ББСБ-уудын актив 26.3 хувиар өсөж, 787.2 тэрбум төгрөгт хүрчээ

Мэдээ

Банк бус санхүүгийн салбарын нийт актив 787.2 тэрбум төгрөгт хүрчээ. 2016 оны жилийн эцсийн энэхүү үзүүлэлт өмнөх оныхоос 26.3 хувиар буюу 163.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос онцолж байна. Салбарын активын өсөлтөд Банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө 154.3 тэрбум төгрөгөөр буюу 26.7 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 42.8 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна. Нийт активын 95.8 хувийг эргэлтийн хөрөнгө эзэлж байгаагийн 60.7 хувийг зээл, 30.9 хувийг мөнгөн хөрөнгө, 8.8 хувийг бусад хөрөнгө эзэлсэн дүнтэй байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй 454 байгууллагын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4.0 хувьд хүрч өмнөх улирлаас 0.2 нэгжээр буурсан бол энэ нь банкны салбарын хүүтэй харьцуулахад хүүгийн зөрүү хоёр хувь байгаа юм.

Зохицуулагч байгууллагын мэдээлснээр зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа Банк бус санхүүгийн байгууллагын тоо 518-д хүрээд байгаа аж. Энэ нь оны эхнээс 15.1 хувиар өссөн дүн юм. Тайлант хугацаанд 72 компанид Банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл шинээр олгосон байна. 2017 гарсаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөгийн босгыг эхний ээлжид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах шинэ байгууллагуудад мөрдүүлж байгаа юм. Энэ нь эрсдэл даах чадварыг сайжруулах, салбарын үйл ажиллагааг цэгцэлнэ гэж үзжээ.

Үүнээс өмнө босго хөрөнгийн доод хэмжээний босго 800 сая төгрөг байсан юм. Банк бус санхүүгийн байгууллагын 89.4 хувь буюу 463 Банк бус санхүүгийн байгууллага зээлийн үйл ажиллагаа, 27.8 хувь буюу 144 Банк бус санхүүгийн байгууллага гадаад валютын арилжаа эрхэлж байна. Үүнээс 21 томоохон Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө салбарын нийт хөрөнгийн 24.5 хувь, өөрийн хөрөнгө нь салбарын үзүүлэлтийн 21.0 хувийг эзэлж байна.



САНАЛ БОЛГОХ