“Bayern Munchen” клуб БНХАУ-д салбараа нээлээ

Спорт

Германы “Bayern Munchen” клуб БНХАУ-д салбар оффисоо нээсэн Европын анхны хөлбөмбөгийн клуб боллоо. Тус клубийн Гүйцэтгэх захирал Карл-Хайнз Румменигге энэхүү үйл явдлыг цагаа олсон шийдвэр гэж тодотгосон байна. Европын хөлбөмбөгийн гигант “Bayern Munchen” клубийг дэмждэг 136 сая үнэнч хөгжөөн дэмжигч БНХАУ-д байдаг бөгөөд энэ нь ХБНГУ-ын нийт хүн амын тооноос ч давсан дүн ажээ. “Bayern Munchen” клуб БНХАУ-д салбар оффисоо нээснээр тус улсын томоохон компаниудтай спонсорын болон хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулах боломж нь улам нэмэгдэж байна.

“Bayern Munchen”-ээс гадна “Manchester United”, “Barcelona” зэрэг томоохон клубүүд, мөн Азийн хөрөнгө оруулагчдыг ихээр сонирхож байгаа аж. Энэ хүрээнд эдгээр клубүүд Хонгконгт аль хэдийн салбар оффисоо нээгээд байна. БНХАУ-ын Засгийн газар хөлбөмбөгийн спортыг үндэсний түвшинд хөгжүүлэх томоохон зорилт тавиад байгаа нь сүүлийн жилүүдэд энэхүү спортод оруулах хөрөнгө оруулалтыг асар ихээр нэмэгдүүлж, дэлхийд тэргүүлэх эгнээнд бичигдэхэд хүргээд байгаа юм.

2016 оны дүнгээр БНХАУ-ын хөлбөмбөгийн дээд лиг “China Super Leаgue”-ийн клубүүд гаднын тамирчдыг худалдан авахад 451 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ нь 2015 оныхоос бараг гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн гаднын тамирчдад их хэмжээний цалин амлаж, зах зээлд үнийн хэт хөөргөдөл бий болгож байна гэх шүүмжлэлийг ч дагуулах болжээ. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өөрийн улсаа хөлбөмбөгийн спортоор тэргүүлэгч болгохоор зорьж байгаа юм.




САНАЛ БОЛГОХ