. Ирэх жилүүдийн борлуулалт болон Монголын эдийн засгийн төлөвийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Өөдрөгөөр харж байна. Монгол Улс ирэх жилүүдэд түүхий эдийн экспортод түшиглэсээр байх нь. Өөрөөр хэлбэл, уул уурхай эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна гэсэн үг.
Монгол Улс зарим түүхий эдээ өндөр үнэ хүргэж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ одоогийн үнээр уул уурхайн компаниуд ашигтай ажиллаж байгаа юу гэвэл тийм. Үүнийг ч өнгөрсөн дөрөв, тавдугаар сард тодорхой харсан. Тиймээс тоног, төхөөрөмжийн эрэлтэд төдий л санаа зовохгүй байгаа. Нүүрсний уурхайн салбарт гэхэд олон тооны тоног, төхөөрөмж ашигладаг. Сүүлийн хоёр жилд эдгээр төхөөрөмжийн цөөнгүй нь саатлаа. Зарим нь бараг ашиглалтаас гарсан гэхэд болно. Энэ нь тоног төхөөрөмж нийлүүлдэг бидний хувьд сайн мэдээ.
-Хөрөнгө оруулалт татахад ямар алхам хийх шаардлагатай вэ?
-Өнгөрсөн онд “Оюутолгой”- н далд уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг урагшлуулсан нь хувийн хэвшилд дэмжлэг болсон. Миний бодлоор олон улсын хөрөнгө оруулагчдыг дахин Монголын зүг татсан. Гэхдээ урт хугацаанд хөрөнгө оруулалт татахын тулд зарим шийдэмгий алхам хийх шаардлагатай. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийг сайжруулах хэрэгтэй байна. Уул уурхайн салбарт Засгийн газрын оролцоо мэдээж чухал. Гэхдээ төрд өмчлөх эрх хэт төвлөрөх шаардлагагүй гэж би боддог. Харин тэр эрхийг хувийн хэвшилд шилжүүлвэл илүү үр ашигтай гэдэгт итгэдэг.
Засгийн газрын үүрэг бол уул уурхайн цогц бодлого боловсруулж, түүний хэрэгжилтийг хангах. Мөн уул уурхайн салбарын нэгж, хэсэг бүрт тодруулбал, хайгуул хийж буй жижиг компанид хүртэл анхаарал хандуулж, тэдний эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Цаашлаад тухайн төсөлд өөр компани орж ирсэн ч энэ бодлогоо үргэлжлүүлэх нь чухал.
Олон улсын туршлагаас харахад уул уурхай бол цогц ойлголт. Тиймээс олон хүний эрх ашгийг хөндөж байдаг. Уул уурхайгаас улбаалж байгаль орчинд хохирол учирч болзошгүй. Тиймээс энэ бүх талын эрх ашгийг багтаасан бүтцийн нэгдмэл, цогц бодлого боловсруулах, цаашлаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Асуудлыг бүхэлд нь шийдсэн бодлого гэж ойлгож байна.
Үүнээс гадна, засаглах эрхийг хэрэгжүүлэх чадвартай байх нь чухал. Засгийн газар бүтцийн хувьд уялдаа холбоотой байх ёстой. Тиймээс тогтвортой байдлаа хадгалах хэрэгтэй. Төрийн эрх мэдэл солигдох үед бодлого барьж буй яамны бүтэц нь бүхэлдээ өөрчлөгддөг байж болохгүй. Эдгээр жижиг хэсэгт ч гэсэн уул уурхайн салбарын тогтвортой байдал оршиж байдаг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй