Chalco: Цэвэр ашиг 2.7 дахин нэмэгдэж, 58.5 сая ам.доллар болсон

Мэдээ

"Chalco" компани 2016 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд компанийн орлого, ашиг нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2016 онд "Chalco"-ийн орлого жилийн өмнөхөөс 16.68 хувиар өсөж, 144 тэрбум юань болсон байна. Өөрөөр хэлбэл, компани хоёр жил дараалан ашиг нь өссөн дүнтэй ажиллажээ. Энэ нь түүхий эдийн ханш, тэр дундаа металлын ханш өссөнөөс гадна компани зардлаа танасантай холбоотой. БНХАУ-ын төрийн өмчит "Chalco" компанийн хувьд хөнгөн цагааны үйлдвэрлэлээр тэргүүлдэг, 2016 оны цэвэр ашиг 402.5 сая юань буюу 58.5 сая ам.долларт хүрчээ. Энэ нь жилийн өмнө 148.6 сая юань байсантай харьцуулахад 2.7 дахин нэмэгдсэн байна. Компани санхүүгийн тайландаа "Ашиг өссөн нь үйл ажиллагааны үзүүлэлтүүд сайн байсантай холбоотой. Үүний ачаар үйлдвэрлэлийн зардлаа бууруулж чадсан. Хөнгөн цагааны хүдэр олборлох зардлаа л гэхэд 12 хувиар бууруулсан" гэж онцолжээ.

Металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын дэд бүтцийн төслүүд болон олон улсын хэмжээнд үйлдвэрлэл буурч байгаа зэргээс хамаарч 2016 онд хөнгөн цагааны ханш 10 гаруй хувиар өссөн. Энэ байдал 2017 онд ч үргэлжилж байна. Ийнхүү зах зээл сэргэхтэй зэрэгцэн "Chalco" Гуйжоу мужид хэрэгжүүлэх нийт 3.9 тэрбум юанийн хамтарсан төсөлд 700 сая юанийн хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Ямартай ч компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт зах зээлд эерэг дохио өгч, пүрэв гарагийн арилжаа хаагдах үед Хонгконг дахь хувьцаа нь 1.3 хувь, Шанхайд 1.04 хувиар тус тус чангарсан. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Монгол Улс "Chalco"-д төлөх өрөө энэ сардаа багтаан бүрэн барагдуулж дуусна" гэж мэдэгдсэн. Ерөнхий сайдын хувьд хэлсэн мэдэгдлийнхээ үеэр "Chalco"-ийн өрийг энэ сард багтаан төлж дуусгахаас гадна хамгийн сүүлд Баруун цанхийн нүүрсийг борлуулах дуудлага худалдаа зарлаж, нэг тонн нүүрсийг нь 72.5 ам.доллараар борлуулахаар болсон гэдгийг онцолсон.

Цаашдаа өрсөлдөөний энэ зарчмаа баримтална гэж мэдэгдсэнийг онцлох хэрэгтэй. Эргэн сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" компани энэ оны нэгдүгээр улиралд "Chalco"-д коксжих нүүрсээ уурхайн амны нөхцөлөөр тонн тутмыг нь 59.3 ам.доллараар борлуулж байгаа юм. Харин хоёрдугаар улирлаас эхлэн шинэ нөхцөлөөр үнээ тооцож эхэлнэ гэдгийг "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал Д.Ариунболд өмнө нь мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, улирал дууссаны дараа Зүүн цанхийн нүүрсийг үргэлжлүүлэн "Chalco"-д нийлүүлнэ гэж харж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ