Өсвөр насныхны донтолт, хүмүүжлийн доголдол, амиа хорлолт түүхэнд байгаагүй хурдаар ихсэж байна. Бид энэ бүх хар бараан зүйлсийг мэдэж, цааш түгээх тусам чийгтэй даавуунд дусаасан бэх шиг л хүрээгээ тэлэх болно. Харин уг учрыг нь тогтоож, үндсээс нь эхэлж өөрчилбөл дараагийн үеэ алдахгүй байх боломж бий. Мэдээж үүнд гэр бүлийн уур амьсгал, хүмүүжил чухал. Дараагийн анхаарах асуудал бол соёл урлаг, ялангуяа сонгодог урлагаар хүүхдүүдийг хүн болгож төлөвшүүлэх юм. Гэтэл бид энэ үүргийг маш сайн гүйцэтгэж байсан Хүүхэд, залуучуудын театраа алдсан. Өчигдөр Дэлхийн театрын өдөр тохиосон. Харин Улаанбаатар хотод Хүүхэд, залуучуудын театрын үйл ажиллагаа царцаад 20 жил өнгөрч байна.
Хүүхэд, залуучуудын төлөвшил, цаашлаад амьдралд нь нэн чухал нөлөөтэй эл театрын тулгуур багануудынх нь нэг явсан Монгол Улсын гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийтэй уулзаж эрлээ эхлүүллээ.
-Хүүхэд, залуучуудын театрын үйл ажиллагааг эргээд сэргээх талаар мэр сэр яригдсан гэх юм. Та энэ талаар дуулав уу?
-Надад тэр талаар мэдээлэл тун хомс байгаа. Сураг сонсох нь ээ, цаасан дээр бол байгаад байдаг. Байр савгүй л болчихоод байгаа юм байна лээ. 1990-ээд онд менежментийн хувьчлалаар авч, тухайн үеийн театрын дарга, уран сайхны найруулагч И.Нямгаваа удалгүй байрыг нь худалдсан байдаг юм. Ардын жүжигчин агсан А.Очирбат, И.Нямгаваа эхнэрийн хамтаар, манай санхүү эрхэлсэн орлогч захирал Тунгалаг гээд бидний хэдэн нөхөд менежментийн багт нь байсан. 1997 онд худалдсан юм уу даа. 50 жил болсон театр шүү дээ. Одоо байсан бол 70 жилээ тэмдэглэх байлаа.
-Миний үеийнхэн Хүүхэд, залуучуудын театр гэхээр сайн мэдэхгүй л дээ. Дээд үеийнхэнд бол хамаг л дурсамжийг нь багтаасан нандин газар байсан гэсэн. Энэ ганц дурсамж биш, өөр олон ач холбогдолтой байсан байх, тийм үү?
-Хүүхэд, залуучуудын театр байхгүй болсноор театрын үзэгчдийн тоо эрс буурсан гэж би боддог. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод мэргэжлийн театр гэхэд хоёр л байна шүү дээ. Дуурь бүжгийн, драмын гэж улсын нэр нүүр тахалж буй хоёрхон театр л бий. Тэгэхэд 1980-аад онд, Улаанбаатарын хүн ам одоогоос хоёр дахин бага байхад л олон сайхан театр байсан. Гэтэл хүн ам нь ихсэхийн хэрээр театр нь цөөрнө гэдэг урлаг соёлоороо энэ улс мөхөхийн илрэл болов уу. Аль л хөгжилтэй, соёлтой улс оронтой жишихэд ичмээр байдаг. Зэргэлдээх Орост л гэхэд театр хэчнээн мундаг хөгжсөн билээ. Буриадын театр л гэхэд дотроо мэргэжлийн дөрөв, таван том театртай. Гэтэл манайх нэг театраа “залгичихаад” хоёрхон театртай сууж байгаа нь мөн ч харамсалтай.
-Одоогийн залуучууд барагтай л бол театрт жүжиг ший үзэх нь ховор болсон шиг санагддаг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Хүүхэд, залуучуудын театр байсан бол нас насны ангиллаар театраар үйлчлүүлэх боломжтой байлаа. Манайхан урьдахаа муу хэлэх нь их. Тэр үед урлаг, соёлыг улсаас харин ч нэг анхаарч, дэмждэг байсан. Ялангуяа, хүүхэд, залуучуудын соёл урлагийн боловсролыг нэмэгдүүлэх талаар олон ажил хэрэгжүүлсэн байдаг юм. Харин одоо театрын үзэгчдийн насны ангиллаар нь харъя. Цэцэрлэгийн насныхан болон бага ангийнхан Хүүхэлдэйн театрт тоглолт үзчихнэ. Тэгээд дунд, ахлах ангийнхан, залуучууд нь үзэх театргүй тасарчихаж байгаа юм. Харин насанд хүрэгчид нь Драмын театртаа жүжгээ үзнэ. Багаасаа урлаг, соёлтой ойр өсөөгүй, театрт очиж үзээгүй хүүхдүүд том болоод театрт юм үзэхгүй байх нь аргагүй.
-Яагаад залуучуудын театр гэж онцолсон юм бэ?
-Бага насны хүүхдүүд өсөж том болно. Том болчихоод Хүүхэлдэйн театрт үзвэр үзээд байхгүй шүү дээ. Яг тэр насанд нь хүүхэд, залуучуудын театр тэднийг тосож авах зорилготой байсан юм. Одоо энэ театр байсан бол эцэг, эхчүүд хүүхдүүдээ сэтгэл амар явуулах байлаа. Гэтэл өнөөдөр хүмүүс аргаа бараад, хүүхдээ дагуулан хошин урлагийн тоглолт үзэж байна. Ингэж нэг үеийг тэр чигт нь алдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Хүүхэд залуучуудыг үүнд буруутгах аргагүй, барьж байгаа бодлого нь харалган байна л даа.
Аргаа бараад хүүхдүүддээ хошин шог үзүүлж байна
-Залуучууд тухайн үед театрт хэр их үйлчлүүлдэг байсан тухай ярихгүй юу?
-Улсын хүүхэд залуучуудын театрын урын сангийн бодлого нь хүүхдэд зориулсан 2-3, мөн дунд, ахлах ангийнханд зориулсан 2-3 жүжгийн хөтөлбөр гаргаж, уран бүтээлээ тавьдаг байсан. Үүндээ маш их анхаарч, манай театрын жүжигчид хүүхдийн жүжигт тоглохдоо мэргэшсэн байв. Ерөнхий боловсролын сургуулийн амралтын үеэр хүүхдүүд сургуулиараа шахам ирж, бид 10.00-15.00 цаг хүртэл битүү үзэгчтэй. Баасан, бямба, ням гарагт залуучуудын сэдэвтэй жүжгүүдээ тогтмол тоглох жишээтэй. Тухайн үед “Хайрыг хайрла” гээд залуучуудын эрэлт хэрэгцээг хангасан, сэтгэлийн гүнд нь хүрсэн, хорхойг нь хүргэсэн жүжиг байлаа. Тасалбар нь хүртэл олддоггүй байлаа шүү дээ. Өглөө эрт ажилдаа ирэхэд л хүмүүс тасалбар авах гээд битүү дугаарлачихсан байна. Бид ч хүүхдүүдийн энергиэс урам авч, ажилдаа улам их шамддаг, ийм л сайхан театр байсан юм. Одоо байсан бол үүнийгээ дагаад Драмын театрын үзэгчийн тоо, жүжиг үзэх соёл ч өөр байсан байх болов уу.
-Сонгодог урлаг хүүхдэд маш их соёл, хүмүүжил, ёс суртахууны боловсрол олгодог гэж би боддог. Үүнтэй олон хүн санал нийлэх байх. Гэтэл энэ театраа алдаад 20 жил болчихлоо. Анзаараагүй байж болох ч энэ их олон сөрөг үр дагавартай байсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Сонгодог урлаг, тэр дундаа театрын уран бүтээл гэдэг бол хүүхдэд маш чухал суурь хүмүүжил олгодог. Багш хүн самбарын өмнө гараад “Алтан түлхүүр”-ийг тайлбарлах, эсвэл “Дээвэр дээр суудаг Карлсон”-ыг уншаарай гэж хэлэх нэг өөр. Гэтэл театр үүднээсээ л соёл хүмүүжилд сургадаг шүү дээ. Гадуур хувцсаа тайлна, бусдад саад болохгүйгээр жүжгээ үзнэ гэдэг ч юм уу. Би хааяа театрт жүжиг үзэхээр очиход үзэгчдийн соёл гэж үнэхээр хэцүү болсныг хардаг. Энд тэнд утас дуугарна, чанга ярина, тас тас хийтэл бохь зажилна, жүжиг эхлээд, хөшиг нээчихсэн байхад л орж ирээд урдуур сүүтгэнэж гүйнэ. Манай театр байхгүй болсноос хойш л ийм хандлага бий болж байгаа юм шүү дээ.
Сая хүнд хоёр театр ногдож байгаа нь эмгэнэл
-Өсвөр насныхан, залуучууд гэр бүлийнхэнтэйгээ тэр бүр ярилцдаггүй. Харин жүжиг, сонгодог зохиол тэдэнд ухаарал, зөвлөгөө өгч, багш нь болдог байх. Тийм үү?
-Хойч ирээдүйд маань юу хэрэгтэй вэ, хүмүүжил. Түүний тулд театрын урлаг зайлшгүй шаардлагатай. Хүүхдийн төлөвшиж байгаа оюун санаанд сонгодог урлаг маш их нөлөөтэй. Тухайн үед одоогийнх шиг телевизээр өндөр үнэтэй зар сурталчилгаа цацуулдаггүй байлаа. Радиод л зарлалын шинжтэй хэдэн өгүүлбэр бичээд өгчихнө. Тэгэхэд л тэр өдрөө тасалбар дуусчихдаг. Ц.Балдоржийн “Хэрээ” жүжгийг тавих гээд бэлтгэлээ хийж байхад хүртэл хүмүүс мэдчихээд хэл ам сугалчих гэдэг байв. Эндээс л ер нь эрэлт нь харагдана.
-Тоглолт дуусахад босоод алга ташдаг хүн ч ховор болсон юм шиг ээ.
-Пир хийтэл гараад явчихна шүү дээ.
-Тухайн үеийн идэвхтэй үзэгчид одоо ч театрт очдог байх даа?
-Бидний ажиллаж байх үед үзэгч байсан хүмүүс одоо ч бидэнд ирж сэтгэгдлээ хуваалцдаг. “Жүжигчин Н.Мягмар гуай “Хорооны хүү” жүжгийн Вася гэж эрэгтэй хүүхдийн дүрийг ямар сайн бүтээсэн бэ, эмэгтэй хүн байж” гээд л. Дээвэр дээр суудаг Карлсоны дүрд гэхэд л гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн өөрөө настай хүн байж хүүхдийн дүрийг амилуулсан.
-Эрэлт ихтэй байсан болохоор энэ театрын жүжигчид Холливудын одууд шиг л байсан уу?
-Манай Хүүхэд, залуучуудын театрын Ардын жүжигчин А.Очирбат агсан, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Батзаяа, Б.Туяа, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн, Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг тэргүүтэй олон чадварлаг жүжигчин бий. Театр хувьчлагдаж, задрахад тэнд ажиллаж асан 100 гаруй хүн тарж алга болсон. Харин ч драмын театрын Д.Цэрэнсамбуу захирал энэ ахмадуудыг өөрийн хамт олон болгож, авч үлдсэнд би хувьдаа баяртай байдаг.
-Эргээд энэ соёл, хүмүүжил түгээх арга хэрэгсэл сэргэнэ гэж итгэж байна. Ярилцсанд баярлалаа.
Бид Хүүхэд, залуучуудын театрын үйл ажиллагааг эргэн сэргээх асуудлыг цуврал байдлаар сурвалжлах болно. Өсвөр үеэ хар тамхи, компьютер тоглоом, порно, амиа хорлолт зэрэг харанхуй муухай бүхэнд алдаж байгаа энэ үед сонгодог урлагаар эмнэх, хүмүүжүүлэх аргыг эрэлхийлэх хэрэгтэй билээ.