Хүчирхийлэгч зургаан насандаа танигддаг

ЗГМ: Сэдэв

Зургаан настны зан үйлийн согог, бусдыг үл хүндэтгэсэн ааш авир тухайн хүүхэд насанд хүрсэн хойноо хүчирхийллийн болон хүчирхийлэл бус шинжтэй гэмт хэрэг үйлдэх магадлалтайг судалгаагаар тогтоолоо. Канадын Монреалийн их сургуулийн шинжээчид зургаан настайдаа зодоон хийдэг, үгэнд ордоггүй, бусдад санаа зовдоггүй, өрөвч биш хүүхэд 24 насандаа гэмт хэрэг үйлдэх эрсдэл өндөр болохыг нотолжээ.

Судалгаа хийсэн доктор Шейла Ходжинс “Medscape” эрүүл мэндийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүчирхийллийн болон хүчирхийллийн бус шинжтэй ихэнх гэмт хэргийг хүүхэд насанд нь зан үйлийн согог тогтож, насан туршид нь үргэлжилсэн цөөн хүмүүс үйлддэг. Зан үйлийн согогийг эрт оношилж, эмнэвэл хүүхэд өөрчлөгдөж эрүүл, аз жаргалтай амьдарч, нийгэмд сөрөг бус эерэг нөлөөлөл үзүүлж чадна” хэмээв.

Эхлэх цэг нь хайр, халамж. Хүүхэд эцэг, эхийн хайр, халамжаар зүрх сэтгэлээ дүүргэдэг. Хэрэв үүнийг нь дүүргэж өгөхгүй бол компьютер, гар утас, найз нөхөд гэх мэт өөр зүйлсээр дүүргэдэг. Түүнчлэн хүүхдийг зодох, бэлгийн дарамт үзүүлэх ч үүнд нөлөөлнө.

Гол нь гэмт хэргийн гаралтаас сэргийлэх замаар хүний амь болон эдийн засгийн гарз хохирлыг бууруулахад судалгааны гол зорилго оршино. Шинжээчид зодоон хийдэг, дуулгаваргүй, хичээл тасалдаг, эд зүйл эвдэлж сүйтгэдэг, хулгай дээрэм хийж, бусдыг дээрэлхдэг, бусдад буруугаа тохдог, өрөвч нинжин сэтгэлгүй зургаан настай хүүхдүүдэд тавьсан багш нарын оноог шүүжээ. Тэд Квебек дахь франц хэлтэй улсын сургуулийн харьяа цэцэрлэгт элссэн 1593 хүү, 1423 охиныг хамруулсан юм.

Тэднийг дахин судалвал 10 болон 12 насанд нь мөн л ширүүн зан ааштай гэж үнэлсэн байна. Ийнхүү шинжээчид 6-10 насандаа багшаасаа зан үйлийн согогтой гэсэн үнэлгээ авсан хүүхдүүд 12-24 насандаа гэмт хэрэгт холбогдсоныг мэдсэн аж. Зан төлөвийн асар их доголдолтой гэж үнэлсэн хүүхдүүд хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэг хийх магадлал дөрөв дахин, хүчирхийллийн бус гэмт хэрэг хийх магадлал тав дахин их байжээ. Охид ч мөн адил үзүүлэлттэй байв.


Нэрт жүжигчин Халли Берри сэтгэц, мэдрэлийн эмнэлгийн сэтгэл засалчийн дүр бүтээдэг “Gothika” хэмээх кино бий. Залуу охидыг найзынхаа хамт хүчирхийлж, шатааж амь насыг нь хохироодог хоёр этгээдийн нэгийг олж тогтоохын тулд Халли Берри сэтгэл зүйг нь тодорхойлдог. Ингэхдээ “Гэмт хэрэгтэн эцэггүй өссөн байх магадлалтай. Ээжтэйгээ дэндүү дотно байсан байх. Энэ нь яван явсаар бэлгийн гаж сонирхолтой болоход нөлөөлсөн. Хүүхэд байхдаа жижиг амьтдыг тамладаг байсан байх” зэргээр тодорхойлсон нь үнэн байдаг. Хэдийгээр энэ нь кино ч гэлээ гэмт хэрэгтнийг энэ мэтээр тодорхойлж болдог ажээ.

Хайр, халамж дутсанаас бүх зүйл эхтэй

Ийм төрлийн хүүхдийн зан чанарыг багад нь засахад тусалбал, гэр бүлийн уур амьсгал, харилцаа, сурлага, нийгмийн харилцааны хөгжил сайжирна. Хүүхдийн эмч нар хүүхдийг ажиглаж, эцэг, эхтэй нь, өөртэй нь ярилцаж зан үйлийн доголдлыг тогтоох боломжтой. Иймэрхүү зүйлс ажиглагдвал хүүхдийн сэтгэл зүйчид хандах, эцэг, эхчүүдэд зориулсан сургалтад хамрагдаж, анхаарлаа хандуулах хэрэгтэй аж.

Мэрилендийн хүүхдийн сэтгэл зүйч, анагаах ухааны доктор Майкл Броди зургаахан настай хүүхдэд гэмт хэрэгтэн болох магадлалтай гэсэн тодотгол өгвөл асуудал үүсэж мэднэ гэж үзжээ. Тэрбээр “Хүүхдийг ирээдүйд гэмт хэрэгтэн болох магадлалтай гэж тодорхойлчихоод арга хэмжээ авч чадахгүй бол зүгээр байсан хүүхдийг ч гэмт хэрэгтэн болгочихож мэднэ. Ийм төрлийн судалгаа их байдаг ч практикт буулгахад хэцүү” гэлээ.

Америкийн цуутай цуврал алуурчдын нэг Чарльз Мэнсон 17 настай Кэтлин Мэддоксийн хүсээгүй хүүхэд болон мэндэлсэн. Мэнсоны бага нас бусад цуврал алуурчдын нэгэн адил хүнд хэцүү өнгөрчээ. Түүний төрсөн эцэг нь Уильям Мэнсон гэгч байсан бөгөөд Чарльзыг зургаан настай байхад ээж нь бензин түгээгүүр рүү зэвсэгтэй халдаж, дээрэмдсэн хэргээр таван жил хоригдсон байна. Чарльз авга эгч болон түүний садист нөхрийн хүчирхийлэл, доромжлолд хэдэн жил амьдарч, энэ нь сэтгэхүйд нь нөлөөлсөн. Чарлиг сургуульд орох анхны өдөр хүргэн ах нь түүнд эмэгтэй хүүхдийн хувцас өмсгөж, шившиг болгосон байна. Энэ нь сургуулийнх нь хөвгүүд түүнийг доромжилж, зодох шалтгаан болжээ. Чарльз өсвөр насандаа хулгай хийсээр эцэст нь баригдаж хүүхдийн асрах төвд очсон. Ирсэн анхны өдрөө хүү оргож, хөвгүүдийн тусгай дэглэмтэй хорих руу шилжсэн. Тэнд байхдаа өөрөөсөө ах хөвгүүдэд хүчирхийлүүлж байлаа. Түүний бага нас үнэхээр хүнд байсан нь хүчирхийлэгч болох гол шалтгаан гэж олон хүн хэлсэн. Энэ бол кино биш бодит хүний амьдралын түүх юм.

Гэвч нөгөөтэйгүүр бага ахуй насандаа хэцүү амьдрал үзсэн хүмүүс эсрэгээрээ сайн зан үйлтэй нэгэн болж төлөвших тохиолдол ч олон. Тэд дотроо хэн нэгэн өөрийг нь ирж аврахыг л хүлээж байдаг. Харанхуйгаас өөрийгөө аварч чадсан нэгний түүхийг сонсоод тэд эерэгээр өөрчлөгддөг. Өөрийгөө засах боломж хайж байдаг. Тиймээс зан үйлийн доголдолтой гээд орхих биш, тэр хүүхдэд туслах хэрэгтэйг шинжээчид анхааруулсаар байна.


                                                          ЗГМ:ТОДРУУЛГА
                         Сахилгагүй хүүхдийг хөөх нь өвчин намдаагч уухтай адил


Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгээс хүүхдийн эсрдэлт зан үйлийн тухай тодрууллаа.


-Том болоод гэмт хэрэгтэн болох эсэхийг нь бага насанд нь тодорхойлж болдог уу?

-Хүүхдийн зан үйлд хийсэн маш олон судалгаа бий. Манай төв гурван цэцэрлэгт “Хөөсөн чихэр”-ийн судалгаа хийж хүүхэд хэр хүлээцтэй, тэвчээртэй байгааг шалгасан. Гол асуулга нь “Чи энэ нэг ширхэг чихрийг идэхгүй хоёр минут тэсэж чадвал чамд хоёр чихэр өгнө” гэсэн үг байсан. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн дийлэнх нь буюу бараг 90 хувь нь тэвчээртэй хүлээсэн л дээ. Үүнээс монгол хүүхдүүд барууныхантай харьцуулахад харьцангуй тэвчээртэйг харж болно. Урт хугацаанд авч үзвэл хүлээцтэй хүүхэд амьдралаа илүү зөв төлөвлөдөг, илүү амжилттай байдаг. Хүүхэд том болоод ямар хүн болохыг тодорхой хэмжээгээр тодорхойлж болдог.

-Хүүхэд яагаад зан үйлийн доголдолтой болдог юм бэ?

-Хүүхэд өөрөө тэвчээртэй, зөв байхыг хүссэн ч орчин нь түүнийг “Чи муу, чи сахилгагүй” гэхчлэн пайз зүүлгэвэл тэр хүүхэд нийгмийн сөрөг бүрэлдэхүүн болох магадлалтай. Байнгын дарамттай, хэрүүл зодоонтой, эцэг, эх нь архи ч юм уу бусад зүйлээс хамааралтай гэр бүлд өсөх нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Ханан дээр зурсан хүүхдийг алгадаад авлаа гэж бодъё. Тэгвэл дараа нь нэг өөр хүүхэд өөрийнх нь цаасан дээр зурвал шууд л ухамсаргүйгээр даган дуурайж, алгадах болно. Хүүхдийн тархины даган дуурайж сурах хэсэг нь маш идэвхтэй.

-Тиймээс л “Хүүхдээ хүмүүжүүлэхээр өөрийгөө хүмүүжүүл. Тэртэй тэргүй таныг дуурайна” гэдэг юм байна шүү дээ. Анги бүрт л “болж бүтдэггүй” хүүхэд байдаг. Тухайлбал, таван настай нэг хүү ангийнхаа хүүхдүүдийн чих рүү харандаа хийх гэж зүтгэсэн удаатай. Бүр янз бүрээр дэглэдэг тул эцэг, эхчүүд гарын үсэг цуглуулж тэр хүүхдийг ангиас нь хөөлгөсөн гэсэн. Энэ тохиолдолд яах вэ?

-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ цагийг чанартай өнгөрөөж, хайрлан халамжлах хэрэгтэй. Өөрөө үлгэрлэх хэрэгтэй. Гэвч эцэг, эх нь үлгэр дуурайл авахуйц биш бол тэр гэр бүлд гаднын тусламж хэрэгтэй. Энэ тохиолдолд эцэг, эхчүүд хөөхийн тулд биш уг нь сэтгэл засалчид үзүүлэхийн тулд гарын үсэг цуглуулах ёстой юм. Бид хүмүүжлийн, зан үйлийн доголдолтой хүүхдийг хараад хэзээ ч зөнд нь орхиж болохгүй. Тэр хүүхэд 20 жилийн дараа таны хүргэн болоод ирвэл яах вэ, таны хайртай охинтой нэг ажилд ажилладаг болбол яах вэ гэдэг үүднээс хандмаар байна. Гадны туслалцаа гээд тэр хүүхэдтэй сэтгэлзүйч шиг ярилцаад суухыг хэлэхгүй. Эцэг хүн, эх хүн шиг л хайрлаж, халамжлахад болно. Багш байна гэдэг амаргүй ч гэр бүл нь асуудалтай хүүхдэд анхны тусламж өгөх үүднээс, сэтгэлээсээ хандах нь зүйтэй. Түүнээс биш ангиас нь хөөх гэдэг өвчин намдаагч уухтай л адил. Хүний хувь заяа шийдэгдэх гэж байхад волейболын бөмбөг шиг “цохиж” хэзээ ч болохгүй. Тэр хүүхэд өөр ангид очно, том болоод таны хүүхэдтэй нэг нийгэмд амьдарна шүү дээ.
САНАЛ БОЛГОХ