ОХУ-ын Ерөнхийлөгчийн машины туршилтын загвар

Авто зах зээл

ОХУ-ын төрийн байгууллагын хэрэглээнд зориулсан автомашин бүтээх “Кортеж” хөтөлбөрт багтаж буй ЕМП-4123 седан машиныг Скандинавт туршиж байх үеэр сэтгүүлчид зургийг нь авч амжлаа. Гадна талыг нь “өнгөлөн далдалсан” седан машиныг Шведэд замын туршилтаар шалгаж байх үеийн зургуудийг Motor1.com сайтад тавьжээ.

Зургаас үзвэл туршилтын загварын гадна хийц 2016 оны зургадугаар сард ОХУ-ын Патентын албанд бүртгүүлсэн загварын хийцтэй адил байгаа. Эцсийн үйлдвэрлэлийн загварын гадна хийц үүнээс ялгаатай байх ёстой талаар шинжээчид тайлбарлав.

ОХУ нь “Кортеж” төслийг 2012 оны эцсээр боловсруулжээ. Засгийн газраас санхүүжүүлж буй төслийн дагуу дөрвөн өөр ангиллын автомашин бүтээхэд зориулсан нэгдсэн платформ бүтээж байгаа. Төслийн гүйцэтгэгч нь ОХУ-ын НАМИ буюу Автомашины шинжлэх ухааны хүрээлэн.

Төслийн дагуу бүтээх седан (индекс ЕМП-4123), бартаа туулагч (ЕМП-4124), микроавтобус (ЕМП-4125), болон хуягласан, хуяглаагүй хоёр төрлийн лимузин бүгд дөрвөн дугуй нь байнгын хөтөлгөөтэй байх юм.

Хөдөлгүүрийг ХБНГУ-ын Porsche Engineering компанитай хамтран бүтээж байна. Төсөлд багтаж буй “энгийн” зориулалттай машинд 4.4-4.6 литрийн найман цилиндрт V хийцтэй бензин хөдөлгүүр тавина.

Харин Ерөнхийлөгчийн лимузин загваруудад 6.6 литрийн V12 хөдөлгүүр суурилуулна. Уг хөдөлгүүрийн туршилтын загварыг 2016 онд болсон Москвагийн автосалоны үеэр нийтэд сонирхуулжээ. Лимузинд ОХУ-ын инженерүүд бие даан бүтээсэн есөн шатлалт хурдны хайрцаг ашиглах юм.

“Кортеж” төслийн инженерийн шийдлийн ажил хуваарь ёсоор 2016 оны арванхоёрдугаар сард дууссан байх ёстой. Ийм учраас туршилтыг загваруудыг үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэх бэлтгэл ажил ид өрнөж байгаа болов уу хэмээн шинжээчид таамаглаж байна. Төслийн дагуу үйлдвэрээс гарах машинуудын эхний хэсгийг ОХУ-ын Засгийн газрын Тусгай хэрэгцээний гараашид 2017 оны эцсээр нийлүүлнэ. Харин машины бөөний үйлдвэрлэл 2018 оноос эхлэх ёстой.
САНАЛ БОЛГОХ