Арын албаны ажилсаг хүн

Хүмүүс

Палкатны үзгээр бичиж, ямбуун дээр бийрээр зурдаг байлаа

Хүний хувь тавилан бурхнаас зурсан өөрийн зурагтай гэдэг. Эгэл жирийн номын санч бүсгүй нэгэн сонирхолтой хувь зохиолоор кино урлаг тэр тусмаа театрын урлагт хийсэн бүтээснээ мөнхлөх завшаан тохиожээ. Тэрбээр “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Үхэж үл болно, Чингис хаан”, “Аравт” зэрэг кино дэлгэцийн 20 орчим уран бүтээлд зургийн даргаар ажилласан нэгэн. Түүний хийж бүтээсэн ажил хөдөлмөрийг төрөөс үнэлж, төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрийг нь мялаажээ. Их театрын арын албыг хариуцан яваа УДЭТ-ын Үйлдвэр, техникийн хэлтсийн дарга Н.Батбилэгийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр урлагт заяасан тавиландаа хөтлөгдөн драмын театрын 80 гаруй жүжгийн чимэглэлийн ажлыг гардан гүйцэтгэсэн хөдөлмөрч мөн туйлын даруу хүн юм.

-Та ажил, амьдралын гараагаа номын санчаас эхэлсэн гэлээ. Ямар хувь зохиолоор урлагтай холбогдсон бэ?
-Миний ажил амьдралын гараа номын санч гэсэн сайхан мэргэжлээс эхлэлтэй. Хамгийн анх Архангай аймгийн Батцэнгэл суманд 1980 онд номын санчаар ажилд орсон юм. Тэр үед сумын дарга байсан хадам аавынхаа “ирээдүйн бэрээр” сонгогдчихсон байснаа яахан мэдэх билээ. Ингээд ханьтайгаа танилцаж, цэрэгт байхад нь захидал бичилцсээр гэр бүл болсон. Долоон жил сумандаа номын санчаар ажилласан би гэдэг хүн гэр бүлийнхээ хүнийг даган 1987 онд Улаанбаатар хотод анх хөл тавьсан. Хотод ирсэн даруйдаа хуучнаар Офицеруудын ордон байсан цэргийн ансамбльд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн юм. Гэтэл төд удалгүй манай ансамбль зураачгүй болсон учир энэ ажлыг давхар хариуцах үүрэг хүлээлээ. Би багаасаа л зураг зурах дуртай, зураач болох хүсэлтэй хүүхэд байсан юм. Тиймээс надад дуртай зүйлээ хийх нь таалагдаж, хоёр ажлыг торохгүй хийсэн дээ. Ингээд зураачаар цэргийн ансамбльд 12 жил ажиллаж, ажилдаа ч мэргэшээд авсан. Дараа нь зохиолч, найруулагч О.Машбатын байгуулсан “Монголжин” кино студид зургийн даргаар ажиллах санал ирсэн юм. Тус студын гаргасан “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Золиос”, “Жинжиймаа”, “Вансэмбэрүү” зэрэг кинонд зургийн даргаар ажилласан. Нэгэн удаа ээлжит уран бүтээл болох “Вансэмбэрүү” киноны зураг авалтыг хийхээр Завхан аймаг руу явлаа. Тэр үед тус кинонд Сувд захирал гол дүрд нь тоглож байсан юм. Тэр үед Сувд гуай намайг харчихаад “Чи манай театрт хэрэгтэй хүн байна. Манайд ирж ажилла” гэж хэлсэн юм. Ингэж л их театрын босгоор 2002 онд алхсан азтай хүн дээ би. Драмын теарт 15 жил ажилласан байна шүү.

-Та их даруу хүн юм. Таны тухай олон хүнээс магтаалын үг сонссон. Их театрт жолоочийн албыг хүртэл хашиж байсан гэж. Энэ тухай дурсахгүй юу?

-Сувдаа захирал манайд ажилд ор гэсний дараахан театрын захирал Д.Цэрэнсамбуу намайг дуудаж уулзан театрын жүжиг чимэглэлийн эрхлэгчээр авахаар болсон. Удалгүй театр микро автобустай болж, тэр автобусны жолоочийн ажлыг давхар хийж байсныг чи дуулсан байна. Нэг үе би гурван ажлыг давхар хашиж байсан удаатай. Үүгээрээ ч бахархдаг.

-Таны үед аливаа уран бүтээлийн хар зургийг хэрхэн гаргадаг байв. Зургийн дарга хүн яг ямар ажлыг гардан хийдэг вэ?

-Миний үед жинхэнэ палкатны үзгээр бичнэ, ямбуун дээр бийрээр зурна гээд бүгдийг гараар хийдэг байлаа. Тухайн үеийн тоглолтын сурталчилгааг хийхэд жүжигчдийнхээ зургийг харж байгаад л найман метр урт даавууг дөрөв хуваагаад л зурдаг байв. Харин одоо хэвлэлтэд өгөөд л болчихно. Зургийн дарга хүн тоглолт, жүжиг гээд бүх нарийн зүйлийн зургийг гардан хийдэг. Жүжигчдийн өмсөх хувцасны зураг, тайзны гоё чимэглэл гээд бүгдийг тухайн найруулагч, зураачийн гаргаж өгснөөр хийх үүрэг хүлээнэ. Ер нь аливаа уран бүтээлийн арын албанд маш том баг, хамт олон ажиллаж байдаг. Ялангуяа театрын арын алба тайз чимэглэл, гэрэл, дуу, шуугиан, хувцас хэрэглэлээс өгсүүлээд үүнийг бүтээдэг оёдолчин, мужаан гээд олон хүнийг багтаасан байдаг.

-Таныг дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн гэж дуулсан. Алтны дэргэдэх гууль шарладаг гэдэг шиг та жүжигчин болно гэж бодож байв уу? -Аливаа уран бүтээлд зургийн даргаар явж байх үед ганц нэг уран бүтээлд орох боломж гардаг. Хааяа манай найруулагч, продюссер маань алив нэг ийм туслах дүрд тоглоотох гэдэг юм. Завтай үедээ орчихно, завгүй бол амжихгүй гэдгээ хэлнэ. Иймэрхүү маягаар “Хуучин сүмийн нууц” киноны олны хэсэгт, “Үүр цайхын өмнө” киноны ядуу бүсгүйн дүр, “Ард аюуш”-ын баян айлын охин гээд мэр сэр бүтээсэн дүрүүд бий.

Микро автобусны жолоочийн ажлыг давхар хашдаг байлаа
-Театрын жүжгүүдээс хамгийн хэцүү, чимхлүүр ажил шаардсан тайзны чимэглэлийг та нэрлээч?

-Орсон цагаасаа хойш гэвэл “Тэнгэрийн хүү” жүжгийг хэлнэ. 200 гаруй хүнийг хувцаслах ажлыг хариуцахаас гадна тухайн онд буюу 2005 онд “Үхэж үл болно, Чингис хаан” киноны зургийн даргаар давхар ажиллаж байсан юм. Томоохон хэмжээний түүхэн хоёр уран бүтээл дээр зэрэг ажиллаж байсан тэр үеийг л хэцүү гэх байх. Одоо бодоход яаж амжуулсан юм гэмээр санагддаг шүү. Гэхдээ хамт олны хүч дэмээр бүх зүйл болдог учиртай.

-Тайзны чимэглэл, хувцаснуудыг хадгалдаг уу. Их театр том хэдий ч шинэ уран бүтээл гарах бүрт шинэ хувцас, чимэглэл нэмэгддэг байх. Үүнийг яаж багтаадаг вэ?

-Эрэгтэй, эмэгтэй хувцас тус тусдаа склаттай. Тоглогдож байгаа буюу урын санд байгаа бүхий л жүжгийн хувцаснууд хадгалаастай байдаг. Жүжиг тоглохоор болоход хувцас нь дүр дүрээрээ бүрэн байна. Цэрэндагва ахын хувцас гэхэд муудсан нэг нь актлагдаад, эсвэл хуучин хувцас нь байж л байдаг. Дүр нь өөрчлөгдсөн ч гэсэн жүжгийн хувцаснууд тэнд амь бөхтэй оршсоор л байдаг. Заримдаа хуучин хувцаснууд хуучны сайхан дурсамж сэдрээдэг шүү.
САНАЛ БОЛГОХ