Сакурагийн сүүдэртэй хүүрнэл

Амьдралын хэв маяг

Сакура цагаасаа эрт цэцэглэвэл ердийнхөөс халуун жил болдог

АНУ-ын Конгрессын нөлөө бүхий хоёр хүчин болох Бүгд найрамдах, Ардчилсан намынхан Вашингтон хотын талаар нэг л зүйл дээр санал нэгдэж чаддаг гэнэ. Тэр бол сакура цэцэглэж л байгаа бол урин цаг иржээ гэдэг маргаангүй хэмээн “Fortune” сэтгүүл хошигножээ. Гэхдээ сакура бол зөвхөн сэтгэл баясгадаг цэцэг биш. Ялангуяа Японы түүхтэй холбож авч үзвэл бүр ч түвэгтэй дүр зураг бууна.

Сакура дэлгэрэх ид үе Японы соёл уламжлалд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар ажиглагчид хэдэн зууны турш тэмдэглэн үлдээжээ. Япончууд сакураг дэлгэрч, эргээд цэцгээ гөвөх үеийг анхааралтай ажигладаг байна. Бүр бөөнөөрөө цуглаад шүү. Энэ уламжлал анх Киото хотод бүрэлдэж байжээ.

Сакура цэцэглэх нь ямар нэг зүйлийн агшин зуур, хэсэгхэн хугацаанд үргэлжлэхийг зөгнөдөг. Тиймээс ч мөнхийн зүйл гэж үгүй тул үнэ цэнийг нь байгаа дээр нь мэдэр гэсэн буддын сургаалтай зарчмын хувьд дүйдэг гэдгийг Японы түүхэн дэх уур амьсгалын өөрчлөлт ба сакурагийн хамаарлыг судладаг шинжээч Брюс Баттен тайлбарлав.

Тиймээс ч дэлхийн II дайны үед Японы эзэн хааны арми “тулалдаж байгаад үхэх нь сакурагийн дэлбээ шиг эрхэмсэг одохуйн илрэл” гэсэн ойлголттой байсан аж. Нэг ёсондоо цэргийн бэлгэ тэмдэг нь байжээ гээд дүгнэчихэд болохоор. Энэ тухай “Камиказе, Сакура цэцэглэх цаг буюу үндэстэн: Японы түүхэн дэх цэргийн гоо зүй” номын зохиогч, Висконсин их сургуулийн антропологич Эмико Онуки Тиерни хэлсэн юм. Японд дайны дараах колоничлолын үед ч сакурагийн модыг олноор тарьсан нь Япон хийгээд сакурагийн нэгдлийг улам түгээх гэсэн цэргийн бэлгэдлийн зорилготой байжээ.

1869 онд байгуулсан Ясүкүни бунханд ч цэрэг, дайчдын сүнсийг тайтгаруулахаар сакураг олноор нь тарьсан аж. Дэлхийн II дайны дараа дайны үеийн бэлгэ тэмдэг гэгдэх сакура энх тайвны бэлгэдэл болж хувирсан байна.

Гэхдээ сакура цэцэглэх үеийн соёл хийгээд түүхэнд эргэлт авчирсан хэрэг явдлын дараагаас уг цэцгийг уур амьсгалын өөрчлөлтийн илрэл гэж үзэх болжээ.

Японд сакура цагаасаа эрт цэцэглэвэл ердийнхөөс халуун, орой цэцэглэвэл сэрүүн болно гэж үздэг талаар Баттен хэлсэн байна. Тэрбээр “Модны цагариг, цэцгийн дээж, шүр зэргээр тогтоосон шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг сакурагийн цэцэглэх үе ч мөн батладаг. Японд ажиллаж буй 30 жилийн хугацаанд сакура цэцэглэх үе жилээс жилд наашилж байна. Энэ бол манай гараг халуун болж байгааг илтгэх ойлгомжтой нотолгоо” хэмээв.

Сакура үнэхээр хавар цагийн уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлдгийг батлах хэд хэдэн томоохон судалгаа бий. Био цаг уурын болон уур амьсгалын олон улсын сэтгүүлд судлаач Ясуюки Аоно, Шизүка Сайто нар 224 жилийн гуравдугаар сарын цаг агаарын температурыг сакура цэцэглэх үетэй харьцуулсан судалгааг нийтлүүлжээ. 224 жилээс 51 жилийн суурь мэдээллийг өмнө нь ямар нэг судалгаанд ашиглаж байгаагүй аж. Судалгааг аваад үзэхэд 1330 оноос хойш түүхэнд дөрвөн л хүйтэн үе тохиосон нь 1330-1350, 1520-1550, 1670-1700 болон 1825- 1830 он байжээ. Харин 1981 онд дөрөвдүгээр сарын 9-нд бүрэн цэцэглэж байсан Токиогийн сакура 2015 онд 12 өдрийн өмнө дэлбээлжээ. Гэтэл энэ үед агаарын температур цельсийн 1.3 градусаар нэмэгдсэн байна.

Мөн Вашингтонд ч 1921 оноос хойш сакура дэлбээлэх хугацаа таван өдрөөр наашилсан бөгөөд 1946 оноос хойш агаарын температур цельсийн 1.6 градусаар нэмэгдсэн аж.

Вашингтон хот дахь сакура энэ жил ч гэсэн эрт цэцэглэх төлөвтэй байгаа бөгөөд цаг агаар огцом хүйтэрвэл тал хэсэг нь цагаасаа эрт одно гэсэн үг. Гэхдээ энэ жилийн цаг агаарын нөхцөл байдал цэцэглэх хугацааг яг таг тогтооход хүнд байгаа хэдий ч дөрөвдүгээр сарын 4-нөөс хэтрэхгүй аж.
САНАЛ БОЛГОХ