Мэдрэмжгүй мэргэжил сонголт

ЗГМ: Сэдэв

Нийт төгсөгчдийн гуравны нэг нь мэргэжлээрээ ажилладаг

Манай улс зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж чаддаг, эсэх нь бүрхэг хэвээр. Их, дээд сургууль төгссөн ажилгүй залуус “лааз өшиглөгчид”-ийн эгнээнд шилжсээр байгаа нь нууц биш. Зарим нэг төрийн бус байгууллагаас эрэлттэй мэргэжлийн талаар судалгаа гаргадаг ч үнэн, эсэх нь мөн л эргэлзээтэй. Арванхоёрдугаар анги төгссөн хүүхдийн ихэнх нь нийгмийн салбарын мэргэжил сонгодог болохоор энэ чиглэлийн мэргэжилтэн зах зээлд илүүдчихээд байна. Харин сүүлийн үед эрэлттэй мэргэжил болох инженер, хүүхдийн хөгжил судлал, байгалийн нөхөн сэргээлт, малын эмч зэрэг мэргэжлийг сонгодог хүүхэд тун ховор аж. Ер нь ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгдөг, судалгаа гаргадаг байгууллага ч тун цөөн байдаг.

Энэ байдлаас болоод хүүхдүүд мэргэжлийн чиг баримжаагүй сургуулиа дүүргэж, голдуу ээж, аавынхаа зөвлөснөөр ирээдүйд хэн болох сонголтоо хийдэг байна.

Монгол Улсын хувьд дөрвөн мянга орчим мэргэжлээс байнга сонгодог нь эмч, багш, хуульч, сэтгүүлч. Гэвч эдгээр мэргэжлийн ихэнх нь хөрсөн дээрээ илүүдэлтэй байхад сургуулиуд элсэлт авсаар байна. Мөн гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгт хөтөлбөр болон хувийн зардлаар сурч буй оюутнууд ч гэсэн нөгөө л эрэлт хэрэгцээгүй, зах зээлд хахчихсан хуульч, маркетинг, бизнесийн удирдлага, эмч гэсэн мэргэжлээр сурдаг. Хэдий гадаадад боловсрол эзэмшиж байгаа боловч Монголд ирээд бусдын адил ажлын байргүй хоцорно.


Ингээд бодохоор мэргэжил сонголт гэдгийг эргэж нэг хармаар юм. Зарим хүүхдийн тухайд их сургуулийн дипломтой болох л зорилго тавьдаг. Нөгөө талаар хувийн их, дээд сургуулиуд олширсон нь ямар ч хамаагүй мэргэжилтэй болъё гэсэн нэгэнд нь мөнгө л байвал дүнгийн цензур тавьдаггүй. Түүнчлэн улсын сургуулиуд босго оноогоо хэтэрхий бага тогтоосон ч залуусын мэргэжил сонголт, цаашлаад улс орны хөгжилд муугаар нөлөөлж мэдэхээр эрсдэл үүсчээ.

1980-аад онд хүн болгон дээд сургууль төгсөж байгаагүй. Эргээд бодоход тухайн үеийн бодлого зөв байж. Чанартай хэдэн их, дээд сургуультай, тус сургуулийн шалгалтад тэнцсэн нь дээд боловсрол эзэмшээд, чадаагүй нь ТМС-д суралцаж төгсөөд шууд ажлын байртай золгодог. Гэтэл өнөө үед Монголоор дүүрэн мэргэжлийн илүүдэлтэй, дээд боловсролтой ажилгүй залуус зонхилж байна. Мэргэжил сонголтын талаар Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн төгсөх ангийн нэгэн багш “Манай сургуулийн хувьд ямар хичээлдээ сайн, муу гээд сурлагын байдлыг авч үзээд сурагчиддаа зөвлөхөөс биш бидэнд мэргэжил сонголтын талаар гүнзгий ойлголт байхгүй. Тиймээс энэ асуудалд эцэг эхийнх нь байр суурийг илүүд үздэг. Мэргэжил сонголтын тал дээр хэрэгжүүлж буй ажил одоогоор байхгүй” гэв.

Хамгийн сүүлд Монголын оюутны холбооноос 90 гаруй их, дээд сургуулийг жилдээ 30 гаруй мянган оюутан төгсөж, тэдний гуравны нэг нь 4-6 жил сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг гэсэн судалгаа гаргажээ. Харин 60 орчим МСҮТ-ийг жилд 40 орчим мянган оюутан төгсөж, тэдний 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж, үлдсэн хувь нь дэвшин суралцдаг аж.

Дээд боловсролтой ажилгүй залуус зонхилж байна
Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг тодруулах зорилгоор хамгийн сүүлд 2010 онд үндэсний хэмжээний судалгаа хийсэн бөгөөд нийт 18-25 насны 2500 хүн хамрагджээ. Судалгаанд оролцогчдын зарим нь МСҮТ- ийн сургалтыг сонирхож байсан ч сургалтын чанар муу, төгсөөд ажил олдохгүй гэж хариулсан байв. Түүнчлэн тус сургуулийг төгсөөд амьжиргаа нь сайжирсан, өндөр цалинтай ажилд орсон тухай болон ямар мэргэжил эрэлттэй, эсэх талаар мэдээлэл дутмаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мэргэжил сонголтод тодорхой дараалал, алхмууд байх хэрэгтэй гэдгийг Хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтнүүд хэллээ. Тэдний зөвлөснөөр өөрийн зан байдал, сонирхол, хүсэл мөрөөдөл болон хэн бэ гэдгээ тодорхойлох гэсэн хэд хэдэн алхмын дагуу мэргэжил сонголтыг хийх хэрэгтэй аж. Энэ мэтээр мэргэжил сонголтоо эртнээс төлөвлөхгүйгээр, өөрийн хүсээгүй мэргэжлийг бусдын хэлснээр, эсвэл тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр сонгосноор багагүй асуудалтай тулгардаг. Жишээлбэл, элсэж орсон сургуульдаа сурах сонирхолгүй болж дундаас нь орхих, ингэснээрээ цаг хугацаа болон эдийн засгийн алдагдалд орох, ажлын байргүй, ажиллах сонирхолгүй болох зэрэг сөрөг үр дагавар гардаг байна. Ийн Монголын залуусын мэргэжил сонголт зах зээлийн эрэлттэй нийцэхгүй байгаа юм.

Мэргэжлийг сурлага бус, сайн дурын үндсэн дээр сонгодог

Финландын сурагчид есөн жилийн бүрэн дунд сургууль төгсдөг бөгөөд анги дэвшихдээ сургалтын агуулгыг зохих түвшинд заавал эзэмших ёстой. Шаардлагатай гэж үзвэл анги дэвшилгүй улирч, хичээлээ дахин судална. Сурагчид дунд сургууль дүүргээд ТМС эсвэл ЕБС-д элсэх, эсэхээ сурлагын амжилт бус, харин сайн дурын үндсэн дээр шийддэг.

Финланд улс ард түмнээ боловсролын тэгш боломжоор хангах үүднээс хувийн дунд сургуулиудыг татан буулгаж, улсын сургуульд нэгтгэх арга хэмжээ авчээ. Шинэчлэлийн цогц бодлогын үр дүнд нийтээрээ боловсролын бүх түвшинд тэгш боломжоор хангагдаж, чанартай боловсрол эзэмшсэн ба энэ нь эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон байдаг. Түүнчлэн Америк, Канад болон Европын холбооны улсад хүн бүр дээд боловсрол эзэмших шаардлага байдаггүй. Тодруулбал, өндөр шилэн барилгын цонхыг угаахад, цэцгийн дэлгүүрт ажиллахад, зочид буудлын үйлчлэгч, нийтийн тээврийн жолооч, хүүхэд асрагч, барилгын ажил зэрэгт дээд боловсрол шаардагддаггүй. Учир нь тэдгээр хүмүүсийн амьдралд тухайн ажил мэргэжлээс авдаг цалин хөлс нь хүрэлцээтэй байдаг.


Албаны хүний үг Ц.Цацрал:
Хүүхдүүдэд өгч буй зөвлөгөө, мэдээлэл үр өгөөжгүй байдаг


Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид мэргэжил сонголтоо хэрхэн хийх талаар БСШУСЯ- ны Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Сургалтын хөтөлбөр, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Цацралаас тодрууллаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын талаар зөвлөгөө, мэдээлэл хангалттай өгч чаддаг уу?

-Одоогийн байдлаар ЕБС төгсөгчдөөс мэргэжил сонголттой холбоотой тодорхой судалгаа, түүний үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа дутмаг байна. Мэргэжлээ зөв сонгохын ач холбогдолыг төгсөх ангийн сурагчид төдийлэн ойлгохгүйгээр хэн нэгний зөвлөгөө, эсвэл уламжлалт мэргэжил буюу эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөх, найз нөхдөө дагах зэргээр сонголтоо хийдэг. Энэ нь мэргэжлээрээ ажиллахгүй байх, ажилгүйчүүдийн тоог нэмэх шалтгаан болдог. Төгсөх ангийн сурагчдад зориулан намраас хавар хүртэлх хугацаанд маш олон төрлийн өдөрлөг, сургалт зохион байгуулдаг хэдий ч ихэнх нь аль нэг сургуулийн сурталчилгаа, эсвэл манлайллын тухай лекц байдаг бөгөөд үр өгөөж муутай л даа. Тиймээс БСШУСЯ-ны харьяа байгууллагууд төгсөгчдөд зориулан зөвлөгөө, мэдээлэл хүргэж байгаа. Одоогоор Өмнөговь, Дархан-Уул аймаг болон Багануур дүүрэгт "Мэргэжил таны ирээдүйд" хэлэлцүүлэг зохион байгуулж эхлээд байна.

-Та бүхний энэхүү ажил бусад энэ төрлийн арга хэмжээнээс ямар онцлогтой вэ?


-Төгсөгчдөд уран яруу гоё яриа, аль нэг сургуулийн рекламнаас илүү салбарын бодит мэдээлэл хэрэгтэй гэж бид үзсэн юм. Төгсөх ангийн сурагчдад өөрийгөө таньж цаашдаа ажиллаж, амьдрах мэргэжлээ зөв сонгох, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх, үүний дараа сургуулиа зөв сонгох, оюутан болоод сургалтын төлбөрийн асуудал, ямар тэтгэлгүүд байдаг вэ? гэсэн асуудлууд гарч ирдэг. Бидний энэхүү арга хэмжээ нь эдгээр асуудалд цогц байдлаар хариулт өгч буйгаараа онцлог. Жишээлбэл, төгсөгчид маань их, дээд сургууль, коллеж, МСҮТ сонгохдоо хайнга ханддаг. Заримдаа "за одоо сонголтгүй боллоо" гээд ямар ч хамаагүй магадлан итгэмжлэгдээгүй сургуульд элсдэг. Ингээд дөрвөн жил сурч төгсөөд гадагшаа мэргэжил дээшлүүлэхээр магистр, докторт явах гэхэд өмнөх шатны боловсрол нь хүлээн зөвшөөрөгдөхгүй байх тохиолдол бий. Ингээд дахиад эхнээс нь сурах шаардлага тулгардаг. Цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хохирдог. Ийм учраас бид төгсөгчдөд олон талын хэрэгтэй мэдээллийг нь бүрэн өгч өөрт нь сонголтыг үлдээх хэрэгтэй байгаа юм.
САНАЛ БОЛГОХ