Хөрс анагаагчид

Экологи

Хүнд металлыг хүчилтөрөгч болгон хувиргах “үйлдвэрлэл”

Нийслэлийн хөрс хар тугалга, зэс, цайр, никель, хром зэрэг хүнд металлуудаар бохирдсон нь судалгаагаар нотлогдсон. Түүнчлэн нутаг дэвсгэрийн 88 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн тооцоог судлаачид дэлгээд буй. Тэгвэл энэ бохирдлоос ангижрах нэг гарц нь phytoremediation буюу ургамал тариалах замаар хөрсийг эрүүлжүүлэх арга гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Ургамал хөрснөөс авдаг шим тэжээл буюу органик нэгдлийн найрлагад хар тугалга, цайр зэрэг хүнд металлууд ордог аж. Тиймээс хүнд металлыг боловсруулах байгалийн өгөгдөл нь тэдэнд бий. Янз бүрийн эх үүсвэрээс хөрсөнд нэвчсэн хүнд металлууд тэнд уусмал хэлбэрээр оршдог. Харин ургамал тэрхүү уусмалыг усны хамт үндсээрээ дамжуулан авдаг бөгөөд үүнийгээ хүчилтөрөгч болгон ялгаруулдаг байна. Өөрөөр хэлбэл хүнд металлыг хүчилтөрөгч болгон хувиргах “үйлдвэрлэл” энд явагддаг.

Алтны уурхайчдын хордуулсан газрыг сэргээх асуудал Бразилын нэгэн тосгоныхны шүдний өвчин болжээ. Жил ирэх тусах газрын “шарх” арилж, өвс ногоо ургаж байгаа ч нутгийн иргэдийн сэтгэл амарсангүй. Алт олборлолтоос үлдээсэн мөнгөн ус, хар тугалга гэх зэрэг хүнд металлуудаар бохирдсон өвсийг үхэр, мал нь иднэ. Малынхаа мах, сүүг иргэд нь хэрэглэнэ. Газрын хөрсөн дэх хүнд металын бохирдол ийм замаар иргэдэд нөлөөлж байсан тул үүнтэй тэмцэхээр шийджээ. Хэдийгээр хөрсийг химийн аргаар цэвэрлэх, бактери үүржүүлэх зэрэг арга байдаг ч тэд байгалийн аргаар эмчлэхийг илүүд үзсэн нь энэ. Уурхайн хуучин сууринаас эхлүүлээд эрдэнэ шиш, канола тарьсан нь үр дүнгээ өгсөн байна. Мөн хулуу тарьж АНУ- ын Нью Жерси хотын хуучин үйлдвэрийн буурийг сэргээжээ. Энэ мэт ургамлаар хөрсийг эрүүлжүүлсэн туршлагыг тоочоод баршгүй.

Харин манайд ургамлаар хөрсийг эрүүлжүүлсэн туршлага байдаггүй. Сэлэнгийн Зүүнхараа, Дарханы Хонгор сумд тариалангийн талбайн чийгийг тэнцвэржүүлэх, хөрсний эвдрэлийг сааруулах зорилгоор л ургамал тарьж, зурвас үүсгэж байжээ.

Бохирдож, туйлдсан хөрсийг хамгийн сайн анагаагч нь шош, наранцэцэг, вандуй, эрдэнэшиш зэрэг буурцагт ургамлууд байдаг аж. Мөн гич, монос, уд мод, шар хуайс, цагаан хуайс зэргийг дурдаж болно. МУИС- ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн сургуулийн багш, доктор Ц.Батчулуун “Гэр хорооллын хогийн цэг, жорлонгийн ойролцоох газарт шар хуайс, цагаан хуайс зэргийг тарихад тохиромжтой. Харин эмнэлгийн орчинд монос тарих хэрэгтэй. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагаар бохирдсон талбай, Цайз захын машины тос, шатахуунаар “хордсон” газарт буурцагт ургамал тарьснаар хөрсийг эрүүлжүүлэх боломжтой. Хэрэв тухайн талбай дээр тарих боломжгүй бол эргэн тойронд нь суулгаж болно” гэв.

Бохирдож, туйлдсан хөрсийг хамгийн сайн анагаагч нь шош, наранцэцэг, вандуй, эрдэнэшиш зэрэг буурцагт ургамлууд байдаг аж.
Халуун оронд хөрсөө анагаахын тулд уд мод, энэтхэг гич болон улиангарыг ихэвчлэн ашигладаг байна. Харин буурцагт ургамлуудаас манай орны уур амьсгалд хамгийн тохиромжтой, тэсвэртэй нь наранцэцэг юм. Энэ цэцгийг цацраг идэвхт бодист хордсон Украины Чернобыл хотод их хэмжээгээр тариалсан нь үр дүнгээ өгч буй аж. Наранцэцэгийг мөн усны бохирдлыг шүүхэд ч ашигладаг байна.

Түүнчлэн, ургамал тарих боломжгүйгээр гүн хордсон талбайд ургамлыг суулгалгүй, гадаргуу дээр нь тараах арга бас байдаг. Ингэснээр буурцагт ургамлууд нь ялзмаг үүсгэж, хөрсөнд нэвчсэн хүнд металлууд агаарт уурших явцыг сааруулдаг ажээ. Хэдийгээр ургамал тариалахад багагүй цаг хугацаа хэрэгтэй ч хөрөнгө, хүч бага шаарддаг учраас олон улсад өөдрөгөөр үнэлж байна.
САНАЛ БОЛГОХ