Төв банк: Банкууд хоёрдугаар сард 58.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон
2016 онд ипотекийн зээлийн эх үүсвэрт бодлогын өөрчлөлт орж хумигдсаны улмаас зээл олголт өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс саарсан. Гэхдээ хоёрдугаар сард ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оныхоос 17.4 хувиар өсөж, дөрвөн их наяд 62.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин нийт зээлдэгчдийн тоо 89.8 мянга болжээ. Хоёрдугаар сард банкууд 909 зээлдэгчид 58.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь өмнөх сараас 21.7 хувиар өссөн дүн юм. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.7 хувь нь буюу 3.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр" болох бидний нэрлэж заншсанаар жилийн 5, 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээс бүрдүүлээд байна. Харин банкууд өөрийн эх үүсвэрээс нийт зээлийн үлдэгдлийн 19.8 хувийг санхүүжүүлжээ.
Зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсний дараа Төв банк нөхөж олгох байдлаар явагдаж буй. Өнгөрсөн хоёрдугаар сард 30.7 тэрбум төгрөг төлөгдсөн нь өмнөх сартай харьцуулахад зээлийн эргэн төлөлт 1.7 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй