Хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулна

Ярилцлага

Хүн болгон хөрөнгө оруулагч байх тэрхүү бололцоог таниулахаар зорьж байна

“Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Тамиртай энэ сарын 22-23- нд болох “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтын талаар ярилцлаа. “Үндэсний хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулганы бэлтгэл ажил үргэлжилж байна” хэмээн тэрбээр тодотгосон юм.

-“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганы бэлтгэл ажлаа хэр хангаж байна вэ?

-Бидний зүгээс уг арга хэмжээг үндэсний хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалт гэж онцолж байгаа. Чуулганы бэлтгэл ажил ид өрнөж байна. Олон нийтэд чуулгантай холбоотой мэдээллээ өнгөрсөн долоо хоногоос түгээж эхэлсэн. Чуулганд оролцохоор одоогийн байдлаар 400 гаруй хүн албан ёсоор бүртгүүлээд байна. Томоохон компани, гарааны бизнесүүд ивээн тэтгэгч болж, бидний ажлыг ихэд дэмжиж буй. Бүртгэл үргэлжилж байгаа. Чуулган бүтэн хоёр өдрийн турш үргэлжилнэ. Нэгдсэн болон салбар хуралдаанаар чуулган эхэлж, хэлэлцүүлэг, сургалт давхар болно. Харин дараагийн өдөр нь “Ард санхүүгийн нэгдэл” болон “Хөрөнгө оруулагч үндэстэн” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар чуулган үргэлжилнэ.

-Чуулганы нэр олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байсан. Яагаад ингэж нэрлэх болов. Ямар нэг шалтгаан бий юү?

-Ухаалгаар хуримтлалаа удирддаг хөрөнгө оруулагч үндэстэнг бий болгох нь манай чуулга уулзалтын алсын хараа. Тиймээс чуулганаар хөрөнгө оруулалт, гарааны бизнес, санхүү болон технологи, хувьчлал гэсэн сэдэв анхаарлын төвд байх болно. Чуулганы нэртэй холбогдуулж зарим сэтгүүлч асууж байсан. Бидний хувьд шалтгаан маш тодорхой гэж ойлгож байгаа. Монгол хүн болгон хөрөнгө оруулагч байх тэрхүү боломж, бололцоог таниулахаар зорьж байна. Тиймээс “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэж чуулганаа нэрлэсэн.

-Санхүүгийн зах зээл, ялангуяа хөрөнгийн зах зээлийн хөгжилд энэхүү чуулга уулзалт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Бид Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлэхэд тодорхой хувь нэмэр болохоос гадна иргэдэд санхүүгийн боловсрол олгоход түлхүү анхаарч байна. Энэ хүрээнд тогтмол сургалт зохион байгуулж ирсэн. Чуулганы үеэр иргэдийн санхүүгийн боловсролд зориулсан номынхоо нээлтийг хийхээр төлөвлөж байгаа. Мөн санхүүжилт эрэлхийлж буй бизнесүүдийг хөрөнгө оруулагчидтай холбохоор зорьж байна. Чуулга уулзалтад гадаадын туршлагатай хөрөнгө оруулагчид ирж оролцоно. Тэд өөрсдийн туршлагаа хуваалцаж, зах зээлийн чиг хандлагын талаар нээлттэй ярилцлага өрнүүлэх юм.

-Чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэхээр байгаа вэ?

-Монголын эдийн засгийн байдал, санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн орчин нөхцөлийн талаар хэлэлцэнэ. Энэ нь чуулганы хэлэлцэх асуудалд багтаж байгаа. Эдийн засаг дахь банк санхүү болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох гарц, боломжийг чуулган эрэлхийлнэ. Түүнээс гадна хөрөнгө оруулалтын боломжуудыг оролцогчдод танилцуулахад ач холбогдол өгч байгаа. Иргэдэд хөрөнгөө үр ашигтай удирдах арга ухааныг түгээх, тэр чиглэлийн туршлагаа оролцогчид хоорондоо солилцоно. Монголын компаниудыг дэлхийн цахим хувьсгалд бэлдэх шаардлагатай болж байна. Тиймээс “Санхүү ба технологи” гэсэн салбар хуралдаан болон хэлэлцүүлэг нь чуулганы онцлох хэсэг байх болно. Компани шинэ шатанд гарахад технологийн хөгжил, дэвшил чухал үүрэгтэй. Дэлхий нийтийн хандлага ч технологийн ололт руу чиглэж байна.

» Хөрөнгө оруулалт, гарааны бизнес, санхүү болон технологи, Хувьчлал гэсэн сэдвийг өргөн хүрээнд хэлэлцэнэ.
» Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлэхэд тодорхой хувь нэмэр болохоос гадна иргэдэд санхүүгийн боловсрол олгоход түлхүү анхаарч байна.
» Сайн жишээний тоонд “Монгол Шуудан” хувьцаат компанийн хувьчлал багтана.
-Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд тодорхой хязгаар, тоо хэмжээ тогтоочихсон байдаг. Энэ байдлаас болж энгийн иргэдэд оролцох боломж тэр болгон олддоггүй шүү дээ. “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт хүн болгоны өмнө нээлттэй гэж ойлгож болох уу?

-Олон нийтэд хандсан анхны хөрөнгө оруулалтын чуулган гэж “Хөрөнгө оруулагч үндэстэн”-г тодотгож болно. Учир нь хүн болгонд манай чуулга уулзалт нээлттэй байх юм. Монголд өмнө нь болж байсан чуулга уулзалтын хуучинсаг байдлыг халах, нөгөө талаасаа шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэхэд анхаарч байгаа. Хөрөнгө оруулалтын чуулганд ихэнх тохиолдолд томоохон бизнес эрхлэгчид болон төрийн төлөөлөл түлхүү оролцож ирсэн. Тэгвэл “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулган үүнээс тэс өөр байх юм. Энэ удаагийн чуулга уулзалт олон нийтийн санхүүгийн чөлөөт индэр байна. Чуулганы оролцогч хэлэлцүүлэг, илтгэл, мэдээлэл өгөх уулзалт, сургалт гээд энэ болгонд хамрагдах боломжтой. Бидний зүгээс тухайн хүний оролцоог хангах хүрээнд үр дүнтэй, ажил хэрэгч, бүтээлч байлгахад нь илүү анхаарч байгаа.

Тухайлбал, хөрөнгийн зах зээл болон банкны системийн ялгаа, давуу, сул талуудын талаар иргэдэд тодорхой ойлголт өгөх шаардлагатай болж байна. Мөн хувийн санхүүгийн менежментийн цогц зөвлөгөөнөөс гадна энэ хүрээнд сургалт зохион байгуулахаар хөтөлбөрт тусгасан.

-Чуулга уулзалтын онцлох сэдвийн нэг нь хувьчлал. Төрийн өмчит зарим компани засаглалын хямралаас эдийн засгийн хүндрэлд шилжсэн. Хариуцлагын тогтолцоо суларч, улмаар эдийн засгийн үр ашиг нь багассан. Тиймээс Засгийн газраас төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийг өнгөрсөн оноос хувьчилж эхэлсэн. Та хувьчлалын хамгийн ойрын сайн болон муу жишээ гэвэл юуг нэрлэх вэ?

-Сайн жишээний тоонд “Монгол Шуудан” хувьцаат компанийн хувьчлал багтана. Тус компанийн 34 хувийг өнгөрсөн онд хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай хувьчилсан. Үүний үр дүнд компанийн үйл ажиллагаанд нь ахиц, дэвшил гарч, засаглалын чанар нь сайжирсан. Мөн өнгөрсөн онд алдагдлаа халж, нэг тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Хувьчлалыг хөрөнгийн биржээр дамжуулан зохион байгуулах нь илүү шударга, хүн болгонд нээлттэй. Муу жишээ гэвэл, “Улсын их дэлгүүр”. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгийн их зөрчиж байгаа.
САНАЛ БОЛГОХ