Кэрри Лам Хонгконгийн захирагч боллоо

Мэдээ

Бээжинг дэмжигч элитүүдийн тэргүүлдэг хороо ням гарагт Хонгконгийн шинэ захирагчийг сонголоо. Энэ нь сонгуулийн системтэй холбоотойгоор 2014 онд ардчиллыг дэмжигчид томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулснаас хойших анхны санал хураалт болжээ. Сонгуульд ялалт байгуулсан Кэрри Ламийн  хувьд Засгийн газрын хоёр дахь өндөр албан тушаалтан төдийгүй Бээжингийн талын дэмжлэг бүхий нэр дэвшигч юм. Тэрбээр 777 хүний санал авснаар Хонгконгийн хамгийн анхны эмэгтэй захирагч, Хонгконг Их Британийн колоноос гарснаас хойших дөрөв дэх захирагч болж байна. Хонгконгийн захирагчаар сонгогдсоныхоо дараа тавьсан илтгэлдээ тэрбээр өмнөх захирагч Люн Чун Иний тулган шаарддаг, өөрийнхөөрөө шийддэг хандлагыг өөрчлөхөө мэдэгджээ. Мөн тэрбээр "Иргэдийн дуу хоолойг сонсоно" гэж амлалт өгчээ.

Кэрри Лам нийгмийг урагш хөдөлгөх арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн байна. Үүнээс гадна кампанит ажлынхаа үеэр Кэрри Лам "Үл хөдлөх хөрөнгийн үнийг тодорхой түвшинд барих, хотын татварын зарчмыг сайжруулах, эдийн засагт дэмжлэг үзүүлэхээ" мэдэгдэж байсан юм. Үүгээр ч зогсохгүй санхүүгийн жилд 92.8 тэрбум хонгконг долларын төсвийн ашигтай байна гэж үзэж байгаа учраас төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харин БНХАУ-ын Коммунист намын удирдагчид түүний ялалтад нөлөөлсөн гэж ардчиллыг дэмжигчид үзэж байна. Улмаар сонгуулийн дүнг зарласны дараа ардчиллыг дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүнээс гадна ардчиллыг дэмжигчдийн бүлгүүд сонгуулийн байрны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.



САНАЛ БОЛГОХ