Авлига анхаарлын төвд

Мэдээ

"Монгол Улс буруу чигт явж байна" гэж дүгнэв

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа явуулсан судалгаагаар иргэдийн дундах өөдрөг үзэл одоо буурч, эдийн засгийн хүндрэл, авлигын талаарх олон нийтийн зовнил үргэлжилж байна. Энэ тухай Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн судалгааны төвөөс явуулсан тандах судалгааны дүн харуулжээ.

Энэ удаагийн судалгаагаар өөдрөг үзэл, хөөрөл зогссон, Монголын Засгийн газар юуны түрүүнд ард түмнийхээ санаа зовоосон асуудлуудыг шийдэх бодлого боловсруулж, шийдвэртэй ажиллах ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Судалгааны дүнгээс харахад, “Монгол Улс буруу чиглэлд явж байна” гэж хариулсан иргэдийн хувь хэмжээ өмнөх судалгаанаас 10 нэгжээр өсч, 54 хувь болсон байна. "Монгол Улс буруу чиглэлд явж байна" гэж хариулсан иргэдийн 39 хувь нь эдийн засгийн тогтворгүй байдал, орлогын тэгш бус байдлыг шалтгаанаар нь нэрлэжээ. Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал тааруу гэж нийт оролцогчдын 82 хувь нь хариулсан бөгөөд энэ нь иргэд эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байсаар байгааг илтгэж байгаа юм.

Энэ талаар Канад улсын Элчин сайд Эд Жэйгэр “Энэхүү судалгаа нь УИХ-ын эхний 100 хоногт хийсэн ажлыг иргэд олон нийт хэрхэн хүлээн авч байгаа дэлгэрэнгүй судалгаа юм. Тандалтын судалгаа нь Канад улсын Засгийн газраас дэмжин хэрэгжүүлж буй гурав дахь судалгаа. Яагаад Монголд энэ судалгааг хийх болсон бэ гэвэл хоёр улсын хоорондын ардчиллын үнэт зүйлийг дэмжиж хөгжүүлэхэд оршиж байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн сонгуулийн оролцоог дэмжиж ирсэн төсөл, хөтөлбөрүүдийг ихээхэн явуулж байгаа. Энэхүү төсөл нь бүх намд байгаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжиж байна. Канад улсад нийт гишүүдийн 88 нь эмэгтэй гишүүд байдаг. Энэ нь дэлхий нийтээр тогтоосон жендерийн харьцааны 30 хувьд дөхөж очсон үзүүлэлт. Одоогийн байдлаар Монгол Улсад эмэгтэй улстөрчдийг дэмжих явдал нэмэгдэж байгаа гэж харж байна. Тоо ингэж өссөн нь энэхүү судалгааны үр дүн” гэв.

Харин Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Ашлэй Вэйлэн “Өнгөрсөн удаагийн судалгаагаар эдийн засгийн чанартай асуудлууд буюу ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлт гэсэн асуудлуудыг Монголын хамгийн том тулгамдал гэж үзэж байсан. Энэ судалгааны ололт нь зарим хүн агаарын бохирдол болон гадаад өрийг хамгийн тулгамдсан асуудал гэж үзсэн нь сонирхолтой байна. Ерөнхийдөө судалгааг хийснээр нийгэмд маш олон үр нөлөөтэй гэж итгэдэг. Тухайлбал, олон нийт, эрх баригч, бодлого гаргагчид мэдээлэл олж авдаг. Ард түмэн юуг хүсч, чухалчилж, санаа зовж байна вэ гэдгийг аль аль талдаа мэдэж авдаг. Судалгааны давтамжийн хувьд, бидний зүгээс дор хаяж зургаан сар тутамд нэг удаа судалгаа хийхийг зорьж байгаа. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин нэг судалгаа явуулна. Үүний дараа судалгааныхаа давтамжийг тодорхойлно” гэлээ.

Судалгаанд Улаанбаатар хот болон 13 аймгийг хамруулж, дүүрэг болон сумдаар бүсчилсэн байна. Түүнчлэн суурин болон алслагдсан орон нутгийн иргэдийг хамруулан судалгааг гүйцэтгэжээ.
САНАЛ БОЛГОХ