BREXIT-ийн хэлэлцээрийг эхлүүлэх тухай захидлыг Европын Зөвлөлд гардуулна

Мэдээ

Их Британи Европын Холбооноос гарах тухай хэлэлцээрийг өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлнэ. Ийнхүү хэлэлцээрийг эхлүүлснээр Их Британийн хувьд томоохон худалдааны түншүүдтэй харилцаагаа шинээр тодорхойлж, Европ дахь улс төрийн интеграцийг өргөжүүлэх үйл явцад цэг тавих шаардлага тулгарна гэж үзэж байгаа юм. Лиссабоны гэрээний 50 дугаар зүйлийн дагуу BREXIT-ийн хэлэлцээрийг эхлүүлэх тухай Ерөнхий сайд Тереза Мэйн захидлыг Их Британийн Элчин сайд орон нутгийн цагаар 13.30 цагт Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускт гардуулна. Өмнө нь ямар ч улс энэ механизмыг хэрэгжүүлж байгаагүй юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн хувьд 2019 оны гуравдугаар сарын 29 гэхэд ажиллах хүчний урсгал, хууль тогтоох хяналтаа эргүүлэн авч Европын Холбоотой шинэ чөлөөт худалдааны хэлэлцээрт хүрэхийг зорьж байгаа ажээ. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй "Миний төлөвлөгөөгөөр Их Британи зөвхөн Европын Холбоог орхихгүй. Харин эдийн засаг, нийгмийн шинэчлэлээр хүчирхэг эдийн засаг, шударга нийгмийн суурийг тавихад чиглэнэ.

Улмаар Британийг эрх мэдэл бүхий цөөнхөд биш, хүн бүрийн төлөө ажиллах боломжоор хангана. Мөн энэ төлөвлөгөөний чухал хэсэг нь орчин үеийн аж үйлдвэрийн стратегийг хөгжүүлэх явдал юм. Ингэснээр британичуудыг өндөр ур чадвартай, өндөр цалинтай болгох миний зорилтыг биелүүлж нийгмийн бүх давхаргыг боломжоор хангана" гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна Шотландын Тэргүүн сайд Никола Старжены санаачилсан Их Британиас салан тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулгыг Шотландын Парламент хоёр жилийн дотор зохион байгуулна гэж мэдэгдлээ. Никола Старжен Их Британи Европын Холбоог орхихоос өмнө шотландчууд цаашдын ирээдүйдээ санал өгөх боломжоор хангагдах ёстой гэж мэдэгдсэн байна.

Никола Старжен "Бид өөрчлөлтийг өөрсдөө шийдвэрлэх эрхтэй байх ёстой. Шотландын ард иргэд BREXIT-ийг дагах болон тусгаар улс болох гэсэн хоёр сонголтоос зөвийг нь хийх эрхтэй байх хэрэгтэй. Хэрвээ бид үүнийг хүлээн зөвшөөрвөл цаашдын ирээдүйгээ шийдвэрлэх эрхээр хангагдана. Харин дараагийн асуулт нь цаг хугацааны асуудал. Сонголтоо хэзээ хийх нь хамгийн оновчтой вэ гэдэг нь чухал. Одоо цаг нь биш гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрсөн. BREXIT-ийн нөхцөлүүд тодорхой болох үед тусгаар улс болоход тулгарах сорилтууд болон боломжуудыг харгалзан үзэж сонголтоо хийх нь зөв гэж би үзэж байна" гэж онцоллоо.



САНАЛ БОЛГОХ