“Исламын улс” халдлага үйлдсэнээ хүлээв

Мэдээ

Их Британийн Парламентын ордны гадна болсон халдагыг “Исламын улс" бүлэглэлийн гишүүн үйлдсэн гэж тус бүлэглэл өөрсдийн "Aamaq" агентлагаараа пүрэв гарагт мэдээлжээ. Харин Их Британийн мөрдөх албаныхан Лондонд болсон террорист халдлага үйлдсэн этгээд хэн болохыг тогтоосон байна. Их Британид төрсөн 52 настай Халид Масуд гэгч этгээд энэхүү халдлагыг үйлдсэн гэж цагдаа нар мэдэгджээ. "Хэт туйлшрал, болзошгүй хүчирхийлэлтэй холбоотойгоор Их Британийн аюулгүй байдлын алба түүнийг өмнө нь мөрдөж байсан" талаар Ерөнхий сайд Тереза Мэй онцолсон байна. Үүнээс гадна цагдаагийн албан хаагчид Лондон, Бирмингем хотоос гурван эмэгтэй, таван эрэгтэй хүнийг энэ халдлагад оролцсон байж болзошгүй гэж үзэн баривчилжээ. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон лхагва гарагт Лондонд болсон халдлагын талаар болон "АНУ, Их Британийн Засгийн газар терроризмын аюулаас урьдчилан сэргийлэхэд илүү нягт хамтран ажиллана" гэж мэдэгдсэн байна.

Борис Жонсон "Их Британи болон АНУ-ын Засгийн газар, аюулгүй байдлын албад хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Гаднын иргэдийг нэвтрэхэд бид анхаарал хандуулдаг учраас хяналт шалгалт явуулдаг. АНУ, Их Британи энэ асуудалд өөр өөрсдийн гэсэн системтэй байх нь зөв гэж би үзэж байна. Терроризмын аюул заналхийлэл учрах үед бид хамтран ажиллах болно. Бидэнд хохирол учруулж болохуйц хүмүүсийн төлөвлөгөөг нураахын тулд тэдний талаарх мэдээллийг бид харилцан солилцоход ажиллах болно" гэж онцолжээ. АНУ тэргүүтэй холбоотнууд 2014 оноос хойш “Исламын улс” бүлэглэлтэй тэмцсээр ирсэн юм. Харин энэхүү террорист бүлэглэл эдгээр орнуудын иргэдийн эсрэг халдлага үйлдэхийг дэмжигчдэдээ уриалж байжээ.

Үүнээс гадна террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Трафалгар талбайд болсон арга хэмжээнд олон зуун хүн оролцжээ. Энэ үеэр Лондон хотын захирагч Садик Хан "Терроризм Лондон хотын иргэдийг айдаст автуулж чадахгүй" гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Лондон хотын Парламентын ордны ойролцоо болсон террорист халдлагад ХБНГУ нэгдмэл байдлаа харуулах зорилгоор Берлин дэх Бранденбургийн хаалгыг пүрэв гарагт Их Британийн Төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.



САНАЛ БОЛГОХ