Шат ахисан санхүүгийн түншлэл

ХАМТЫН АЖИЛЛАГАА

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд салбарын үйл ажиллагаа хумигдахгүй

Монгол, Японы санхүүгийн түншлэл шат ахиж, шинэ түвшинд хүрлээ. Манай улсын Санхүүгийн зохицуулах хороо Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагтай харилцан ойлголцлын баримт бичгээ шинэчлэв. Хоёр тал 2014 оноос Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжүүлэхээр хамтран ажиллаж эхэлсэн. Харин энэ удаад хөрөнгийн зах зээлээс гадна даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг банкны бус салбарын чадавхыг бэхжүүлэхэд хамтрах аж. Түүнчлэн хил дамнасан санхүүгийн үйлчилгээг дээшлүүлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг сайжруулахад нэгдэхээр болжээ.

Японы Санхүүгийн үйлчилгээний агентлаг нь тус улсын банк болон банк бус салбарыг зохицуулдаг бөгөөд “Mitsubishi UFJ”, “Bank of Tokyo”, “Sumitomo Mitsui” томоохон банкуудын үйл ажиллагааг хянадаг. Мөн дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг Токиогийн хөрөнгийн бирж буюу Тошогийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг толгой байгууллага аж.


   БАНКНААС БУСАД САНХҮҮГИЙН САЛБАРЫГ ТЭЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Монгол, Японы төлөөлөгчид Токио хотод санамж бичиг үзэглэх үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хамтын ажиллагааг шинэчилснээр ямар шинэ боломжууд бий болох вэ?

-Монгол, Японы парламентын түвшний уулзалт болж буйтай зэрэгцээд хоёр улсын санхүүгийн салбарын байгууллагууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь УИХ-аас Монгол Улсад санхүүгийн салбарыг хөгжүүлэх, олон тулгуурт тогтолцоо бий болгоход анхаарч буйн илрэл гэж ойлгож болно. Манай санхүүгийн салбар банк давамгайлсан бүтэцтэй. Үүнийг өөрчлөх, олон тулгууртай болгох, үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх шаардлага бий. Санхүүгийн зохицуулах хороо хууль, эрх зүйн хүрээнд Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдлыг хангах, холбогдох хууль журам, зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байна.

-Канадад болсон PDAC чуулганы үеэр Монголын хөрөнгийн бирж Канадын хөрөнгийн бирж хооронд хамтран ажиллахаа харилцан илэрхийлж байсан. Энэ удаагийн уулзалтаар Токиогийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах талаар хэлэлцэх үү?

-Санамж бичиг байгуулснаар Токиогийн хөрөнгийн бирж болон Японы хяналт шалгалтын байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа. Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн удирдлага дор Токиогийн хөрөнгийн бирж болон Хяналт шалгалтын байгууллага ажилладаг. Тиймээс энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцэнэ. Тэрчлэн Японы Хамтын ажиллагааны байгууллага болох JICE-тай хөрөнгийн биржид IPO босгох чиглэлээр хамтран ажиллаад эхэлсэн. Үүнийгээ ч өргөжүүлнэ. Энэ хүрээнд 2018 он гэхэд хэд хэдэн IPO хийхээр төлөвлөж байгаа.

» Манай улсын Санхүүгийн зохицуулах хороо Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагтай харилцан ойлголцлын баримт бичгээ шинэчлэв.
» Японы Санхүүгийн үйлчилгээний агентлаг нь тус улсын банк болон банк бус салбарыг зохицуулдаг.
» Токиогийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа.

-Засгийн газрын урьдчилсан тохиролцооны хүрээнд буй ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр санхүүгийн салбарт ямар өөрчлөлт гарах бол?

-Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийгмийн чиглэлийн үйл ажиллагааны зардал танагдахаар байгаа. Цаашлаад сангийн болон татварын бодлогод зарим өөрчлөлт гарч болзошгүй. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд арилжааны банкнаас бусад санхүүгийн байгууллага болох брокер, дилерийн компани, ББСБ, даатгал, хадгаламж зээлийн хоршоо зэрэг байгууллагад зохицуулалт хийдэг. Тиймээс эдгээр байгууллагыг дэмжих, үйл ажиллагааг нь сайжруулах, ирэх жилүүдийн бодлогыг тодорхойлоход эрчимтэй ажиллана. Гэхдээ энэ салбар нь санхүүгийн салбарын нийт активийн тав хүрэхгүй хувийг эзэлж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа нь хумигдахгүй. Харин ч бүтцийн өөрчлөлт эрчимжиж, банкнаас бусад санхүүгийн салбарт эерэг нөлөө авчирна гэж үзэж байна. Бид ч дэмжлэг үзүүлнэ.

САНАЛ БОЛГОХ