Компьютерийг хожиж чадах ганц шатарчин

Спорт

В.Корчной Карлсеныг шатарчин гэхээсээ илүү ховсчин гэж боддогоо нуудаггүй

Бөхчүүд үе үеэрээ төрөн гардагийн нэгэн адил шатарчид ч нэгэн цаг үед өөрсдийн хаанчлалыг тогтоодог. М.Ботвинник, Б.Фишер, А.Карпов, Г.Каспаров, В.Ананд гээд л тухайн цаг үедээ ноёлж байсан домогт шатарчин олон. Харин орчин цагийн шатрын спортод Норвегийн их мастер Магнус Карлсен ноёрхлоо тогтоогоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр 2013 онд В.Анандыг хожиж, хаан ширээнээс нь буулгаснаас хойш аварга цолоо хоёр удаа амжилттай хамгаалаад байна. Ирээдүйд домог болон яригдах учиртай энэхүү сод ухаантны спортын гайхамшигтай замнал, хувийн амьдралынх нь тухай сонирхуулъя.

Тэрбээр 1990 оны арваннэгдүгээр сарын 30-нд Норвегийн Тёнсберг хотноо нефтийн компанид ажилладаг инженер мэргэжилтэй Хенрик Карлсены ганц хүү болон мэндэлжээ. Дээрээ нэг эгч, доороо хоёр охин дүүтэй Магнус хоёр настайдаа л машины маркийг ялгадаг, гуравтайдаа дэлхийн ихэнх орныг нийслэлтэй нь цээжээр мэддэг гоц авьяастай нэгэн байв. Улмаар аавынхаа нөлөөгөөр найман настайгаасаа шатраар хичээллэж эхэлжээ.

Түүний эцэг Хенрик дотоодын тэмцээн уралдаанд оролцдог, чансаагаа 2100 хүргэж байсан муугүй нүүдэг нэгэн байлаа. Харин хүү өдөрт 3-4 цаг интернэтээр блиц нүүж, онол, практикийн холбогдолтой ном судлах болсны хүчинд жилийн дараа л эцгийгээ хождог болжээ.

Хэдийгээр Норвегид шатрын чанартай дугуйлан, дасгалжуулагч байгаагүй ч түүний амжилт гэрлийн хурдаар өсч байсан болохоор эцэг, эх нь хүүгийнхээ ирээдүйн төлөө байр, машинаа хүртэл зарж, жил тойрон тэмцээн уралдаанд оролцох зардлыг нь бүрдүүлж байсан удаатай. Магнус ч гэр бүлийнхнийхээ итгэлийг алдалгүй ур чадвараа эрс дээшлүүлж, мэргэжилтнүүдийн зүгээс "Ирээдүйн дэлхийн аварга" хэмээх магтаалын үгийг үргэлж сонсох болжээ. 2004 онд Карлсен 13 нас 148 хоногтойдоо их мастерын болзол биелүүлэв. Энэ нь түүхэнд хоёрдугаарт бичигдэх амжилт юм.

Улмаар 19 нас нэг сартайдаа дэлхийн чансааг тэргүүлж, бүхнийг гайхашруулав. Жил ирэх тусам тогтмол өндөр амжилт гаргаж, 20 хүрээгүй насандаа №1 чансаанд хүрсэн түүнийг ирээдүйн аварга гэдэгт хэн ч эргэлзэхээ болив. "Deep Junior" программыг зохиогч Ш.Бушински “Компьютерийг хожихоор шатарчин төрчихсөн. Тэр бол Магнус Карлсен" гэж хэлж байжээ. Тэрбээр 2009 оны есдүгээр сараас Каспаровтой бэлтгэл хийж эхэлснээр тоглолтын түвшин нь бүр ч дээшилсэн юм. Эхэндээ үүнийгээ нууцалж байсан ч хэдэн сарын дараа олон нийтэд зарлажээ. 2010 онд түүнд дэлхийн аваргатай халз тоглох өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээнд оролцох боломж тохиосон. Гэвч залуу од тэмцээний хуваарь, зохион байгуулалтыг шүүмжлээд тоглохоос татгалзжээ. Энэ бүхний дараа түүнийг “Оддын өвчин туслаа” хэмээн шүүмжлэх болов. Үнэхээр ч зар сурталчилгаанаас жилдээ нэг сая “ногоон”-ыг өлхөн олчихдог Карлсен тухайн үед найз бүсгүйтэй болж, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулаад шатраас бяцхан хөндийрсөн гэдэг. Харин 2013 онд журам өөрчлөгдөхөд эргэн тэмцээндээ оролцохоор болсон юм. Дэлхийн аваргатай тоглох эрхийн төлөөх тэмцээнд Карлсен сүүлчийн өрөгтөө Оросын Свидлерт хожигдсоноор Крамниктай ижил 8.5 оноо авсан. Гэвч тэмцээний дотоод журам ёсоор цэвэр хожлынхоо тоогоор дэлхийн аварга Виши Анандтай тоглох эрхийг авчээ.

Хэн ч юу ч олж харахгүй байгаа байрлалаас тоглож эхэлдэг нь түүний давуу тал
Түүнийг мэргэжилтнүүд универсаль тоглогч гэж үнэлдэг. Гарааг тийм ч сайн хийдэггүй хэрнээ дунд үе, төгсгөлд алдаа бараг гаргадаггүй. Голландын их мастер Люк Ван Вели "Хэн ч, юу ч олж харахгүй байгаа байрлалаас Карлсен тоглож эхэлдэг нь түүний давуу тал" гэсэн бол ЗХУ, Испани, Латвийн нэрийн өмнөөс тоглож байсан Алексей Широв түүнийг шатрын түүхэнд Каспаровоос дутахгүй хувь нэмэр оруулна гэсэн юм. Харин их мастер Виктор Корчной Карлсеныг шатарчин гэхээсээ илүү ховсчин гэж боддогоо нуудаггүй. "Шатрын ертөнцөд ховсыг эзэмшсэн хүмүүс цөөнгүй. Тэд шатрын ухаан, арга тактикаар бус ховсоор амжилтад хүрдэг. Эдгээрээс хамгийн шилдэг ховсчид бол Михайл Таль, Магнус Карлсен, Энрике Мекинг нар юм” гэж дуртгал номондоо тэмдэглэсэн нь бий. Үнэхээр шийдвэрлэх өрөгт түүнтэй халз өрсөлдөж буй зарим шатарч давуу байдал авчихаад төгсгөлд гэнэн алдаа гаргаж байсныг Магнусын ховсдох авьяастай холбон тайлбарлагчид нэг бус, бий. Эцэст нь зарим сонирхолтой баримтаас дурдахад Карлсен 13 настайдаа түргэн тоглолтод Каспаровтой тэнцсэн байдаг. "Жаалхүү", "Викинг" зэрэг хочтой тэрбээр шатраас гадна хөлбөмбөг, цана, талбайн теннис, сагсан бөмбөг, комикс сонирхдог ажээ.
САНАЛ БОЛГОХ