Лалын цэргийн эвсэл: "IMAFT"

Судлаачийн үг

«Лалын НАТО» - исламын шашинт 39 улс нэгдэж нийлээд дэлхийн хамгийн том цэрэг- улс төрийн эвслийг байгуулах боллоо. 2015 онд Саудын Арабын Хаан Салман бин Абдул Азизын тунхагласан IMAFT буюу Islamic Military Alliance to Fight Terrorism, хэрэв хөрвүүлбэл «Терроризмтой тэмцэх лалын цэргийн коалиц», төв штаб нь Эр-Рияд хотноо байрлана, Ерөнхий командлагч нь пакистаны генерал Рахил Шариф.

Ийм мэдээ дэлхийн хэвлэлээр мэр сэр түгжээ. Ойрхи Дорнодын хувь заяаг Вашингтон, Лондон, Москвад шийдвэрлээд байдагт лалын улс орнууд таатай биш ханддаг. Ирантай АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч цөмийн асуудлаар буулт хийж санкцаа цуцалсан нь Булангийн орнуудыг айдаст автуулсан. Ингэхэд Сири, Ирак, Йемен, Ливид террористуудтай хэн тэмцээд байгаа юм бэ, тэнд лалын орнууд нэгдсэн хүчээр орж болохгүй юу гэх асуулт ээрсээр анх 34 улс энэ альянсад нэгдэнэ гэж байсан бол эдүгээ 39 болж тоо ахижээ. Лалын орнуудаас Иран, Сири, Иракаас бусад нь бүгд уригджээ.

«Лалын НАТО» -г санаачлагч Саудын Арабын тооцоолсноор 2015 оны арванхоёрдугаар сар гэхэд л эвслээ дайнд оруулчих ёстой байв. Учир нь тэр үед Оросын нисэх хүчин Сирийн армитай нийлээд Сирийн хот суурингуудыг чөлөөлж эхэлсэн, Алеппогийн операцаа эхлүүлсэн, курдүүд Ракка-Мосулын стратегийн замыг нэвтэрсэн, Иракийн арми Рамади руу довтолж байв

Исламистууд ялагдаад дуусна, түүнээс нь өмнө амжиж орох минь гэх бачуурал Эр-Риядыг түгшээжээ. Саудын стратегичид юу гэж төлөвлөсөн гээч. Исламистуудыг сөрөн зогсох, нөгөө талаасаа «барууны загалмайтан »-тай холбоо сүлбээгүй тийм шинэ хүчнийг буй болгоно гэж байв. Цаад барууныхан нь явж явж исламыг сулруулах, устгах аюултай учраас тэр гэнэ.

2016 оны хавар Эр-Риядад 21 улсын цэрэг оролцуулан «IMAFT» гэгчийнхээ анхны үзүүлэх хээрийн сургууль хийжээ. Эвслийн цэрэг тун удахгүй Сирийн нутаг дэвсгэрт нэвтрэн ороод исламистуудыг номхотгоно хэмээн Салман хаан гэнэт мэдэгдэж алмайруулав. Гэтэл Йеменд явуулсан байлдаан нь үр дүнгүй өнгөрч, тэдэнд итгэх итгэлийг унтраагаад байв. «IMAFT-ын бүрэлдэхүүнд ордог Арабын улсуудын Холбооны түргэн байрлаж шуурхай ажиллах хүчин» гэх сүрлэг нэртэй цэргийн эвсэл Йеменд ёстой уханатаж байна. Йеменийн интервенцид Турк, Пакистан цэргээ оролцуулаагүй, Египет ёс төдий арав хорин цэрэг илгээсэн, саудитууд байлдаад Йеменд ямар ч ялалт авчраагүй.

Эр-Риядад ганц зүйлийг ойлгожээ. Турк, Пакистангүйгээр «мусульманчуудын НАТО» хэзээ ч бүтэхгүй юм байна гэдгийг. 2015 оны тэр өвөлдөө л Салман хаан Турктэй стратегийн түншлэлийн тухай гэрээ байгуулж, Анкара ч үүндээ эрэмшлээ. Европын Холбоонд Турк нь исламист Эрдоганы өнгөн дээр орно гэж гонж, жихадистуудыг Сирид дэмжээд тэгснийхээ шанд Ойрхи Дорнодоос Турк шахагдсан, ийм нөхцөлд Саудын Араб л Туркэд том нөмөр нөөлөг болно. Яаж. Саудын тэр их мөнгөн урсгал, оргилж баршгүй нефть Туркэд хэрэгтэй. Бас харилцаа нь Мухаммед Мурсийг зайлуулснаас үүдэлтэй хүйтэрсэн Египеттэй саудууд л түрэгүүдэд зуучилна, харин Турк нь өөрөө бас сул гүрэн биш, НАТО-ийн бүрэн эрхт гишүүн, 78 сая хүн ам, цэргийн аж үйлдвэр төгс хөгжсөн, ингээд хоёр талаасаа нэгдвэл АНУ-ыг оролцуулахгүй байж болох том тоглогч гараад ирнэ гэж тооцоолжээ.

Саудын сөнөөгч онгоцууд Туркийн Инжирлик баазад байрлаж, Сирид «Лалын улс» руу агаараас довтолж, бас Сирийн эрх чөлөөт арми гэдгийг хангаж эхлэв. Энэ нь шальтай үйлс болсонгүй, Оросын агаарын ба сансрын хүчний сүр дор дарагджээ.

Гэтэл пакистантай сүжрээд эхэлсэн нь Эр-Риядын хувьд Исламабад гэж холбоотон, бас нэг өрсөлдөгчтэй болоод авч. Хүн амын тоо гэж яривал даян дэлхийн хамгийн олон сая мусульманчууд оршин суугаа гурван улсын нэг нь Пакистан (194 сая, Индонез 258 сая, Бангладеш 169 сая) тул хүн амын тоогоороо Саудын Арабыг хэд дахин хучна. Саудын мөнгө Пакистанд хэрэгтэй. «Исламын цөмийн бөмбөг» бүтээхэд нь Сауд тусалсан бол 1960-аад оноос хойш Саудын Хааны гэр бүл, дээд ангийхныг Пакистаны гвард хамгаалж ирсэн.

2015 онд Салман хаан IMAFT- аа зарлаж, түүндээ Пакистаныг холбоотны жагсаалтад оруулж гэнэ хэмээн сонсоод Исламабадад гэнэт хилэгнэжээ. Сауд тэгж хэлдэг зарладаг нь хэн юм, лалын орнууд дотроо хамгийн хүчирхэг армитай, олон дайнд шалгарсан цор ганц нь Пакистан байхад гэж ирээд л хэрүүл өрдөв. Первез Мушарраф гэж генерал 1999 онд цэргийн эргэлт хийж, тэр үеийн ба одоогийн Ерөнхий сайд Наваз Шарифыг хөөж явуулахад Сауд нь хоёр нүүр гаргаж байсныхаа шанд одоо Пакистаны парламентын депутатууд нь цэргээ саудитуудын төлөө илгээж, цусыг нь урсгахгүй хэмээн уриална.

Пакистан бол суннитийн улс. Гэхдээ асар их шиит диаспора бий. Тэр нь эрх баригчдаасаа бас дэмжлэгтэй. IMAFT-д элслээ гээд, пакистан генерал түүнийг нь командаллаа гээд Пакистан нь хөрш Ирантай харилцаагаа муутгах хүсэлгүй. Шашин хоорондын дайнаас Исламабад үнэхээр залхсан, өөрт нь Талибан гэж бөөн гай байж байна. Пакистаны эдийн засаг Ираны нефть, хийгээс үлэмж хамааралтай. Хэрэв Тегераны зэвүүг их хүргэвэл IMAFT-д элссэнээсээ эс юм болно.


Генерал Рахил Шариф гэгч нь Пакистаны хуурай замын цэргийн штабын дарга асан, нөлөө бүхий цэргийн жанжин аж. Тэр нөхөр Засгийн газрынхаа даалгавраар цэрэг командлах бус, харин Эр-Рияд ба Тегераны хооронд тэнцвэр барьсан тоглолт хийж, Саудын ваххабитуудыг араар нь тавина. Нэг бол Салман хааны дуулгавартай зарц болно гэх хоёр хувилбарыг пакистанчууд гаргаж тавьжээ. Рахил Шариф Саудын Арабынхнаас гурван нөхцөл шаардаж буй бололтой: 1) Юуны өмнө өөрт нь хяналт тавих гэж бүү оролд; 2) Цэргийн эвслийн гишүүд орнуудын хооронд маргаан дэгдвэл тэр өөрөө арбитрын үүрэг гүйцэтгэх эрхтэй байна; 3) Эвсэлд Ираныг урьж оруулахаар амла хэмээн тулгажээ.

Саудын Араб эдгээр нөхцөлийг хүлээн авсан болоод л түүнийг Ерөнхий командлагчаар ажиллуулах болсон хэрэг, хар ухаанаар бодвол. Гэхдээ Рахилыг Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважи Асиф төдийлэн таатай үдсэнгүй. Заавал Саудын Арабын нийслэлд очиж алба хаших хэрэг юун гэх шахуу зүйл ярьсан байна. Цөмийн зэвсэг бүхий, дэлхий дээрх армиудаас 6 дугаарт бичигддэг Пакистаны хуурай замын цэргийн командлагч байсан нь хавьгүй дээр гэж ярьсан юм байх. Ирантай их сүлбээтэй нь Саудад төдийлэн мэдрэгдээгүй боловч хэрэв Иран IMAFT руу орж элслээ л бол энэ эвсэл зад үсрэх нь тэр. Пакистан генерал «Лалын НАТО»-ийн Ерөнхий командлагч болно гэдэг хөрш Энэтхэгт нь ямраар тусах вэ гэдгийг хаа хаанаа бодолцсонгүй. Энэтхэг нь олон улсын харилцаанд наад Пакистанаа ганцаардуулчих хэмжээний хүч нөөцтэй, нөлөө бүхий айл. Саудын Араб яаж ч мөнгө хаяад Энэтхэгийг ёстой яаж ч чадахгүй.

Тэгэхээр «Мусульманчуудын НАТО» гэх эвслээс тун бүрхэг ирээдүй харагдах шиг. Дэндүү олон янзын тоглогч нэг саванд багтах уу? “Аллах”, “Коран” гэх нийтлэгээс өөр тэр 39-ийг нэгтгэх өөр юу байна вэ? Терроризмын эсрэг хамтран зогсоно гэх. Гэтэл Саудаасаа эхлээд түүнийг янз бүрийн хэлбэрээр өөгшүүлэгч. Элдэв террорист бүлгийг өөрийн зорилгоор ашиглана гэх үндэсний эрх ашиг нь нэг мэдэхнээ олон улсын хуулийн эсрэг болчихсон улс олон байна. Пакистан нь энэ эвслээ Энэтхэгийн эсрэг муна болгож ашиглахыг бодно. Египет нь Синай дахь исламистуудаа зүйл дуусгахад эвслийг хөдөлгөнө. Исламабад, Каир хоёр хэн хэндээ туслахыг үл хүснэ. Турк нь НАТО гэж өөр нэг эвслийн ууган гишүүн тул НАТО ба IMAFT гэгчийн хооронд зөрчил үүсвэл яах вэ гэж тээнэгэлзэнэ.

Ямар статустай оролцож байгаа нь ойлгомжгүй Ливи байна. Иргэний дайн дэгдчихсэн, хоёр нийслэлтэй, Сомали байна, де-факто хэд хэдэн “Сомали” оршиж байна. Палестиныг улс гэж хариуцлага үүрүүлэх үү? IMAFT-ийг (39 yлc) Израильтай мөргөлдүүлэх хэрэг үү?

«Мусульман НАТО»-г толгойлох гол улс орны төрх байдал нь XXI зууныхаа алхаатай хөл нийлүүлэхгүй байгаа нь үлдэх 38 улсаа үргээчих шалтгаан биш байгаа? Саудын Арабын Дээд муфти (лалын их хамба) шейх Абдель Азиз бен Абдалла аш-Шейх гэдэг нөхрийн саяхны мэдэгдэл цочирдом: тус улсын кинотеатр, концертын танхимуудыг хуу хаана, ёс суртахууныг унагах газар болсон учраас хэмээн тэрээр зарлигдав. Кино үзэж, дуу хөгжим сонсох нь ёс суртахууны уналтын дээд хэлбэр учраас тэр гэв...
САНАЛ БОЛГОХ