Өдгөө хамаарах урд тэнхлэгтэй бат бөх жийп цөөрч дээ. Харин үлдсэн цөөн хэд нь үеэ өнгөрөөсөн үлэг гүрвэл үү, эсвэл үнэ цэнээ алддаггүй өв сахигч уу.
ХЭНИЙХ НЬ ДОМОГ ИЛҮҮ ГОЁ БАЙНА
76 жилийн түүхтэй Jeep маркийн анхны Willys Overland 1941 оны долдугаар сарын 23-нд мэндэлсэн боловч албан ёсны түүхэн замнал нь 10 жилээр хоцорч, 1950 онд эхэлсэн юм. Өнгөрөгч 65 жилийн хугацаанд бүх дугуй нь хөтлөгчтэй энэхүү дайчин эрийн гадна төрх үндсээрээ өөрчлөгдөж, армийн болхи ясан хэдрэг байсан Willys туулах чадвар сайтай ард түмний тохилог унаа болж хувирчээ.
Nissan Patrol мөн ялгаагүй 65 жилийн түүхтэй автомашин. Гэхдээ Jeep-тэй харьцуулбал армитай огт холбоогүй энэ автомашиныг фермийн аж ахуй болон барилгын ажил эрхэлдэг компанид түлхүү хэрэглэдэг байв. Үүнээс 10 жилийн дараа буюу 1961 онд үйлдвэрлэгч нь одоогийн загвартай төстэй, илүү тохилог хувилбар зохион бүтээж, хэд хэдэн загвар сольсноор 1998 оноос өнөөгийн Patrol-ийн эрин үе эхэлсэн юм.
БҮТЭЦ
Газар сайгүй явагч жинхэнэ автомашин нь нэн түрүүнд хамаарах тэнхлэг, раамтай байдгаараа онцлогтой. Гагцхүү энэ хослол автомашины эдэлгээний хугацааг тодорхойлдгийг 65 жилийн туршлага нотолно. Урд хойноо мосттой, намхавтар Nissan Patrol-ийн тэнхлэгийн явдлыг үл хамаарах тэнхлэгтэй зүйрлэх юм биш. Тэгээд ч эд ангийг хангалттай сайн хамгаалсан. Ямар ч илүү дутуу резинэн сальник, өндгөн тулгуургүй, бүх юм нь энгийн хийцтэй, дан төмөр. Хойно автоматаар салдаг хөндлөн тэнцүүлэгчтэй болохоор ганц товчлуураар хойд тэнхлэг нь санаанд оромгүйгээр хол явна. Овор хэмжээний хувьд Cherokee-ийг бодвол Patrol бараг хагас метрээр урт, 100 мм-ээр өргөн болохоор гурван эгнээ суудалтай, цолоочийн суудлууд нь төстэй ч Nissan-ийх нэг толгой өндөр.
САЛОН
Аль аль нь цахилгаан хүчлүүр болон халаагуураар тоноглосон савхин бүрээстэй суудал, урд самбар болон рулийн модон оруулга, агааржуулагчийн автомат удирдлага, чанартай аудио системтэй. Гэхдээ ерөнхий хийцийн хувьд Jeep нь арай давуу. Тодруулбал, таазандаа компьютертай, агааржуулагчийн тусдаа удирдлагатай, салхины шилэн дээрээ бороо мэдрэгчтэй. Мэдээж Jeep-ийн удам угсаа учраас тоног сайн авна. Хажууд нь Nissan Patrol-ийн салон хамаагүй том харагдах мөртлөө жолоочийн суудлыг өндөр биетэй хүнд зориулж хийсэнгүй. Суудалдаа суусан жолооч рулидээ наалдах шахам ойртох хэрнээ санаснаараа холдож чадахгүй. Гэхдээ бүгд бишээ, 190 см-ээс өндөр биетэй, бас урт хөлтэй хүмүүс л энэ зовлонг амсана.
ШУЛУУН БА БАРТААТ ЗАМААР
Ингээд бидний бэлтгэсэн маршрутын дагуу туршилтыг Grand Cherokee түрүүлж эхлүүлэв. Нарийн замаар ихэд тохилог, ганц гэм нь хэт их эргэлтийн радиусаас болж зогсоолд байршуулахад бага зэрэг эв хавгүй. 200 мориноос илүү автомашин биш л бол гэрлэн дохион дээрээс хэнийг ч ардаа орхино. Хурдны хайрцаг нь хоёр хоёрдугаар араатай. Эхнийх нь энгийн горимоор хурдлах үед харин нөгөөх нь тултал хаазлахад ажиллагаанд орно. Шатахуун зарцуулалтыг багасгах зорилгоор зохион бүтээгчид ийнхүү их өвөрмөц шийдэлд хүрснийг онцлох нь зүйтэй байх.
Grand Cherokee шулуун замаар 100-д 12 литр шатахуун зарцуулж, хурдлах тусам лимузин шиг улам тохилог, дуу чимээ багатай болдог. Жолооч болон зорчигчид хурд түгжигч, агааржуулагчийн тусдаа удирдлага, CD changer-тэй аудио системээр зугаацаж явах боломжтой. Эдгээрийг ажиллуулахад ном шагайх шаардлагагүй, бүх юм нь ойлгомжтой.
Харин мушгирсан замаар 130-тай давхихад рулийн үйлдэл нь хоцорч, долгионтой зам дээр кузов нь найгана. Гэхдээ 180 км/ц зовлонгүй хүрч байхыг бодвол хөдөлгүүр нь овоо юм. Шулуун замд байдал хамаагүй дээрдэж, дураараа хурдалж болно. Руль нь ч ойлгомжтой, шуурхай, үйлдэлтэй болж эхэлнэ. Огцом тоормослоход тоормосны хүчийг хуваарилдаг ABS систем тусална.
Nissan Patrol-ийн жолооны ард суухад өргөн гудамж ч нарийн санагдана
За, бартаат зам руу гарцгаая. Юм бүхэнд яг л пионер шиг хэзээд бэлэн Grand Cherokee-ийг бартаат замын тулаанд урьдчилан бэлдэж тордох шаардлага алга. Энгийн горимоороо эргүүлэх хүчний дэйлэнх хэсгийг хойд дугуйнд дамжуулдаг Quadra Drive II систем нь шаардлагатай тохиолдолд нүд ирмэх зуур хамаг хүчээ урд мост руу шилжүүлнэ. Үүнээс гадна автоматаар түгжигддэг дифференциалын ачаар хий эргэх дугуйнуудын ядаж нэг нь гадаргууг зуураад авбал мацаад явчихна.
Энгийн замд зориулсан дугуйгаараа шаварлаг болон мөстсөн хөрстэй өгсүүр газраар хөнгөхөн гарчихна. Харамсалтай нь саадыг туулах өнцөг бага тул шороон замын овгор хэсгээр явахад хүндрүүлэгчийн хамгаалалт юу юугүй газар шүргэдэг. Үүн дээр нэмээд тэнхлэг нь хангалттай явдаггүй учраас хурдтай давхих үед замын овгор хэсгийг нь аль болох тойрч гарах хэрэгтэй. Дүгнэлт, Cherokee хар замын эвдрэлийг хөнгөхөн туулчихдаг хэрнээ гүнзгий нүх таарвал буугаад өгдөг.
Nissan Patrol-ийн жолооны ард суухад өргөн гудамж ч нарийн санагдана. Өргөсгөсөн дугуйн баазтай болохоор давчуу замаар болгоомжтой явахаас өөр аргагүй. Динамик сайтай хэдий ч хөдөлгүүр нь энэхүү 2.5 тонн аварга тэргийг уралдааны автомашин болгож чадна гэдэг юу л бол. Гэхдээ ийм том овор хэмжээтэй гэхэд манёвр нь давгүй шүү. Шулуун замаар 150 км/ц түвэгшээлгүй давах ч үүнээс дээш хурдлаад ирэхээр бага зэрэг хүндрэлтэй тулгарна. Уг нь амортизатор нь зөөлөн гэж бодож байсан чинь нүх таарах бүрт дотор яваа хүмүүсийг хөөрхөн сэгсчиж байлаа. Харин жижиг сажиг замын эвдрэлийг 275/70R16 дугуйгаараа дажгүй туулчихна шүү.
Одоо бартаат замаар явж үзье. Тэнхлэг хоорондын дифференциалгүй Nissan засмал замаар дөрвөн дугуйн хөтлөгчөөрөө явж болохгүй учраас замд гарахаас өмнө урд мостыг холбохоо мартуузай. Шатахуун хэмнэнгээ УАЗ- ийн жолооч нар шиг суудал дээрээ дэвхцэж явмаар байвал урд дугуйн муцтыг салгаж болно. Бартаат замаар бүрэн дайчилъя гэвэл бууруулах дамжуулгаа холбож байгаад хойд дифференциалыг хүчээр түгжинэ. Иймд Nissan-ий тэнхлэг нь хангалттай явдгаас гадна газраас өндөр болохоор Grand Cherokee-ийн чадаагүй бартааг хөнгөхөн туулчихна.
ААВДАА АДУУ МАНАХЫГ ЗААНА
Туршилтын эцэст Jeep Grand Cherokee явдал сайтай, халтиргаа ихтэй замаар жолоодлого нь дажгүй болохоо баталлаа. Nissan Patrol-ийн хувьд динамикаараа илт гологдож байсан ч багтаамж болон туулах чадвар зэргээрээ яалт ч үгүй илүү.
Ер нь Grand Cherokee-ийг BMW X5-тай өрсөлдөж чадахуйц хурдтай кроссовер уу эсвэл Willys-ийн алдар сууг үргэлжлүүлж яваа газар сайгүй явагч уу гэдгийг шууд хэлэхэд хэцүү. Хажууд нь Nissan Patrol-ийн хөдөлгүүр нь хүчирхэг байх агаад дуу чимээ багатай, динамик сайтай гэсэн шинжээрээ хэрэглэгчдийн сэтгэлд бүрэн нийцдэг аж.
Бензин зарцуулалтын тухайд ярихад энэ машиныг ийм их хэмжээний мөнгөөр авч чадсан хүн хэдэн арван мянган төгрөгөөр банкаа дүүргэж чадаж л таарна. Бусдаараа хэр ч Patrol- ийн бартаа туулах аашийг дийлж чадахгүй, амлая.