Б.Лхагважав: Төрийн тансаглалын төлөө татвар төлдөггүй
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Төрийн өмчит компаниудад сайн засаглал үгүйлэгдэж байна. Компанийн засаглал тааруу байгаагаас алдагдал нь дорвитой буурахгүй байсаар өдий хүрлээ. Энэ байдлыг яаж засах вэ?
-Хэрвээ эдийн засгийн шинэ нөхцөлд зохицож засаглал, менежментээ сайжруулахгүй байвал хөрөнгө оруулаагүй Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаа сонгож чадаагүй компаниуд зах зээлд орон зайгаа тавьж өгнө. Төрийн өмчит компаниуд улс төрийн дэмжлэгээр монополь байдлаа хамгаалж болох ч энэ байдал нь удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй.
Тухайлбал, концессийн гэрээнд оролцож байгаа компаниудыг хувьцаат компани болгох хэрэгтэй. Өрсөлдөөнийг шударга байлгах нь хамгийн чухал. Нөхцөл байдал хаалттай, ил тод бус байдал цаашид үргэлжилсээр байвал татвар төлөгч нар ирээдүйд маш том хохирол амсана. Тиймээс шударга өрсөлдөөнийг бий болгоход нээлттэй байдал чухал.
-Ялангуяа сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх нь даамжирсан. Өрсөлдөөний шударга бус байдал ч хавтгайрсан тал бий. Ийм үед ямар менежмент нэв рүүлэх нь эдийн засгийн хувьд ач холбогдол нь өндөр байх вэ?
-Төрийн өмчийн компаниуд хувийн компанитай өрсөлдөхөд эрх мэдлээрээ давуу ч эцэстээ ялагдал хүлээдэг. Сүүлийн дөрвөн удаагийн эдийн засгийн хямралын дараа манай төрийн өмчит компаниуд үхдэггүй, сэхдэггүй хэвээр байсаар л байна. Энэ хооронд хувийн компаниуд бага багаар өссөөр 1000, 2000 хүнтэй томоохон аж ахуйн нэгж болж, илүү томоор тоглох орон зайгаа хайж эхэллээ. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг маш хурдан хугацаанд хувьцаат компани болгох шаардлагатай. Гэхдээ хувьчлалын өмнөх алдааг давтахгүйгээр хөдөлмөрийн хамт олныг нь авч үлдэх замаар үүнийг хийх нь зөв. Бид хөдөлмөрийн хамт олныг орхигдуулж хамгийн үнэтэй зүйлээ тараачихсан учир өнгөрсөн 26 жил дэлхийн зах зээлд гарч чадаагүй.
-Танай танхимын удирдах зөвлөл, тэргүүлэгчид УИХ-ын дарга болон гишүүдэд хандаж мэдэгдэл гаргасан. Бизнесийн орчны нөхцөл байдал туйлын амаргүй тул энэхүү шийдвэрт хүрсэн үү?
-Тийм ээ. Хувийн хэвшлийнхэн бүсээ чангалж, зардлаа аль байдгаараа танаж ирлээ. УИХ- аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тодотголын хүрээнд төр зардлаа нэмэх бус танах ёстой. Үүнийг бид хүлээж байгаа. Эдийн засгийн хүндрэлийн үед төр чухамдаа хэмнэлтийн горимд бодитой шилжиж, зардлаа багасгах нь чухал. Гэтэл төсвийн тодотголд зардлаа нэмж оруулж ирсэн. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалтай нийцэхгүй. Тиймээс татвар төлөгчид Засгийн газрын татвар нэмэх тухай саналыг эсэргүүцэж байгаа. Төр одоогийн данхар бүтцээ хумих шаардлагатай.
Цомхон бүтэцтэй, чадварлаг төр хэрэгтэй байна. Татвар төлөгч нар нийтийн сайн сайхны төлөө татвар төлдөг. Түүнээс төрийн тансаглалын төлөө татвар төлдөггүй. Төсвийн зардлыг 2017 оны баталсан хэмжээнээс огт нэмэгдүүлэх байх шаардлага манай мэдэгдэлд бий. Учир нь, энэ оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага болон цэвэр зээлийг баталсан түвшнээс нь 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байсан.
-Танай гаргасан мэдэгдэлд төр албан хаагчаа багасгах талаар дурдсан байсан. Энэ нь хэмнэлт болж чадах уу?
-Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах санал хүргүүлсэн. Төрийн албан хаагчдын тоо 2012 оноос хойш ойролцоогоор 15 хувь буюу 24 мянгаар тасралтгүй өссөн. Мөн төрийн албан хаагчдын шаардлагагүй зардал, нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмжийг зогсоох хэрэгтэй. Энэ байдлаар хэмнэлт хийж болно.
-Та бүхний шаардлага ОУВ С-гийн шаардлагатай хэр нийцэж байгаа вэ?
-Олон улсын валютын сангийн үндсэн шаардлагатай манай танхимаас гаргасан мэдэгдэл уялдаж байгаа. Төрийн буруу менежментийн алдааг засахгүй бол татвар төлөгчид улам хүнд байдалд орж мэдэхээр байна. Төрийн зардлыг татвар төлөгчид төлж дийлэхгүй нь. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны төсвийн татварын орлого төлөвлөж байснаас 487.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 2015 онтой харьцуулахад өнгөрсөн оны гүйцэтгэлэхээр 70 гаруй тэрбум төгрөгөөр өссөн. Сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биеллээ. Он гарсаар эхний гурван сард татварын орлого 30 хувиа давж биелсэн. Татварын орлого давж биелээд байхад татвар нэмнэ гэдэг хүлээж авах боломжгүй шийдэл. Татварын орлого тасарсан бол үүнийг бид ойлгож хүлээж авна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч төсөвт төвлөрөх татварын орлого давж байна. Үүнийг олзуурхах хэрэгтэй.
-Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн өмчит аж нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?
-Төрийн өмчит 90 гаруй, орон нутгийн өмчит 200 орчим компани бий. Энэ нь манай эдийн засгийн зовлон болчихоод байна. Эдгээр компани, аж ахуйн нэгжийг улс төрөөс хол байлгах хэрэгтэй. Улс төрийн нөлөөнөөс хол байх тусам бизнесийн үр ашиг нь дээшилж, эдийн засгийн эрүүл горимоор буюу бизнесийн зарчмаар ажиллаж эхэлнэ.
Цомхон бүтэцтэй чадварлаг хүний нөөцтэй төр хэрэгтэй байна
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй