Монгол Улсын Засгийн газар 4.8 тэрбум ам.долларын гадаад өртэй байна

Мэдээ

Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 2.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 2016 оны эцсийн нэгтгэлээр 24.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2010 оны эцэст гадаад өр 5.9 тэрбум ам.доллар байсан талаар Монголбанк мэдээлж байна. Одоогоор нийт дүнгээр Засгийн газрын өрийн хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 4.8 тэрбум ам.долларт хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 43.2 хувьтай тэнцэж байна. Мөн Засгийн газар, аймаг, нийслэлээс гадна Монголбанканд хамааралтай тооцогдож байгаа өр хэмжээний хувьд 2016 оны IV улирлын байдлаар 1.7 тэрбум ам.доллар байжээ. Төлбөрийн тэнцлээс харахад өнгөрсөн оны мөн үед Монгол Улс 92.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас /зээл/ авсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 208.7 сая ам.долларын эх үүсвэрийг гадагш /зээл олгосон/ гаргасан байна.

Үүнээс гадна гадаад санхүүжилт 300.9 сая ам.доллараар буураад байгааг Монголбанк тайлагнажээ. Цаашид гадаадын улс орон, олон улсын байгууллагаас авах зээл нэмэгдэхээр байгаа энэ үед зөвхөн өрийн дүнг ярьж, зээлийн үйлчилгээний төлбөрийн асуудлыг орхигдуулж байгааг Нээлттэй Нийгэм Форумаас анхааруулжээ. Тухайлбал, 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зээлийн үйлчилгээнд төлсөн мөнгөн дүн нэг их наяд төгрөгийг даваад байна. Мөн цаашид 2018 оны нэгдүгээр сард төлөгдөх 500 сая ам.доллар, зургаадугаар сард төлөгдөх нэг тэрбум юанийн гадаад бондын үндсэн төлбөрийг төлөх хуримтлал бий болгох асуудал яригдах бөгөөд энэ асуудал нь 500 сая ам.долларын “Чингис” бонд, нэг тэрбум юанийн “Дим Сам” бондын үндсэн төлбөрийн төлөлт дээр хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж эдийн засагчид үзэж байна.



САНАЛ БОЛГОХ