Европын Холбооны хууль тогтоогчид BREXIT-ийн асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа
Лхагва гарагт Европын Холбооны хууль тогтоогчид Их Британийг Европын Холбооноос гарах тухай асуудлаар хэлэлцэж, тогтоол гаргалаа. Энэ нь Европын Холбооноос гарах тухай болон цаашдын худалдааны харилцааны талаарх яриа хэлэлцээг нэгэн зэрэг явуулна гэсэн Их Британийн талын байр суурийн эсрэг алхам болсон юм. Энэхүү тогтоолыг Европын Парламентын 516 хууль тогтоогч дэмжсэн санал өгснөөр хоёр жилийн хугацаанд үргэлжлэх BREXIT-ийн үйл явцыг эхлүүлээд байгаа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн өмнө хүндхэн үүрэг даалгавар болж байгаа юм. Энэ талаар Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер, Европын Парламентын BREXIT-ийн асуудал хариуцсан ахлах төлөөлөгч Ги Верхофстадт нар мэдэгдэл хийсэн байна. Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер "Европын Парламентын үүрэг урьд өмнө байгаагүй чухал болоод байна. Та бүхэн сүүлийн хэлэлцээг анхааралдаа авсны дараа хүчин төгөлдөр болгох ёстой. Бид томоохон асуудлуудын өмнө ирээд байна. Тийм учраас энэ бол нэгдмэл байдлаа хадгалах цаг үе. Европын Холбооны 27 гишүүн орон хүчирхэг байж чадвал бид хэлэлцээнд нэгдсэн байр суурьтай байх болно. Бид шударга, нээлттэй байдлаар хэлэлцээг хийнэ" гэж мэдэгдлээ.
Европын Парламентын BREXIT-ийн асуудал хариуцсан ахлах төлөөлөгч Ги Верхофстадт "Лиссабоны гэрээний 50 дугаар зүйлийн дагуу BREXIT-ийн үйл явцыг эхлүүлэх тухай захидлыг Дональд Тускт гардуулсан мөч үнэхээр гунигтай байсан. Энэ нь Их Британи Европын харилцаа хэзээ ч амар, хялбар байгаагүйг илтгэн харуулсан. Гэхдээ нэг л өдөр залуу үеийнхэн Их Британийг Европын Холбоонд дахин нэгтгэх оролдлого хийнэ гэдэгт миний бие 100 хувь, бүрэн дүүрэн итгэлтэй байна. Ирэх цөөн хэдэн долоо хоногийн хугацаанд бид Их Британийн Европын Холбооноос гарах тухай хэлэлцээний үе шатыг эхлүүлнэ. Жан Клод Юнкер болон Мишель Барнье нар Их Британи болон Европын Холбооны хооронд шинэ, тогтвортой харилцаа, гүн, цогц түншлэлийн харилцаа тогтоох зорилготой гэж бодож байна. Хэдий тийм боловч энэ нь гишүүн улсынхаас өөр байх нь тодорхой" гэж мэдэгдсэн байна. Харин лхагва гарагт Их Британийн Засгийн газар Европын Холбооноос гарах тухай хэлэлцээний зэрэгцээ цаашдын түншлэлийн хэлэлцээг хийх боломжтой гэж үзэж байгаа талаар BREXIT-ийн асуудал хариуцсан сайд Дэвид Жонс мэдэгдсэн байна.
Дэвид Жонс "Европын Холбооноос гарах тухай хэлэлцээний нөхцөлүүд цаашдын харилцаагаа үргэлжлүүлэхийн эсрэг байгаа нь тодорхой. Гэхдээ цаашдын харилцаа ямар байх талаар анхааралдаа авахгүй өнгөрч болохгүй. Бид хэлэлцээг нэгэн зэрэг үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа. Хэлэлцээний удирдамжийг дөрөвдүгээр сарын сүүлээр хэрэгжүүлнэ гэдэг нь сайн мэдээ. Харин үүний дараа хэлэлцээний үе шатыг эхлүүлж өөрсдийн байр сууриа илүү тодорхой болгох болно. Бид харилцаагаа цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэхээс гадна Европын холбооноос гарах нөхцөлийг нэг зэрэг хэлэлцэхийг хүсэж байна" хэмээн онцоллоо.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй