Инфляцийн өсөлт үргэлжилнэ

Нийтлэл

АХБ: Монголын эдийн засаг 2.5 хувиар өснө

Азийн хөгжлийн банк (АХБ) энэ оны дэлхийн улсуудын эдийн засгийн өсөлтийн таамгийг пүрэв гарагт танилцуулав. Энэхүү тайланд Монгол Улсын эдийн засаг энэ онд 2.5 хувь, 2018 онд хоёр хувиар өснө гэсэн хүлээлттэй байгааг онцоллоо. 2017, 2018 оны эдийн засгийн өсөлтөд уул уурхайн томоохон хөрөнгө оруулалт эергээр нөлөөлнө гэж Азийн хөгжлийн банк үзсэн байна. Ирээдүйг ажвал, манай улсын эдийн засгийн урт хугацааны төлөв эерэг хандлагатай байгааг АХБ тэмдэглэлээ.

Одоо хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүд нь төсвийн тэнцэл болон төлбөрийн тэнцлийг эерэг болгох хүлээлттэй байна. Байгалийн баялгаас олох орлогыг амжилттай удирдан зарцуулах нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд цаашид чухал түлхүүр болох бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх болон өндөр бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.

Харин эдийн засгийн өөр нэг гол үзүүлэлт болох инфляц ирэх хоёр жилд нэмэгдэх нь. Үүнд төгрөгийн ханшийн уналтаас болж импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь үргэлжлэн нөлөөлөхөөс гадна Олон Улсын Валютын Сангийн Инфляцийн өсөлт үргэлжилнэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс шатахууны онцгой албан татвараа нэмэхээр болсон нь инфляцийг нэмэгдүүлнэ гэж таамаглажээ.

Харин нүүрсний экспорт нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьд хүрч буурах төлөвтэйг “Азийн хөгжлийн төлөв” тайланд дурдсан байна. Энэхүү тайланг Азийн хөгжлийн банк жил бүр нийтлэн гаргадаг бөгөөд эдийн засгийн гол тайлангийн нэг юм. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь санхүүгийн алдагдлыг нөхөх болон нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах гол хэрэгсэл гэдгийг АХБ онцолж байна.

Азийн хөгжиж буй эдийн засагтай орнуудыг нийтэд нь аваад үзвэл, 2017, 2018 онд 5.7 хувиар өснө гэж тооцоолжээ. Харин Азийн орнуудын инфляцийн түвшин 2017 онд гурван хувь, 2018 онд 3.2 хувиар өснө гэсэн таамаг дэвшүүлсэн байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ирэх онд саарах төлөвтэй байгааг АХБ-наас энэ үеэр мэдээлэв. Өмнөд хөршийн эдийн засаг энэ онд 6.5 хувиар өсөх ч ирэх онд энэ өсөлт бага зэрэг саарч, 6.2 хувь болно гэж урьдчилан тооцоолсон байна.

Азийн улс орнуудын гуравны хоёр нь эдийн засгийн эерэг өсөлттэй байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж буй хамгийн том тоглогч болгож байгааг дээрх тайланд дурджээ. “БНХАУ илүү хэрэглээнд суурилсан эдийн засагтай болж, дэлхийг хамарсан эрсдлүүдтэй тулгарч, түүнтэй зохицож байгаа хэдий ч хөгжиж буй Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засгийг жолоодогч хэвээр байна. Хөгжингүй орнуудын гэнэтийн бодлогын өөрчлөлтүүд тус бүс нутгийн эдийн засгийн төлөвт эрсдэл учруулж буй ч, ихэнх улс орнуудын эдийн засаг богино хугацааны болзошгүй цочролыг даван туулах бэлтгэлтэй байгаа” хэмээн АХБ-ны ерөнхий эдийн засагч Ясуюки Савада тодотгов.

АНУ, Евро бүс болон Япон улсын эдийн засаг 2017 болон 2018 онд дунджаар 1.9 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн өсөлт эрчимжиж байгааг харуулж байгаа ажээ. Бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн итгэл найдвар сайжирч, ажилгүйдэл буурсан нь АНУ-ын эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болсон ч цаашдын эдийн засгийн бодлогын эргэлзээтэй байдал нь энэхүү хүлээлтийг бууруулах магадлалтай гэжээ.
САНАЛ БОЛГОХ