Никола Старжен: Тереза Мэй BREXIT-ийн нөхцөлийг хоёр жилд багтаан тодорхой болгоно

Мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Шотландын Тэргүүн сайд Никола Старжентай уулзлаа. Талууд BREXIT-ээс шалтгаалж Шотландын тусгаар тогтнох асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах тов дээр санал зөрөлдсөний дараа анх удаа уулзаж байна. Тереза Мэй Шотландад хийж буй айлчлалынхаа хүрээнд хийсэн мэдэгдэлдээ "Их Британи BREXIT-ээс болж олон улсаас тусгаарлагдахгүй, харин ч илүү даяарших болно" гэж онцолсон байна. Тэрбээр англичуудыг нэгтгэх зорилготойгоор "Их Британид зориулсан хуулийн төсөл" боловсруулснаа танилцуулжээ. Шотландын Тэргүүн сайд Никола Старжен “Тереза Мэй эсвэл миний бие ямар байр суурьтай байх нь чухал биш. Гол нь Шотландын Парламент цаашид яаж ажиллах, Шотландын ард иргэд ямар бодол санаатай байгаа нь чухал. Тереза Мэй Шотландад олон нийтийн санал асуулгыг "одоо явуулахгүй" гэсэн байр суурь илэрхийлсэн.

Энэ асуудлыг хоёр талын зөвшилцлийн хүрээнд шийдэх ёстой гэдгийг би мөн өмнө хэлж байсан. “Одоо цаг нь мөн” гэж би бас бодохгүй байна. Гэхдээ BREXIT-ийн нөхцөлүүд тодорхой болох үед Шотландын иргэд нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тусгаар тогтнох эсэх, Шотландын ирээдүйг чиглүүлэх хүрээнд сонголтоо хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Миний бие Их Британи болон хилийн чанадад байгаа англичуудад зориулж “Их Британид зориулсан хуулийн төсөл”-ийг боловсруулсан. Илүү нэгдэж, нийлсэн Их Британийг бий болгох зорилготой хуулийн төсөл. Бид нэгдэж чадвал бидэнд хийж чадахгүй зүйл гэж үгүй. Илүү нэгдэж нийлсэн улсыг байгуулна гэдэг нийгмийн эв нэгдлийг дэмжсэн бодлогоор ард иргэдээ нэгтгэхийг хэлнэ.

Шотланд, Уэльс, Умард Ирландад энэ нь бүрэн хэмжээнд хүндэтгэх байр суурь, хүчирхэгжүүлэх утга агуулга илэрхийлэхээс биш бид илүү сул дорой болно гэсэн үг биш юм” гэж онцолжээ. Харин Шотландын Тэргүүн сайд Никола Старжен Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйг Лиссабоны гэрээний 50 дугаар заалтын дагуу BREXIT-ийг албан ёсоор лхагва гарагт эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан түүнд амжилт хүссэн байна. Тэрбээр Тереза Мэйг 18 сараас хоёр жил хүртэлх хугацаанд багтаж Их Британийн Европын Холбоог орхих талаарх нөхцөлүүдийг тодорхой болгож баталгаажуулна гэдгийг онцолсон байна.



САНАЛ БОЛГОХ