Владимир Путин: ОХУ, Иран хамтарч терроризмын эсрэг тэмцсээр байна

Мэдээ

ОХУ, Иран улс эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Сири, Афганистанд энх тайвныг тогтооход хамтын хүчээ дайчилна гэдгээ мэдэгдлээ. Хоёр улсын тэргүүн нар Кремльд уулзалт хийсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Иран болон ОХУ олон улсад терроризмын эсрэг тэмцэхэд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдлээ. Манай хоёр улс "Исламын улс" бүлэглэл, "Аль Нусра" фронтыг устгах, Сирийн нөхцөлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх тал дээр бүх талаар хамтарч ажиллах болно. Мөн бид атомын цахилгаан станц барих хамтарсан төслүүдийн талаар ярилцсан. ОХУ энэ чиглэлд Иран улсад ихээхэн дэмжлэг үзүүлж ажилладаг" гэжээ. Харин Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани "ОХУ, Иран улс терроризмын эсрэг тэмцэх хүрээнд Сири, Йемений нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ бүсэд бүх террорист ажиллагаа эцэс болох хүртэл бид энэ тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно" хэмээн онцолжээ.

ОХУ, Турк, Иран улс "Гал зогсоох хэлэлцээр" санаачилсан нь үр дүнгээ өгч Сирийн хурцадмал байдлыг сааруулсан гэж ажиглагчид онцолж байгаа юм. Үүнээс гадна ОХУ, Иран улс Бушехр хотод дахин хоёр цөмийн эрчим хүчний станц барих тухай хэлэлцээ хийж байна. Иран улс ОХУ-ын тусламжтайгаар анхны цөмийн станцаа ашиглалтад оруулж байсан юм. Мөн талууд цаашлаад Иранд газрын тос, байгалийн хийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд судалгаа хийхээр болжээ.



САНАЛ БОЛГОХ