Цаг өөрчлөхөд организм илүү чилээрхдэг

Амьдралын хэв маяг

Цагийн өөрчлөлтөд өсвөр үеийнхэн их өртдөг

Нар наашилж, өдөр уртсах нь ажилсаг нэгэнд бол сайхан далим. Гэвч нар мандахаас өмнө ажил, сургуульдаа явах хэмнэлд гэнэт шилжих нь бидний бие махбодод маш их сөрөг нөлөө үзүүлдгийг судлаачид хангалттай судалжээ. Өөрөөр хэлбэл, өглөө унтах нэг цагаа алдах нь эрүүл мэндэд маш их эрсдэл учруулдаг байна.

Нэг цаг гэдэг их биш санагдаж мэднэ. Гэвч үүний үр дагавар юу вэ гэдгийг неврологийн профессор, Умард Каролина муж улсын Wake Forest Baptist эрүүл мэндийн төвийн нойрны хэм алдагдах төвийн эмчилгээний захирал доктор Сандия Кумар ийн тайлбарлав. Тэрбээр “Хавар цаг урагшилдаг учраас бид аль болох эрт унтаж байх хэрэгтэй. Бас хэдий хэцүү ч эрт босох ёстой шүү дээ. Яагаад гэвэл, цаг урагшилсан эхний хэдэн өдөр бид өдөр бүр 40-50 минутын нойроо алддаг” хэмээв.


                     ҮР ТОГТООХ ЧАДВАР ГУРАВДУГААР САРД ИЛҮҮ БАГАСДАГ

Өмнө нь дутуу төрсөн үр суулгуулж байсан эмэгтэйчүүд гуравдугаар сард цаг урагшлуулснаас хойших долоо хоногуудад жирэмсэн болсон бол мөн ураг хугацаанаасаа өмнө гадагшлах эрсдэл өндөр байдаг аж. “Chronobiology International” сэтгүүлийн сүүлийн дугаарт зуны цагийн хуваарьт шилжсэнээс хойш 21 өдрийн дотор үр шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүдэд дутуу төрөх магадлал жилийн бусад үетэй харьцуулахад өндөр байдаг талаар судалгаа нийтэлжээ. Судалгаагаар өдрийн хэмнэлийн өөрчлөлт нөхөн үржихүй, үр тогтоох чадварт нөлөөлдөг гэдгийг баталсан байна. Харин намар цаг ухраахад болон жилийн бусад үед эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварт ямар өөрчлөлт гардаг талаар хараахан судлаагүй. Тиймээс дээрх таамаг баталгаатай гэдгийг нотлохын тулд нэмэлт судалгаа хэрэгтэй аж.

                         ЯДАРГАА НЭМЭГДЭЖ, АЖЛЫН БҮТЭЭМЖ МУУДДАГ

Унтах цаг багасах нь ядаргаанд оруулж, ажлын бүтээмжийг эрс бууруулдаг байна. “Google”-ийн хайлтын системд “Youtube”, дүрс бичлэг, хөгжим, ESPN гэсэн энтертайнмент контентийн утгууд цаг өөрчлөгдсөний дараах эхний даваа гарагт эрс нэмэгддэг тухай мэдээллийг 2012 онд “Applied Psychology” сэтгүүл гаргажээ. Тиймээс нойрны дутагдал ажилчдыг “cyberloafing” буюу ажлын цагаар интернетийг хувийн зорилгоор ашиглах сэдлийг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлт хийсэн байна.

                                    ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ОГЦОМ НЭМЭГДДЭГ

Цаг урагшлуулснаас хойших анхны даваа гарагт зүрхний шигдээс илрэх явдал бусад 51 даваа гарагтай харьцуулахад огцом нэмэгдэж, 25 хувь болдог талаар 2014 онд “Open Heart” цахим сэтгүүлийн дугаарт нийтлэгдэж байсан юм. Энэ нь ажилдаа явна гэсэн стресстэй холбоотой байж болзошгүй. Учир нь зүрхний өвчтэй хүмүүс нойроо гүйцэд авч чадаагүйн улмаас эрүүл мэнд нь улам эмзэг болдог байна. Гэтэл намар буюу цаг буцаахад зүрхний шигдээс нь 21 хувиар багасаж байжээ.

                                         ЗҮРХНИЙ ХЭМНЭЛ ТҮРГЭСДЭГ

Зүрхний шигдээс нь цагийн өөрчлөлтийн улмаас зүрх судасны тогтолцоонд учирдаг цорын ганц эрсдэл биш. Мөн зүрхний хэмнэл нэмэгддэг байна. Тухайлбал, Финляндад хавар, намар цаг өөрчлөгдсөнөөс хойших хоёр хоногийн хугацаанд зүрхний хэмнэл найман цохилтоор нэмэгдэж байсан тухай 2016 онд АНУ-ын Неврологийн академийн жил тутмын уулзалт дээр танилцуулсан юм. Мөн хорт хавдартай хүмүүс ч жилийн энэ үед эрүүл мэнд нь тавгүйрхдэг аж. Зүрхний шигдээстэй, зүрхний цохилт түргэнтэй хүмүүсийн унтах хэмнэл алдагдах нь цусны даралт нэмэгдэх, сэтгэцийн хувьд тавгүйрхэх аюултай болдог аж.

                                     ӨСВӨР ҮЕИЙНХЭН ИЛҮҮ ӨРТӨМТГИЙ

Ахлах сургуулийн сурагчид цаг урагшлуулахад бие организмд гарах өөрчлөлтөд илүү их нэрвэгддэг гэж доктор Кумар тайлбарлав. 2015 онд “Clinical Sleep Medicine” сэтгүүлд гарсан нэгэн судалгаанд цаг урагшлуулснаар өсвөр насныханд тохиох нойрны дутагдал нь хариу үйлдэл үзүүлэх болон анхаарал төвлөрөл нь удааширч, хэдэн өдрөөр үргэлжилдэг тухай бичжээ. Өсвөр насныхны энэ эмзэг байдал хичээлээс гадна жолооны ард аюулгүй зорчиход нь ч эрсдэлд оруулдаг байна. Ерөөс өдрийн цагийг уртасгасны дараа амь насыг авч одсон авто ослын тоо нэмэгддэгийг батлах хэд хэдэн судалгаа ч байдаг аж.

                                                 ТОЛГОЙ ТАЛЛАЖ ӨВДДӨГ

Толгой таллаж өвдөх нь түгээмэл өвчин биш. Гэхдээ зовиур ихтэй. Харин улирлын энэ өөрчлөлтийн үед ийм өвчтэй хүмүүсийн өвчин улам их сэдэрдэг байна. Мөн намар цаг ухраах үеэр, эсвэл хамгийн урт, бас богино өдрүүдэд зарим хүний толгой таллаж өвдөх нь ихэсдэг аж.


                               СЭТГЭЛ ГУТРАЛЫН ОНОШ НАМАР ИХЭСДЭГ

Намар болж, эрт харанхуй болох нь хүмүүст уйтгар гуниг төрүүлж, депресст ороход их нөлөөлдөг аж. Цаг ухраасны дараа ийм сэтгэл гутралд орсон хүмүүс эмнэлэг, сэтгэлзүйчдийг зорих нь ихэсдэг тухай “Epidemiology” сэтгүүлд 2016 онд нэгэн судалгаа нийтлэгдсэн байна. “Өдөр үргэлжлэх цаг хугацааны өөрчлөлтөд таны үзүүлж буй хариу үйлдэл нь ааш зан, сэтгэл зүйд үнэхээр нөлөөлдөг. Ялангуяа улирлын өөрчлөлтөд өртөмтгий хүмүүст” хэмээн доктор Кумар тайлбарлалаа. Гэхдээ цаг урагшлуулж, ухраахад гарч байгаа өөрчлөлтийг сааруулахын тулд өглөө, өдрийн хоолны дараа, ер нь өдрийн аль ч цагт агаар салхинд байх нь эрүүл мэнд, сэтгэл зүйд тустай аж.


САНАЛ БОЛГОХ