Алексей Навальныйг 15 хоног хорих шийдвэр гаргалаа

Мэдээ

Москва хотын шүүх "Зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулан цагдаагийн албан тушаалтанд эсэргүүцэл үзүүлсэн" гэх шалтгаанаар сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг 15 хоног хорих шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна 20 мянган рублиэр торгохоор шийдвэрлэжээ. Энэхүү жагсаалын улмаас мянга гаруй иргэнийг баривчлаад байгаа аж. Харин Алексей Навальный "Иргэд цаашид жагсаалаа үргэлжлүүлнэ. Учир нь олон сая рубль болон ам.долларын хөрөнгө хууль бусаар төрийн өндөр дээд албан тушаалтнуудын гарт орж байгааг тэд харж байгаа" гэж мэдэгдсэн байна. Даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сөрөг хүчний жагсаал зохион байгуулагчдыг "Зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулж иргэдийн амь насанд эрсдэлд учруулан цагдаагийн албан хаагчдад эсэргүүцэл үзүүлсэн" гэж шүүмжилжээ.

Үүнээс гадна "Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал нь өдөөн хатгасан шинжтэй байсан төдийгүй албан ёсны зөвшөөрөл авсан гэж иргэдийг хуурсан" гэдгийг тэрбээр онцолсон байна.



САНАЛ БОЛГОХ