Э.Тод-Од: Хаа хүрэхээ мэдэхгүй ч эхлүүлээд үз
Залуус
Сониуч зандаа хөтлөгдөж энэ талаар судалж эхэлсэн
Аливаа зүйл энгийн хэрнээ агуу хэмээх үг байдаг. Хүн мэддэг юм шиг хэрнээ нарийн мэдэхгүй зүйл амьдралд олон бий. Яг түүн шиг монголчууд дээр, доргүй хамгийн их улстөржиж, төрийн байгууллагыг шүүмжилдэг. Харин яг цагаа тулахаар тухайн байгууллагын үйл ажиллагааны шатлал, эрх үүргийн хүрээ гээд цэгцтэй мэдээлэл өгөх эх сурвалж байхгүй гэхэд болно. Тэгвэл яг эрэлтийг олж харж, “Монгол Улсын төрийн тогтолцооны товч нэгтгэл” хэмээх 544 хуудастай номыг эмхэтгэсэн Э.Тод-Одтой бид ярилцлаа. Тэрбээр “KPMG” компанийн Зөвлөх үйлчилгээний ахлахын ажилтай. Ажил, амьдралдаа гялалзахын сацуу сонирхлоороо ийнхүү ном бичжээ.
-Номоо бичихэд хэр их судалгаа, хэр их цаг зарцуулсан бэ?
-Яг 20 сар сууж, ойролцоогоор 2000 цаг зарцуулсан. Төрийн захиргааны тухай мэдээлэл бүхий нээлттэй эх сурвалжуудыг судална гэдгээ анхнаасаа мэдэж байсан. Монгол Улс 600 орчим хуультай. Түүнээс 200 гаруйг нь уншиж судлах хэрэг гарсан. Түүнчлэн Засгийн газрын тогтоол, сайд нарын тушаал, бас бус дүрэм журам, хөтөлбөр гэх мэт мэдээллүүдэд үндэслэж эмхтгэлээ гаргасан даа.
-Хаалттай эх сурвалж ч юм уу, олоход хүндрэлтэй материал байсан уу?
-Байлгүй яах вэ. Би анх Хил хамгаалах ерөнхий газрын бүтцийг олох гэж хүмүүсээс асууж, сураглаад янз бүрээр л үзсэн. Харин сүүлд нь Хил хамгаалах болон Тагнуулын ерөнхий газрын бүтцийн мэдээллийг төрийн нууцын ангилалд багтаадгийг олж мэдсэн юм. Тиймээс эмхтгэлдээ ч багтаагаагүй.
-Ийм эмхтгэл хэрэгтэй юм байна гэсэн санааг анх хаанаас авсан бэ?
-Би Америкт ерөнхий болон дээд боловсрол эзэмшиж магистрын зэрэг хамгаалсан. Олон орны хүмүүстэй харилцаж, түүнээсээ юм сурч авдгаараа давуу талтай ч Монгол Улсын төрийн тогтолцоо, бүтэц, ажил ямар шатлалаар, яаж явагддаг тухай мэдэхээ больчихдог юм билээ. Тэндээс л асуулт ургаж, үүнээс л сониуч зан эхэлсэн. Зурагтаар хүртэл нам, фракц, бүлэг гээд ярихаар ойлгохгүй байсан тул өөртөө “За энэ ямар учиртай юм бол, тэр ямар зорилготой юм бол. Эдгээрийг судалж үзье” гэж бодсон.
-Яагаад ном болгоход хүрэв?
-Бие даан судалж, яваандаа найзууд, ойр тойрныхоо хүмүүст ярьж өгдөг байв. Тэд “Чи наадахаа цаасан дээр буулгаад тайлбарлаад өгөөч”, “Ер нь ном болговол яасан юм бэ” гэх мэтээр сэдэлжүүлсэн гэхэд болно. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар гэж эхлээд ер нь дуусгах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Ямар ч байсан номондоо Монгол Улсын төрийн байгууллагуудыг бүгдийг нь багтааж өгөхийг хичээсэн.
-Энгийн хүн байтугай төрийн байгууллагад ажилладаг, мөн энэ чиглэлээр суралцаж байгаа хүмүүс дунд ч төрийн тогтолцоог сайн мэддэггүй хүн таарах нь бий. Тиймээс иргэдэд энэ ном гарын авлага болж чадах юм шиг санагдлаа.
-Харин ч зөв хэллээ. Гарын авлага, ширээний ном нь болоосой гэж би бодож байгаа. Харри Поттер ч юм уу, Гэсэр, Жангар шиг нэг авчихаараа тавьж чаддаггүй ном биш ч тухайн төрийн байгууллагатай холбоотой мэдээллийг товчоор ойлгож болох ширээний ном нь болох болов уу. Миний зорилтот хэрэглэгчид анх Монгол Улсын нийт иргэд байсан. Сүүлд сонсох нь ээ, хуулийн сургуулийн оюутнууд ашиглаад эхэлчихсэн гэсэн.
-Нэвтэрхий толь л юм чинь цаашдаа цахим хувилбарт шилжүүлэх санаа байгаа биз дээ?
-eBook, Kindle-д зориулж гаргаач гэсэн санал цөөнгүй ирж байгаа. Болохгүй зүйл байхгүй ээ.
-Төрийн тогтолцооны тухай өөр ном, эмхтгэл байдаг уу?
-Миний судалж мэдсэнээр бол байхгүй. Магадгүй хэн нэгэн ноорог байдлаар биччихээд хэвлүүлээгүй байхыг үгүйсгэхгүй.
-Номоо бичиж байхад Монголын төрийн тогтолцооны алдаа дутагдалтай тал ажиглагдсан уу?
-Би номынхоо мэдээллийг цуглуулаад явж байхад эх сурвалжуудаас бас яг ийм асуулт ирсэн л дээ. Гэхдээ би дөнгөж л эхэлж байна. Хүн мэдэхгүй зүйлээ их шүүмжилдэг. Магадгүй би цааш нь судлаад ирвэл “Одоо байгаа нь зөв юм даа” гэж бодож болох юм. Тиймээс ийм асуултад үргэлж л “Хариулахад эрт байна” гэж хэлдэг. Ажиглагдсан зүйлс байгаа ч хэлэхэд эрт байна. Харин эсрэгээрээ, би номынхоо талаар шүүмж сонсохыг хүсдэг. Миний хамгийн их хүлээж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан. Тэр хүн их мундаг, гэхдээ дэндүү даруухан хүн шиг санагддаг юм. Хүн аливаа зүйлийг сонирхож судлаад мэдлэгтэй болно, нарийн судалбал мэргэжлийн болно. Тэгсэн хойно “Энэ миний салбар” гэхтэйгээ болох байх. Хуулийн салбарыг өөрийн болгож авсан Д.Лүндээжанцан гишүүнээс байр суурь, шүүмжийг нь сонсвол тэр миний хувьд маш хүндтэй хэрэг байх болно.
-Шантрах үе байв уу?
-Юта Валлигийн их сургуульд бакалаврын зэрэг хамгаалж байхдаа хичээлийнхээ зав чөлөөгөөр эмийн үйлдвэрт дагалдан ня-бо хийдэг байсан. Дараа нь Америкт нягтлан бодогчийн сургалтаар хоёрт бичигддэг Иллинойсын их сургуулийн Урбана-Шампейн дахь сургуульд магистр хамгаалсан. Өрөөн дотор байгаа хамгийн мангар хүн нь би юм шиг мэдрэмж байнга төрдөг байлаа. Ээж, аав минь намайг долоо, наймтай байхад л “Хүн ихийг мэдэх тусмаа бага мэддэгээ ухаардаг” гэж хэлж билээ. Бас Америкт хамт ажилладаг хүмүүс ч “Хамгийн тэнэг нь байх өөрт ашигтай шүү дээ. Хүн бүрээс нэг зүйлээ мэдэж аваад, асуугаад байвал нэг мэдэхэд чи тэднээс ч илүү болсон байж мэднэ” гэж байсан. Номоо бичиж байхад ч хана мөргөх үе зөндөө байлаа. Гэвч айдас биш, мөрөөдлөө дагавал хүссэн үр дүндээ хүрнэ.
Эх орондоо юу өгч чадах вэ гэдгээ асуух хэрэгтэй
-Залуу хүн бүрт л тохиодог үе байх гэж би боддог. Их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан хэчнээн омголон байдаг билээ. Төгсөх дөхөөд ямар даруу болдог вэ. Тийм үед залуучууд нөөц бололцоотой ч “За би ямар юмаараа ном бичдэг юм” гээд хойш суудаг байх. Тэдэнд өгөх таны зөвлөгөө юу вэ?
-Тэгэлгүй яах вэ. Өөрийгөө голох үе хэнд ч бий. Гэхдээ тэр үедээ гацаад үлдчихэж болохгүй. Хаа хүрэхээ мэдэхгүй ч эхлүүлээд үз гэж зөвлье. Тэгсэн хойно саад бэрхшээлийг давж, мэдэхгүйгээ олж мэдэхийг эрмэлздэг. Тууштай байвал шанг нь заавал хүртэнэ. “Улс орон тань танд юу хийж өгч болохыг биш та эх орныхоо төлөө юу хийж чадахаа асуу” гэж Жон.Ф.Кеннеди хэлсэн байдаг. Бид яагаад асуудал биш, шийдлийнх нь нэг хэсэг байж болохгүй гэж.
-Залуу хүн ажил эхлүүлэхэд бэрхшээл зөндөө. Ялангуяа, хэн нэгэнтэй, багаараа ажиллаж байгаа бол бүр ч хэцүү. Хаана очоод гацах бол, юу алдах бол гээд янз бүрийн л айдас байдаг. Танд ямар байв?
-Америкт сурсан маш чухал чадваруудын нэг бол багаар ажиллах. Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, цаг баримталдаггүй гэж хүмүүс ярьдаг. Миний бодлоор хаа газар л ийм хүмүүс байдаг. Зөвхөн монголчуудын чанар биш. Одоо бол би багийн тоглолтыг илүүд үздэг.
-Гадаадад сураад төгссөн хүн давуу талтай гэж та хэллээ. Явсан зорилгоо биелүүлсэн бол эх орондоо ирж, хөгжилд хувь нэмрээ оруулах нь зөв гэж та боддог уу?
-Харьцангуй ойлголт л доо. Тэнд үр хүүхэдтэй болж, тэднийхээ төлөө өдөржин дуртай, дургүй ажил хийж байгаа хүмүүс бий. Энд хэчнээн их ажилласан ч байр, их сургуулийн төлбөр цуглуулах боломжгүй. Улаанбаатар хотын цалингийн дундаж хэмжээ нэг сая төгрөгт ч хүрэхгүй байна шүү дээ. Тэр хүмүүстэй уулзаж, юуны төлөө, яаж зүтгэж байгааг нь хараад өөрийн эрхгүй ойлгож, тэдний оронд байсан бол ижил шийдвэр гаргах байсан байх даа гэх бодол төрдөг. Харин над шиг ганц бие залуучууд бол хувь нэмрээ эх орондоо оруулаасай л гэж хүсдэг дээ. Надад эргээд Америк явах хүсэл одоогоор алга. Энд хийх зүйл маш их, өөрийгөө хөгжүүлэх орон зай ч бий.
-Залуу хүн шүү дээ, та. Чөлөөт цагаа өөртөө зориулж, хоббитой байх цаг гаргаж байгаа юу?
-Би сур харваа их сонирхдог. Сурын зурхай дээр харвахыг хүсэж байна. Сур харваа бол монголчуудыг дэлхийн талыг эзлэхэд тусалсан агуу чадвар. Морин дэл дээр, эргэж хараад эрхийгээрээ харвана гэдэг бол гайхалтай. Би тэгэж үзэхийг мөрөөддөг.
-Таныг мөрөөдөлдөө хүрээсэй гэж хүсэж байна. Ярилцсанд баярлалаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй