Европын холбоонд үлдэхийг дэмжигч британичуудын тоо нэмэгдэж байна

Мэдээ

Их Британи Европын Холбоонд үлдэх эсэхийг шийдэхэд хэдхэн хоног үлдээд байна. Британичуудын олонх нь улсаа Европын Холбооны гишүүн хэвээр үлдэхийг дэмжиж байгааг санал асуулгын дүн харууллаа. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Их Британи Европын Холбоог орхихыг дэмжигчдийн тоо сонгогчдын 40 хувийг эзэлж байсан бол ням гарагийн байдлаар энэ тоо 30 хувь болж буураад байна.

Их Британийн Парламентын гишүүн, BREXIT-ийг эсэргүүцэгч Жо Кокс бусдын гарт амиа алдсаны дараа Европын Холбоонд үлдэх талыг дэмжигчдийн тоо санал асуулгаар нэмэгджээ. Өнгөрсөн ням гарагт Германы Сангийн сайд Вольфганг Шойбле Киль хотод Дэлхийн эдийн засгийн институтид тавьсан илтгэлийнхээ үеэр өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Британичууд Европын Холбоог орхисноор геополитикийн хувьд эрсдэлтэй гэдгийг онцолжээ. Үүнээс гадна Вольфганг Шойбле “Исламын шашинтнуудын түрэмгийлэл, Зүүн Украйны зөрчил мөргөлдөөн болон өрийн хэмжээ нэмэгдсэн зэрэг зах зээлийн тогтворгүй байдал үүсч байгаа нь геополитикийн эрсдэлийг бий болгож байна. Гэхдээ бид эмх замбараагүй байдлаас зайлсхийхийн тулд боломжтой бүх зүйлсийг хийх хэрэгтэй” гэжээ.

Харин сөрөг хүчнийхэн "Турк Европын Холбоонд нэгдэж байгаа. Их Британи Европийн армид нэгдэх ёстой болно. Европын Холбооны гишүүн байхын тулд долоо хоногт 350 сая фунт стерлингийг зарцуулах хэрэгтэй болно" зэрэг гурван асуудлаар иргэдийг ухуулж байна. Харин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон тус улсыг Европын Холбоонд үлдэхийг дэмжсээр ирсэн бөгөөд тэрбээр BBC-ийн асуулт, хариултын нэвтрүүлгийн үеэр “Сөрөг хүчнийхэн иргэдийг хуурч байна” хэмээн мэдэгдсэн юм. Эдгээр нь Европын Холбоог орхих бодит шалтгаан биш гэж онцолжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Их Британи Европын Холбоог орхих нь ОХУ-д ашигтай байна” гэдгийг няцааж, олон улсын мэдээний агентлагуудын удирдлагуудтай хийсэн уулзалт дээр өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

САНАЛ БОЛГОХ