Манай хөрш Төв Азид харанга дэлдлээ

Судлаачийн үг

Төв Ази буюу ССС Р-ийн Дундад Ази эдүгээ лалын шашны солиотнуудаар хахаж байна гэвэл монголчууд үнэмших үү? Гэтэл Стамбулд шинэ оны шөнө хядлага үйлдчихсэн Абдулгадир Машарипов гэж узбек нөхөр, түүнийг орогнуулагч нь киргиз хэмээн сэжиглэсэн. Тус хотод дундад азийнхны террорист том сүлжээ байдаг ба “Абу Мухаммед Хорасан” гэх нэрээр алдаршсан, Сирид байлдаж туршлагажсан тийм этгээд лалын өс авалтаар урвагч түрэгүүдийг хашраасан нь байв.

Оросын шинжээчдийн үздэгээр, Ойрхи Дорнодод “Лалын улс” гэх террорист бүлэгт Дундад Азиас элссэн 500 узбек, 360 туркмен, 100 киргиз, 190 тажик, тоог нарийвчлан тогтоогоогүй олон арван хасаг, бүр хэтрээд БНХАУ-аас очсон 300 орчим уйгур, хасаг байна гэжээ. “Туркестаны лалын нам” гэх бүлэгт уйгур, чантуу, хасаг, киргиз, тажик, туркмен хэдэн мянгаараа байх ба “Лалын улс”- д данстай нь 2000-4000 байна хэмээн британи судлаач Чарли Винтер тооцоолжээ.

СССР задармагц лалын шашны мухар сүсэг, хагас феодализм нэгэн зэрэг сэргээд Төв Азийг төрөл арилжуулжээ. Энд Туркменистан, Тажикистаныг жишээлдэг. Дундад зууны эмиратыг ХХ зууны төгсгөлд сэргээн байгуулж чадсан Туркмены Сапармурат Ниязов овог аймгуудын ахлагч нараар дамжуулан үнэхээр хязгааргүй хаан лугаа тухалсан. Тажикистанд Эмомали Рахмон нь кулябын клан, Дангар хотын нутгийн зөвлөл, өөрийн гэр бүлийнхний засаглал тогтоожээ. Киргизэд Аскар Акаев 15 жил ардчиллын нэрээр хязгааргүй засаглаж байгаад хөөгдсөн. Узбекистанд 25 жил дарангуйлсан ганц лидер нь хорвоог орхилоо. Энэ улс хямралын босгон дээр дэнжигнэхгүй гэх баталгаа алга. Ганц болж бүтэж байгаа нь Казахстан байх шиг.

Орос ба Өрнөдийнхний хувьд Төв Ази нь ямагт нэг, цул, хоорондоо нэг их ялгарахгүй хэсэг улсуудын цуглуулга хэмээн харагдаж ирсэн. Ерөөсөө Европын Холбоо, АНУ, Япон, магадгүй Хятад ч нэг цул бүс нутаг хэмээн хүлээн авдаг болов уу. Нэг цул гэдэгт нэгдмэл нэг шашин нь орохоос гадна ажиллах хүчний ба түүхий эдийн эх ундарга, бараа борлуулах зах зээл гээд жагсааж болно.

Гэтэл яг начир дээрээ Төв Азийн ард түмэн бүхэн өөр өөрийн онцлогтой. Хэзээ ч нэгдмэл нэг цул байж чадахгүй. Киргизийн Гадаад хэргийн сайд асан Муратбек Иманалиев, судлаач Валентин Богатырев нарын бичсэнээр бол, Төв Азийг нэгтгэж нягтруулах гурван төсөл байж болно гэнэ.

Эхний төсөл. Евразийн эдийн засгийн холбоо. Санаачлагч нь Орос, Казахстан байгаа нь Казахстаныг дагаж тийшээ бараадвал хуучин ЗХУ лугаа баталгаа гараад ирэх юм биш байгаа гэх горьдлого.

Хоёрдахь төсөл. «Торгоны замын эдийн засгийн бүслүүр». Хятад санаачилсан учраас Төв Азийг хэтдээ Хятад мөлжих байх гэсэн хардлага давамгайлсан, тэр утгаар болгоомжтой хандаж буй.

Гуравдахь нь. Лалын фундаментализм. Өргөн утгаар Төв Азид хүчтэй тархаж буй, хүн амын өргөн хүрээг хамарч буй, тэр нь шударга ёс тогтоох гол арга зам хэмээн үздэг төсөл.

Ийм гурван төслөөр Төв Ази “нэг цул” болж чадах уу. Гурван төслөөс гуравдахь нь хамгийн эрчтэй тархаж, хил хязгаар үл харгалзан бэхжиж байгаад гол аюул оршиж байх шиг. Хил хязгаар гэдгээр Төв Азийн таван улс, Хятадын Шинжаан, Афганистаныг хамруулж үздэг.

Узбекистан харизматик лидерээсээ хагацсан. Орных нь хүн бэхжиж хараахан чадаагүй. Тус улсад янз бүрийн экстремист бүлгүүд олон бий. Ташкент хот, мөн Ташкент муж, Ферган, Хорезм, Кашкадарь мужид “Лалын улс”-тай холбоо сүлбээтэй 200 хүн баривчиллаа гэсэн. Тэдний ихэнх нь Сири, Ирак, Афганистанд дайтаж яваад эх орондоо ирсэн боевикууд. Энэ бол саяхны мэдээ.

Киргизэд экстремистүүд үе үе халдлага үйлддэг. 2010 онд Бишкект «Жайшуль Махди» гэх исламист бүлэг бөмбөг дэлбэлсэн, цагдаа нарыг хөнөөсөн. 2011 онд Казахстаны Жамбул хотод «исламизмын солиот» Максат Кариев гэгч жинхэнэ хядлага өдөөсөн. Цагдаа алж, зэвсгийн дэлгүүр дээрэмдэн, машин булаан авч, бүр гранатометоор зэвсэглэн байлдаж байв. Мөн онд Актюбинск хотод Рахимжан Махатов гэх исламист, өөр нэг амиа золиослогч Астанад до яамны ойролцоо өөрсдийгөө дэлбэлж байв. Мөн онд Актюбинск мужийн Шубарши тосгонд цагдаа, спецназын эсрэг жихадистууд тулалдав. Саяхны жишээ. 2016 оны зун Актюбинскэд экстремистүүд террорист атак үйлдэв. Салафитууд (шашны солиотнууд) оролцсон тэр байлдаанд 18 боевикийг устгажээ.


Энэ олон халдлага, зэвсэгт мөргөлдөөний эцсийн цаад ариун зорилго нь Төв Азид “Халифат” байгуулах явдал хэмээн шашны солиотнууд номлодог. Цоо шинэ төрт-улсаа цогцлооно гэсэн үг. Нийгмийн дунд, доод давхаргынхан цэнгэлийн манлайд хүрч болох шударга төр улс шариатын хуулийн дор оршин тогтноно гэнэ. Казахстан, Киргизстанд шашны дээр муфтият нь цаад экстремистүүдээ өмгөөлж хаацайлсан байр суурьтай, бас төр засагтаа их нөлөөтэй. Шашныхаа ариун зорилгыг өмнө тавибал тэр европын ёс зүйгүй, эх захгүй соёл, архидалт нэвтэрсэн нь Аллахын сургаальтай харш учраас тэгж тэмцэх нь буруу биш гэнэ.


“Подполье” гэсэн тодотголтой лалын шашны нууц бүлгүүд Төв Азид хурын дараах мөөг шиг олширсон ба Бухар, Самарканд нь түүхэндээ исламын түүхэн төвүүд байсныг сэргээх, Оренбургийн муфтият гэж Хаант Оросын үеэс (XVIII-XX зуун) байсныг сэргээх гэхчлэн элдэв лоозон дэвшүүлжээ. Эдүгээ таван БНУ-д таван тусдаа муфтият ажиллаж байна. Муфтий буюу их хамба нь (Хожи Акбар Туражонзода гэгч) сөрөг хүчний талд орж төр засагтайгаа 1992-1997 онд дайтсан түүхэн туршлага Тажикистанд байна. Гэвч тус улсад фундаменталистууд мөчөөгөө өгөхгүй байсаар байсан тул Душанбейн эрх баригчид 2015 оноос Лалын сэргэн мандлын нам гэгчийг хориглоод байна.

Узбекистанд исламистууд засгийн эрхийг олон жил хүсч Бишкект, 2003 онд Киргизийн Ош хэмээх өмнөх нутагт томхон террорист халдлага үйлдсэн ба Узбекистаны дотоодод ч үе үе байлдсаар байв.

Байдал ийм ноцтой ч, цаад утгаараа Төв Ази дахь исламизм лалын ертөнцдөө гайхагдаж, 2007 онд Лалын бага хурлын байгууллагаас Ташкентыг исламын соёлын нийслэл хэмээн нэрлэх болсон нь нэн гайхалтай. Хувь заяаны шоглоом ч гэлтэй.

Явж явж төв азийнхан одоо л нэг зөв дүгнэлт хийж байх шиг. Казахстан, Киргизэд 1990-ээд оны эхээр коммунист үзэл суртлыг орлуулж лалын шашныг чөлөөтэй тавьсан нь хожмын их гай тарих үндэс болжээ. Шашны тэр сэргэлтийг «Исламын ренессанс» хэмээн нэрлэнэ. Юуны өмнө мөргөлийн газар-мечетийн тоог төрөөс хөхиүлэн өсгөжээ. Киргизэд 1991 онд мечеть ердөө 39 байсан бол хэдхэн жилийн дараа хэдэн зууд хүрч, 2012 он гэхэд 1800 мечеть тус улсыг сүлжжээ. 2000 оны үеэс Киргизэд медресүүдийг огцом өсгөж, лам мулла нараа Пакистан, Сири, Саудын Араб, Эмират руу сургахаар хэдэн зуугаар нь илгээжээ. Киргизийн медресүүдэд монгол хөвгүүд ч олноороо очсон гэх мэдээлэл бий. УБ-Бишкекийн хооронд шууд нислэгтэй, тиймээс тийшээ лалын шашны сургуульд явах зам нь нээлттэй. Абдель Азиз бен Насер Аль Турки гэдэг нөхрөөс үнэлж магтсан үгс.

Ингэж магтуулах ч яахав. Мечеть, медресийн тоо өсөөд байдаг, олон мянгаар нь мулла нараа бэлтгээд байдаг, нөгөө талд нь аллага, дэлбэлэлт, амиа золиослогч, шашны солиотнуудын тоо прогрессоор өсөөд байдаг. БНУ-аа «Лалын Халифат» болгоно, тэр болтол тэмцэнэ гэсэн итгэл үнэмшил нийгмийн доод, ядуу, эмзэг давхаргад бэхждэг. Ийм үзэлтнүүдийг спонсорлох улс орон, сан, “подполье” дүүрэн байна. Пакистан дахь экстремистүүдийн лагерь Төв Азийн залууст нээлттэй байна. Нөгөө 1990-ээд оны эхээр мөрөөдсөн ханафит мазхаб (аядуу исламын сургааль) нь байдаггүй, арабын ертөнц рүү ном сурахаар явсан болгон нь өөр шашин, өөр соёлыг (эх оронд нь буй христосын шашин, европын ба оросын соёл) үзэж чаддаггүй шашны солиотнууд болж буцаж ирдэг. Ирээд амиа золиосолтлоо тэмцдэг.

Цөхрөнгөө барсан Төв Азийн удирагчид гэнэт ухаарчээ. 2011 онд Казахстаны Назарбаев шашны экстремизмийг анхлан зад шүүмжилжээ. БНУ-аа шашны хэнээрхэл, хэт давралтаас хамгаалахыг уриалжээ. Бөмбөг тээж коран судар сугавчилсан миссионерууд тус орноор хөлхөж байсныг таслан зогсоож эхэлжээ. Радикал исламчлал БНУ-д маань хэрэггүй хэмээн Киргизстаны Алмазбек Атамбаев 2014 онд зарлажээ. Засаг төр нь түүнтэй тэмцэнэ гэв. «Киргизийн ард түмэнд танихгүй хувцас, танихгүй хэл, уламжлал бүү тулгагтун!» хэмээн тэрээр шашны номлогч нартаа шууд анхаарууллаа. Энэ улсад исламчлал хэрээс хэтрээд, лалын радикал урсгал хүчтэй нэвтрээд, салафитуудын тоо хэтрээд, ваххабизм нийгэмд ноёлж эхэлмэгц эрх баригчид гэнэт ухаарчээ. Хөрш Төв Азийн улсууддаа АНУ-ын ба Өрнөдийн нөлөө хүчтэй суух вий хэмээн хэт болгоожилсон. Орос нь нэг мэдэхнээ өмнөө лалын тэсрэх бөмбөг, минийн бүхэл бүтэн талбай буй болгуулчихсан суугаагаа ухаарах сөхөө алга. АНУ-ын тал баримтлагчид төрийн эрхэнд гарч ирэхгүй байвал барав. Америкийн аюул Төв Азид алга, харин лалын их аюул оршиж байна гэдгийг «Валдай» клуб, «Гадаад бодлого» гэх агентлагаас толилуулсан «Олон улсын аюул занал-2016» баримт бичигт өнгөрсөн онд анхааруулж байсансан.

Хэрэв Төв Азийн аль нэг суларсан улс нь коллапс болж, тэнд террорист квази-төр улс (Талибаны Афган шиг) үүсвэл ОХУ руу радикалууд өдөр шөнөгүй цувна, Орос тайван байна гэж гонж, тийм суларсан улс нь Тажикистан байж болно, гэм нь тажик мигрантууд Оросоор дүүрэн хөлхөж байгаа.

Төв Азиас гадна Кавказад лалын аюул оршсоор байна. Нагорно-Карабахт зэвсэгт мөргөлдөөн шатлан өргөжөө л бол Москва Бакутай харилцаагаа хурцатгана, Анкара Азербайжанаа дэмжинэ. Украинд мөргөлдөөн дахин дэгдэж, Оросын нөгөө жигүүрээс аюул учруулна. Ингээд Оросын хувьд Төв Ази-Кавказ-Украин гэсэн аюулын цагариг үүсгэнэ хэмээн «Валдай»-н экспертүүд зөвлөжээ.


САНАЛ БОЛГОХ