Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан 2000 иргэнээс 214 байранд эрэмбэлж оруулна

Мэдээ

Гуравдугаар сараас Төрийн орон сууц корпораци “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэж эхлээд байна. Энэ удаад "Буянт-Ухаа 2" хорооллын 214, орон нутагт байрлах 146, нийт 360 айлын орон сууцыг түрээслэх юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан Засгийн газрын шийдвэрийн дагуу хот болон хөдөө орон нутагт баригдсан 70 ам метр хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлээд байна. Энэ сардаа багтаан өмнө нь материалаа өгсөн иргэд материалаа шинэчилж өгч байгаа бол шинээр хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг авах хугацаа тодорхойгүй байгаа талаар Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн түрээсийн орон сууц хөтөлбөрийг 2600 гаруй иргэн хүсэлт гаргаснаас 600 орчим нь хөтөлбөрт хамрагджээ. Улсын хэмжээнд 2013 онд 18.4 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байсан бол 2016 онд энэ тоо 68 хувиар өсөж, 27 мянган өрх орон сууц түрээслэн амьдарсан гэсэн судалгаа байдаг.

Сүүлийн жилүүдэд орон сууцны барилга олноор баригдаж, ашиглалтад орж байгаа ч иргэдийн санхүүгийн чадавхаас хамааран орон сууцыг шууд болон зээлээр худалдан авах боломж хомс хэвээр байгаа ажээ. Харин эдгээр орон сууц шууд худалдан авах боломжгүй, өөрөөр хэлбэл урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага дунд орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууц хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн ТОСК-аас Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа бол энэ онд 972 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид түрээсийн орон сууц хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Одоогоор түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сугалаагаар тодруулж байгаа аж. Цаашид “сугалаа”-гаар явах зарчмыг халж, хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг нийслэлд шилжүүлнэ гэдгийг Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлж байна. Холбогдох дүрэм, журмын дагуу нэг ам метр түрээсийн төлбөр нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байх юм. Залуу гэр бүл, хувийн байгууллагад ажилладаг эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэгч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж, тав хүртэлх жилээр гэрээ хийх боломжтой ажээ.



САНАЛ БОЛГОХ