Сүхбаатар аймагт ноолуурын үнэ кг тутамдаа 95 мянган төгрөг хүрэв

Мэдээ

Хөдөө аж ахуйн бирж энэ сарын 24-28-нд Сүхбаатар болон Хэнтий аймагт боловсруулаагүй ноолуурын дуудлага худалдаа зохион байгууллаа. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суман дахь агуулахаас 1200 гаруй кг ноолуурыг биржээр дамжуулан 114.2 сая төгрөгөөр ченжүүд худалдан авчээ. Ингэснээр ноолуурын үнэ кг тутамдаа 95 мянган төгрөг хүрсэн байна. Ямааны ноолуурын ханш 2014 онд нэг кг нь 85 мянган төгрөг давснаар хамгийн өндөр үнэд тооцогдож байсан. Харин өмнөх онтой харьцуулахад ноолуурын үнэ бараг хоёр дахин өндөр үнэ хүрээд байна. Сүхбаатар аймагт нэг кг ноолуур 92-94 мянган төгрөгөөр борлогдож байгаа бол Хэнтий аймгийн төвд 100 мянга харин Өмнөдэлгэр суманд 97 мянган төгрөгт хүрчээ. ҮСХ-ны мэдээлснээр улсын хэмжээнд 2016 оны эцсийн байдлаар 25.5 сая ямаа тоологдсон. Энэ нь өмнөх онтой харьцуулахад хоёр саяар өссөн дүн юм.

Ноолуурын чанараараа хамгийн сайн аймгуудын тоонд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг багтдаг талаар Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Х.Баатар өмнө нь онцолж байсан. Баруун аймгуудын хувьд ямааны ноолуур хялгас ихтэй, бүдүүн ширхэгтэй байдаг учраас үнэ нь арай хямд байдаг аж. Түүнчлэн Монголын ноос, ноолуурын холбоо малчид энэ онд 8500-8700 тонн ноолуур худалдана гэж тооцоолжээ. Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн онд нийт 7000 тонн ноолуур арилжсан. Сүхбаатар, Хэнтий аймгаас гадна Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгорт ноолуурын дуудлага худалдаа хийхээр төлөвлөж байгаа талаар бирж мэдээллээ.



САНАЛ БОЛГОХ