TRQ: 2016 онд цэвэр ашиг 210.6 сая ам.доллар болж, 102 сая ам.доллараар буурсан

Мэдээ

“Turquoise Hill Resources” компани 2016 оны санхүүгийн үзүүлэлтүүдээ танилцууллаа. Өнгөрсөн онд тус компанийн цэвэр ашиг 210.6 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 102 сая ам.доллараар буурсан байна. Энэ нь зэсийн ханш буурсан болон “Оюу Толгой”-ийн олборлолтын хэмжээ багассанаас үүдэн алтны борлуулалт буурсантай холбоотой болохыг тайланд дурджээ. “Оюу Толгой” компанийн борлуулалтын орлого 2016 онд өмнөх оныхоос 26.4 хувиар буурч, 1.2 тэрбум ам.доллар болсон байна. Харин борлуулсан баяжмалын хэмжээ 1.1 хувиар өсөж, 828 мянга 600 тоннд хүрчээ. Бүтээн байгуулалтын хувьд II болон V босоо амын ажил урагшилсан бөгөөд үүнээс хамгийн чухал нь II босоо ам. Учир нь үйлдвэрлэл энэ амаар хийгдэх учиртай. Энэ онд II болон V босоо амын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг тайланд онцолжээ.

2016 оны төгсгөлд “Оюу Толгой”-ийн далд уурхайн ажиллах хүчний тоо хоёр мянгыг давсан байна. Энэ тоо үргэлжлэн өссөөр 2018 онд оргилдоо хүрэх хүлээлттэй байгаа юм. Харин үйлдвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө зарцуулсан хөрөнгийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 2016 онд 326.3 сая ам.доллар болж бараг гурав дахин нэмэгджээ. Энэ нь далд уурхай болон бусад үйл ажиллагаатай холбоотой болохыг “Turquoise Hill Resources” компани тайландаа оруулсан байна. Тус компанийн бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1.4 тэрбум ам.доллар байжээ.

“Оюу Толгой” компани энэ онд 130-160 мянган тонн зэсийн баяжмал, 100-140 мянган унц алтны баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байна. Энэ онд үйлдвэрлэх баяжмалаас үлэмж хэсгийг нь борлуулах гэрээ байгуулахаар тохиролцоод байгааг компани тайландаа онцолжээ.



САНАЛ БОЛГОХ