Гаалийн албан татварыг нэмж 413.8 тэрбум төгрөгт хүргэнэ
Мэдээ
Иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийднэ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн тодотголын танилцуулга хийв. Тэрбээр “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, төлбөрийн баланс тэнцвэржүүлэх үүднээс ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирлоо. Уг хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр татварын бодлогын хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтсон. Тодруулбал, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, суудлын автомашин, согтууруулах ундаа болон тамхины онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Төсвийн тэнцвэртэй байдлыг хангах замаар өрийн дарамтыг үе шаттай бууруулах зорилгоор төсвийн зардлыг танахдаа нийгмийн хамгаалал, халамжийг хавтгайруулахгүй буюу хүн амын орлого багатай эмзэг хэсэгт түлхүү чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц болон хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийн улмаас ойрын ирээдүйд төсөвт үүсэх зардлын дарамтыг багасгах арга хэмжээ авна. Мөн тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг орлогын боломжтой уялдуулан авч үзэх, удирдлагын зардлыг царцаах, үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ” гэлээ.
Тухайлбал, энэ сарын 1-нээс эхлэн суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос нь хамаарч онцгой албан татварыг нэмэгдүүлснээр татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байгаа аж. Мөн импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэгдүүлснээр орлого 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2017 оны тодотголоор импортын гаалийн албан татварыг 413.8 тэрбум төгрөгт хүргэхээр тооцсон байна. Үүнээс гадна хадгаламжийн хүүгийн орлогод татвар ноогдуулснаар орлого энэ онд 43 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог Сангийн яамнаас гаргажээ.
Б.Чойжилсүрэн сайд танилцуулгадаа хувь хүний орлогын түвшнээс хамааруулж шатлал тогтоон, 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдсэнтэй уялдуулан орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ гэлээ. Монгол Улсын нийт ажиллагсдын дундаж цалин өнөөдрийн байдлаар 800 гаруй мянган төгрөг байна. Бидний сонгосон эхний босго бол 1.5 сая төгрөгийн цалин бөгөөд одоогийн дундаж цалингаас хоёр дахин их дүн юм. Иймд 1.5 сая төгрөгөөс доош цалин авч байгаа хөдөлмөр эрхлэгчид болох нийт ажиллагсдын 95 хувийг доод шатлалд буюу 10 хувиар хэвээр үлдээж байна.
Харин төсвийн тодотголд зарлага 8.7 их наяд буюу ДНБ- ий 33.7 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, 2017 оны батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм. Төсвийн зарлага өсөх болсон хэд хэдэн шалтгаан байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцоллоо. Сүүлийн жилүүдэд төсвийн зарлагад зээлийн хүүгийн зардлын өсөлт гол нөлөөлөлсөн аж. Тодруулбал, 2005-2010 онд нийт урсгал зардалд зээлийн хүүгийн зардлын эзлэх хувь 2-3 хувь байсан бол 2015 онд 12.8 хувь, 2016 онд 14.7 хувь, 2017 оны батлагдсан төсөвт 19.4 хувьд хүрч тасралтгүй нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үүнийг сүүлийн 10 гаруй жил уул уурхайн салбараас хамаарсан төсвийн орлогын өсөлтийг дагаж төсвийг тэлэх бодлого хэрэгжүүлсэн, гадаад болон дотоод өр үүсгэх замаар төсвөөс гадуурх их хэмжээний зарцуулалт бүхий томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн зэрэг шалтгаантай холбон тайлбарлав.
» Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ноогдуулснаар орлого энэ онд 43 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.» 2005-2010 онуудад нийт урсгал зардалд зээлийн хүүгийн зардлын эзлэх хувь 2-3 хувь байсан бол 2017 оны батлагдсан төсөвт 19.4 хувьд хүрчээ
Хэлэлцүүлгийн үеэр УИХ- ын гишүүн С.Эрдэнэ “Төсвийн тодотголыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор их хэмжээний зээл босгохоор төлөвлөжээ. Мөн аж ахуйн нэгж, ард иргэдэд үүрүүлэх татварын хэмжээ нэмэгдсэн байна. Төсвийн тодотголыг оруулж ирэхдээ төр өөрөөсөө эхлээд хэмнэлтийн горимд шилжих, тансаг зардлаа танах, илүү орон тоогоо цомхотгох замаар ажиллана гэж бодсон. Хэмнэлтийн горим авсангүй” хэмээн шүүмжлэлттэй хандав.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эдийн засгийг хэн, хэзээ ямар болгосон тухай бид жил орчим маргалаа. Одоо маргаанаа зогсоож, эдийн засгаа яаж аврах талаар хамтарч ажиллах шаардлага байна. Татвар нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн. Та бүхний төсөвт суулгалгүйгээр зарцуулсан 2.3 их наяд төгрөгийн зардлыг төсөвт тусгаад ирэхээр алдагдал өсөж байгаа. Алдагдлыг огцом бууруулвал эдийн засаг агшина. Тийм учраас огцом бууруулах боломжгүй. Гаднаас авах зээлийг Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна. 2012 оны эхэнд төрийн албан хаагчдын тоо 142 мянга байсан. Гэтэл 2016 онд 180 мянга давсан байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед хүмүүсээ ажилгүй болгох бодлого барих нь оновчтой биш. Тийм учраас тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх, цагдаа, онцгой, эмнэлэг зэрэг онцгой газруудад хоёр хүн тэтгэвэрт гарвал оронд нь нэг хүн ажилд авахаар зохицуулалт хийнэ. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас УИХ- аас өнгөрсөн онд эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталсан. Хүндрэлийг эхний 18 сард тогтворжуул гэж УИХ-аас чиглэл өгсний дагуу ОУВС-тай хөтөлбөр тохироод орж ирж байна” гэлээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй