АЯНЫ БАГЦ ХЭДЭН ТӨГРӨГТ БАГТАХ ВЭ

АЯЛЛЫН ХӨТӨЧ

Монголын нөхцөлд гурван улирлын, салхины хамгаалалттай майхан тохиромжтой Урин дулаан цаг ирж, цэвэр агаар, цэнгэг ус, цэнхэр уулсын зүг жолоо залах улирал эхэллээ. Орон нутаг зорьж буй аялагчдыг байрлах газраар нь ерөнхий хоёр ангилж болно. Нэгдүгээрт, айл саахалт, ураг саднаа бараадан амрах. Хоёрдугаарт, байгалийн сайханд майхан бариад хоноглох. Хотын дуу чимээ, гэрлийн бохирдлоос зугтаан, хүн, байгалийн шүтэлцлийг ухаарахаар хүмүүс онгон байгалийг зорьдог. Тэгвэл тэдний аяны богцонд байх хэрэгтэй таван зүйл болон үнэ ханшийг толилуулъя.

МАЙХАН

Майхны гадна талын материалыг TD2000, TD3000, харин шалыг 70D, 5000 зэргээр хэмждэг. Тайлбарлавал, TD2000 нь майхан дээр 2000 метрийн өндрөөс даралттай ус асгахад даавуу нь урагдахгүй гэсэн үг. Харин шалны хэмжээст даавууны нягтрал, усны хамгаалалт, зузаан зэргийг багтаан ойлгоно. Хэрэв майхан хулсан дам нуруутай бол салхинд хугарах магадлал өндөр, харин ган төмөр бол илүү бат бөх, удаан хэрэглэх боломжтой аж. Майхныг дотор нь кэмпинг болон уулын хэмээн ангилна. Ууланд авирагчид хөнгөхөн хэрнээ олон ачаатай явах хэрэгтэй. Тиймээс уулын майхнууд жин бага бас салхинд тэсвэртэй, зузаан байх шаардлагатай.

“Аянчин аутфиттерс” дэлгүүр Америкийн “Alps”, “Mountain hardware”, “Slumberjack”, “Browning” брэндийн аяны хэрэгслүүд оруулж ирдэг. Уг дэлгүүрт салхинд тэсвэртэй, усны хамгаалалттай, 20 жилээс насан туршийн баталгаатай, 3-4 хүний майхнууд дунджаар 600 мянган төгрөгийн үнэтэй байна. “Mountain hardware” брэндийн майхан ган төмөр тулгууртай бөгөөд насан туршийн баталгаатай. Төмөр нь эвдэрч, даавуу нь урагдсан тохиолдолд насан туршид тань үнэгүй сольж, янзалж өгөх ажээ. Түүнчлэн майхныг нэг, гурав, дөрвөн улирлынх хэмээн ангилна. Нэг бол зуных, гурав бол хавар, зун, намрынх, дөрөв бол өвлийн улиралд ч хэрэглэж болдог. Монголд ихэвчлэн нэг улирлын майхан зарагддаг аж. Гэвч манай оронд зундаа ч салхи, бороо ихтэй тул “Аянчин аутфиттерс” дэлгүүр гурван улирлын, давхарлагаатай майхан худалдаалж байна.

Харин “Нарантуул” худалдааны төвд урд хөршөөс оруулж ирсэн аяны хэрэгсэл түлхүү худалдаалж байна. Хэрэглээ, чанарын хувьд бүгд нэг улирлынх гэж болно. Эдгээр майхан дунд Америкийн “Coleman” брэндийн дуураймал нь илүү чанартай гэж болохоор байна. “Нарантуул” худалдааны төвд борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг доорх хүснэгтээс харна уу.

АЯНЫ ХӨНЖИЛ

Аяны хөнжлийн үнэ градусаас шалтгаалан нэмэгддэг. Монголд хамгийн тохиромжтой аяны хөнжил бол -10-аас -15 хэмийнх гэж “Аянчин аутфиттерс” дэлгүүрийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Энхболд хэллээ. Манай орны зун шөнөдөө -0 хэмийн хүйтэн гэдэг ч биед мэдрэгдэх хэм ойролцоогоор -5-аас -10 байдаг аж. Тиймээс нэмэх биш -10 орчим хэмийн хүйтэнд дааруулахгүй байх мешок сонгоорой. Чанартай брэндийн аяны хөнжил таван жилдээ дулаан хадгалах чанараа алддаггүй. Дашрамд сонирхуулахад, аяны хөнжлийг байнга угаахад хэцүү, нимгэрдэг тул гадуур нь зориулалтын цагаан хэрэглэл хийвэл зүгээр байдаг.

САНДАЛ

Ой хээр, байгалийн аялал зугаалга, загасанд явах гэж байгаа бол түшлэгтэй сандал тохиромжтой. Хэрэв зам зуур түр зогсож, цайлах бол түшлэггүй жижиг сандал байж болно. Аяны сандлыг сүүлийн үед улам боловсруулж, аяга хийх ууттай, ширээний жижиг тавцантай, сүүдрэвчтэй зэрэг олон хэрэглээтэй болгожээ. Сандлын үнэ 70-200 кг гэх мэтчилэн даацаас хамаарна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүс аяллаар явах гэж буй бол босож, суухад амар байх үүднээс тулгууртай, даац сайтай сандал сонгохыг Т.Энхболд зөвлөлөө.

ШИРЭЭ

Ширээг ихэвчлэн ган төмөр эсвэл хөнгөн цагаанаар хийдэг. Хөнгөн цагаан тулгууртай ширээний давуу тал нь хөнгөхөн, ган төмөр нь харин удаан хэрэглэгддэг байна. Дашрамд дуулгахад, “Нарантуул” худалдааны төв 65 мянган төгрөгийн хөнгөн цагаан ширээнд дөрвөн ширхэг жижиг сандал дагалдуулдаг.

ГРИЛЬ

Зуны байшиндаа эсвэл хашаандаа байнга байрлуулах зориулалттай том, газаар ажилладаг гриль илүү үнэтэй байдаг. Харин аяны зориулалттай бол, авсаархан, эвхэгддэг зэрэг онцлогтой бөгөөд хямдхан байна. Хийц, материалаас шалтгаалан цэвэрлэхэд тохиромжтой гриль сонгохыг “Аянчин аутфиттерс” дэлгүүрийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Энхболд аялагчдад зөвлөлөө.


САНАЛ БОЛГОХ