Зөгийчид балаа ирэх сараас Японд экспортолно

Худалдаа

Япон, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зөгийн аж ахуй эрхлэгчид Япон улсад зөгийн бал экспортлохдоо гаалийн тарифыг үе шаттайгаар хөнгөлөх нөхцөл бүрдээд байна. Монголын Зөгийчдийн нийгэмлэгийн мэдээлснээр экспортын анхны ачилтаа долдугаар сард хийхээр бэлтгэж байгаа ажээ. Мөн нэгдсэн сав баглаа, боодолтой болгохын тулд “Гацуурт” компанид таван жилийн хугацаанд зөгийн бал нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Аж ахуйн нэгжүүд хамтран эхний ээлжинд 50 тонн зөгийн балыг, таван төрлийн савалгаатайгаар гаргахаар болсон талаар “Гацуурт” компаниас мэдээллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар Монгол Улсын зөгийн балны бүтээгдэхүүний 90 орчим хувь нь органик байгааг лабораторийн шинжилгээгээр баталсан байна. 2017 оноос хэрэгжиж эхлэх Органик хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн хүрээнд дотоодын болон олон улсын эрх бүхий байгууллагаар тухайн хүнсийг “органик” гэдгийг нь баталгаажуулж, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, шошгыг олгож эхлэх юм. Энэ нь Монголын органик хүнс үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнээ экспортод гаргахад томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.

Одоогоор Монголын Зөгийчдийн нийгэмлэгт зөгийн аж ахуй эрхэлдэг 30-аад компани, 200-аад зөгийчин харьяалагдаж байгаа ажээ. Бүс нутгаар нь авч үзвэл байгаль орчны таатай нөхцөлөөс хамаарч зөгийн аж ахуй хамгийн эрчимтэй хөгжиж байгаа юм.

САНАЛ БОЛГОХ