Дональд Трампын бодлыг “зөөллөх” оролдлого

Нийтлэл

Эдвард Люс

Дональд Трамп Хятадыг “Тэд манай орныг тонож байна” гэж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэлсэн. Хятадын дарга Ши Жиньпинийг ноён Дональд Трамп өвлийн Мар-а-Лаго дахь Цагаан ордондоо ирэх долоо хоногт ёслол төгөлдөр хүлээж авахаар болсон.

Ноён Трамп “Энэхүү уулзалт нэлээд хүндхэн болно” гэж Твиттертээ жиргэсэн ч сандрал түүний засаглал дотор л оршиж байна. Мөрийн хөтөлбөрөөр ”чихэн дээр цэцэг ургуулах” болон бодит байдлын хооронд асар их ялгаа байдгийг ноён Трамп эрүүл мэндийн даатгалаар ойлгосон. Ялангуяа Хятад-АНУ- ын худалдааны мөн чанараар илүүтэй ухаарлаа. Хятадуудын давуу тал бол өөрсдийн бодлоо мэддэг байх. Ноён Шигийн гол зорилго нь худалдааны дайныг намжаах. Цагаан ордны протекционистууд болон чөлөөт худалдаачдын хоорондын дотоод зөрчил үргэлжилж буй энэ цагт ноён Трампын бодол санаа тогтворгүй байна.


Түүний хүргэн хүү Жаред Кушнер Хятадын талаар боловсролгүй ч Цуй Тянькайтай ирэх долоо хоногт уулзах бэлтгэлийг удирдан хангуулж буй. Энэ явдал ч Хятадад давуу тал бий болгож байна. Америкийг сайн мэддэг, мэргэжлийн дипломатч ноён Цуй магистрын судалгаагаа Вашингтонд хийсэн бөгөөд НҮБ-д хэлмэрч хийж байсан туршлагатай нэгэн. Харин ноён Кушнерын давуу тал гэвэл, тэрбээр Ерөнхийлөгчийн охинтой гэрлэсэн явдал. Түүнд хийх ёстой ганц л ажил бий. Энэ бол Хятад, Америкийн харилцаа. Бусдаар бол ноён Кушнер Ойрхи Дорнодын энх тайван, гэмт хэргийн тухай хуулийн шинэчлэл, АНУ-ын бизнесийн инноваци гээд олон асуудалд Цагаан ордны хувьд чухал хүн.


Ноён Трампад нөлөөлөх гол арга зам бол гэр бүл нь гэдгийг хятадууд ухаарсан бололтой. Тус улсын дипломатчид ноён Кушнер болон Иванка Трампад тал засахаар Цагаан сараар тэднийг хүндэт зочид болгон урьсан юм. Мөн тэд ноён Трампын бизнест ч таатай хандаж байгаа.

Дональд Трамп ажлаа хүлээж авснаас хойш The Trump Organization- д хүлээгдэж байсан хэдэн 10 худалдааны хүсэлтэд гарын үсэг зурсан. Мөн Иванка Трампын брэндийг Хятадад гаргах хүсэлт ч халиад байгаа аж. Харин Kushner Companies Манхэттэн дэх үл хөдлөх хөрөнгийнхөө хэсгийг Хятадын Anbang компанид маш таатай нөхцөлөөр худалдахаар боллоо. Энэ талаар конгрессын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй байсан юм.

Трампын гэр бүлд зориулсан бүхнийхээ дараа хятадууд хариу хүртэх, эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно. Нэг бол ноён Трамп кампанит ажлынхаа амлалтыг үргэлжлүүлж, Хятадын импортын бараанд 45 хувийн татвар ногдуулна хэмээн далайлгаж магадгүй. Энэ алхам олон улсын худалдааны дайныг эхлүүлж, Дэлхийн худалдааны байгууллагад гай зовлон учруулах юм. Мөн үр дүн нь ноён Трамп болон Ангела Меркель нарын дайсагнасан уулзалттай адилхан байх болно.

Нөгөөтэйгүүр ноён Ши Твиттерээр жиргэхэд амар хөрөнгө оруулалтын багцууд танилцуулж магадгүй. Өнгөрсөн жилд л гэхэд АНУ руу урсах Хятадын хөрөнгө оруулалт рекорд тогтоож, 45 тэрбум ам.долларт хүрсэн юм. Тэд ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө, санхүү, энтертайнментын чиглэлээр хөрөнгө оруулжээ.

АНУ-ын ногоон дэд бүтцэд ахиад хэдэн тэрбум ам.доллар хийх нь худалдааны дайныг намжаах хялбар арга байх болно. Хятадын хамгийн том хувийн компани Alibaba- ийн CEO Жэк Ма Америкт нэг сая ажлын байр бий болгохоо мэдэгдсэн. Шинжээчид үүнийг боломжгүй гэж үзсэн ч ноён Трамп түүнийг сайшаасан билээ.

Ноён Ши туршилтаар баталсан Хятад тактикаа ашиглаж, ахиад хэдэн Боинг онгоц захиалж магадгүй. Уулзалтын ерөнхий дүр зураг тун хачирхалтай байна. Ноён Трамп ажлаа авснаас хойших 70 хоногт дэлхийн худалдааны системийг хамгаалах, түүнчлэн дэлхийн дулаарлын асуудлыг шийдэх олон улсын манлайллыг Хятад өөртөө авлаа. Эдгээр нь угтаа Америкийн үүрэг байв.

“Америк нэгдүгээрт” гэсэн бодлоосоо ухрахыг ноён Ши нэг уулзалтаар ятгаж чадахгүй. Гэвч тэрбээр оролдож үзэхэд бэлэн байгаа юм. Трампын гэр бүлтэй нөхөрлөх нь нэгдүгээр алхам байсан. Хэрэгжихэд бэлэн Америкийн дэд бүтцийн төслүүдийг дэмжих нь хоёр дахь алхам болох болно.
САНАЛ БОЛГОХ