Авлигын эрсдэл байгаа, эсэхийг хянаж болно

ЗГМ: Тодруулга

Хамгийн боловсронгуй тогтолцоо нь Канад улсынх

АНУ-ын Аляскийн их сургуулийн Бизнес, төрийн удирдлагын коллежийн профессор Жон Даффи сонгуулийн зардлыг хэрхэн тайлагнадаг тухай дөрвөн улсын практикийг харьцуулан судалжээ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сонгуулийн зардлыг хэрхэн тайлагнадаг тухай харьцуулан судалжээ. Хамгийн боловсронгуй тогтолцоо нь аль улсынх байна вэ?
-Хамгийн боловсронгуй тогтолцоо нь Канад улсынх. Учир нь тус улсын хувьд сонгуулийн санхүүжилт босгож, зарцуулж байгаа үйл явц нь олон нийтэд нээлттэй, ил тод байдаг. Өөрөөр хэлбэл, сонгогч сонголтоо хийхдээ тухайн улс төрийн хүчин болон нэр дэвшигчийн санхүүжилтийн мэдээллийг бүрэн авах боломжтой. Тухайлбал, улс төрийн нам болон нэр дэвшигч хэнээс хандив авч болохыг хуульчилсан байдаг. Мөн тухайн санхүүжилтийг хэрхэн зарцуулж байгаа нь хүртэл ил тод. Сонгуулийн санхүүжилтийн зардлын тайланд бүрэн тусгасан байдаг. Мөн Герман, Австралийн тогтолцоо ч бусад оронтой харьцуулахад боловсронгуй болсон хэмээн дүгнэж байна.

-Зарим орон сонгуулийн санхүүжилтийн зардлын тайланг санал хураалтаас өмнө гаргаж байна. Энэ нь сонгогчдын боловсролыг дээшлүүлж, сонголтод чухал нөлөө үзүүлж байна?
-Сонгуулийн санал хураалтын дараа санхүүжилтийн зардлын тайланг гаргах нь буруу зүйл биш. Учир нь энэхүү тайлангаас авлигын эрсдэл байгаа, эсэхийг харж болно. Тухайн улс төрийн хүчин болон нэр дэвшигч хаана, хэнээс санхүүжилт авсан нь тайланд тусгагдсан байдаг. Мөн сонгогчдод хяналт тавих боломж бүрдэж байгаа. Хэдийгээр тухайн нэр дэвшигч ялалт байгуулсан ч дараагийн сонгуульд хариуцлага тооцох боломжтой шүү дээ.

-Сонгуулийн кампанит ажлын үед бохир мөнгө эдийн засгийн эргэлтэд орох нь элбэг байдаг. Үүнийг сонгуулийн санхүүжилтийн зардлын тайлангаар дамжуулан хяналт тавих боломжтой. Иймээс сонгуулийн санхүүжилтийн зардлын тайланг илүү боловсронгуй болгоход ямар алхам хийх ёстой вэ?

-Санхүүжилтийн зардлын тайланг илүү нарийвчилсан байдлаар гаргах нь чухал. Тухайлбал, бичиг хэргийн зардалд ямар, ямар зарцуулалт байхыг хуульчилсан байдаг. Мөн хэвлэл мэдээллийн зардалд юу багтаж байхыг нарийвчлан тусгахаар АНУ хуульчилсан. Энэ бол давуу тал. Санхүүжилтийн зардлын тайландаа бусад зардал гэж тусгадаггүй. Энэ нь санхүүжилтийн зардлыг оновчтой хянах боломжийг олгож байгаа юм. Зардлын тайланг ерөнхийлөн гаргах нь хууль бус үйл ажиллагаа явуулах үндэс болдог.

-Монгол Улсын сонгуулийн санхүүжилтийн зардлын тайланд дүгнэлт хийсэн үү? -Хийгээгүй байгаа.
САНАЛ БОЛГОХ