Porsche компани ажилчдаа шагнана
Porsche нэгж бүтээгдэхүүнд ногдох цэвэр ашгаар тэргүүлдэг
Борлуулалтаар өнгөрсөн онд дахин шинэ амжилт тогтоосон Porsche компани бүх ажилтан, ажилчиддаа томоохон шагнал олгохоор боллоо.
Тус компанийн цэвэрлэгчээс эхлээд угсрах цехийн ажилтан 21000 хүн тус бүрт 9111 еврогийн мөнгөн шагнал олгохоор болсноо хэвлэлээр мэдэгдэв. Олгож буй мөнгөн шагнал нь Porsche компани 1963 оноос хойш тасралтгүй үйлдвэрлэж буй 911 цуврал загварын тоог бэлгэдсэн утга агуулжээ.
Аварга амжилтын үлэмжхэн хэсэг нь кроссовер SUV автомашины амжилттай борлуулалттай холбоотой. Porsche компани 2016 онд 80000 ширхэг Macan, 73000 ширхэг Cayenne борлуулсан юм. Сүүлийн гурван жилийн дүнгээр тооцвол, 2014 онд зах зээлд шинээр гарсан Macan загвар нийт борлуулалтын 40 хувийг эзэлж байна.
Ажилтан, ажилчдад шагнал олгох шийдвэрийг тус компанийн үйлдвэрлэлийн зөвлөлөөс гаргадаг. ХБНГУ-д таваас дээш тооны ажилтан, ажилчдаас өөрийн гэсэн үйлдвэрлэлийн зөвлөлтэй. Компанийн үйл ажиллагаатай холбоотой чухал шийдвэрийг ажил олгогчид санал нэгтэй гаргаж чадаагүй нөхцөлд үйлдвэрлэлийн зөвлөлийн оролцоо чухал үүрэгтэйг Европын үйлдвэрчний эвлэлүүдийн хүрээлэн тайлбарлав.
Дээд зэрэглэлийн спорт машинаараа алдартай герман үйлдвэрлэгч 2016 оны санхүүгийн жилд 237778 ширхэг автомашин борлуулж, 22.3 тэрбум еврогийн орлого олж, 3.9 тэрбум еврогийн цэвэр ашигтай ажилласан байна. Тус компанийн борлуулалт сүүлийн гурван жилийн хугацаанд даруй 47 хувиар өсчээ. Porsche компани 2015 онд борлуулалтаараа шинэ амжилт тогтоосонтой холбогдуулан ажилтан, ажилчин бүрт 8911 еврогийн мөнгөн шагнал олгож байв.
Volkswagen хүнд нөхцөлд байгаа ч, салбар Porsche компанийн бүтээгдэхүүний борлуулалт байнга тогтвортой өссөөр ирлээ. Volkswagen концерн дотроо Porsche нэгж бүтээгдэхүүнд ногдох цэвэр ашгийн хэмжээгээр толгой цохьдог. Эдүгээ Porsche компани үйлдвэрлэж буй машин бүрээсээ 17250 ам.долларын цэвэр ашиг олж байгаа нь цоо шинэ Chevrolet Cruze машины үнэтэй тэнцэнэ. Харьцуулахад Daimler AG, BMW AG компани үйлдвэрлэж буй машин бүрээсээ дундажаар 5000 ам.долларын цэвэр ашиг олдог.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй