2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хүнд, хөнгөн үйлдвэрийн төслүүд

Мэдээ

Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч Засгийн газар үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байна. Энэ нь 21 аймагт импортыг орлох, экспортын чиг хандлагатай 100 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэр байгуулах зорилт юм. Энэ хүрээнд судалгааны ажлуудыг хийж, үйлдвэрүүдийн жагсаалтыг гаргажээ. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тухайлбал, АПУ компани 2017 онд сүүний зах зээл дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилт тавьжээ. 2016 оны байдлаар дотоодын сүүний зах зээлийн 21.4 хувийг дангаараа бүрдүүлсэн АПУ компани одоогоор ОХУ, Хонгконг, БНСУ, БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж байгаа аж.

Хүнд үйлдвэрийн тухайд Засгийн газар дөрвөн гол төслийг нэрлэж байгаа бөгөөд Энэтхэгийн Экспорт, импортын банкны нэг сая ам.долларын зээлээр Сайншандад байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийн тендерийг зарлаад байна. Энэтхэгийн талтай тохиролцсоны дагуу энэхүү тендерт Энэтхэгийн дөрвөн компани оролцсоноос одоогоор хоёр нь шалгарчээ. Эцсийн дүнг дөрөвдүгээр сарын 15 гэхэд гаргана. Дархан-Сэлэнгийн бүсэд байгуулах хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг ирэх долдугаар сард эцэслэн бэлэн болгох бөгөөд Дэлхийн банкны санхүүжилтээр хийж байгаа юм.

Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил дуусах шатандаа орсон ба мөн л Дэлхийн банкны санхүүжилтээр хийж байна. Удахгүй эцэслэн гарна гэж Уул Ууурхай, Хүнд Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг Засгийн газар энэ сард гаргалаа. Үүнтэй холбогдуулан удахгүй ажил нь эхлэх ажээ.



САНАЛ БОЛГОХ