Төр 500 тэрбум төгрөг хэмнэх боломжтой

Мэдээ

Төрийн албыг цомхон бүрдүүлснээр хагас их наяд төгрөг хэмнэх боломжтой

Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хийсэн хэлэлцээрт гарын үсэг зурж, албажуулах ажил 2017 оны төсвийн тодотголоос хамаарч байгаа юм. Энэхүү хүрээнд ОУВС-гаас тавьсан шаардлагыг тусгаж, Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж буй. Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан их наяд төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, зарлага 8.7 их наяд буюу ДНБ-ий 33.7 хувь байхаар тооцсон юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ж.Батзандан нар төсвийн тодотголтой холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Нэгдүгээрт, бид төрийн захиргааны албан хаагчдыг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдыг 10 хувиар танах асуудал тавьж байна. Зөвхөн эдний цалингийн зардал, урамшууллаас 500- 600 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Сүүлийн 12 жил Засгийн газар хамтарч бий болох явцдаа бүх намын төлөөллийг яам, тамгын газарт тэнцүү оруулах зорилгоор нэмсэн. Зөвхөн 2012 оноос хойш төрийн албыг 24 мянгаар нэмсэн байдаг. 2006 оноос хойш төрийн ажлын байр 60 мянга болж нэмэгдсэн. Одоо төр орон тоогоо 15-20 хувиар танахад ямар ч асуудал байхгүй.

Хоёрдугаарт, төсвийн тодотголд төр зардлаа 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Энэ зардлыг 2017 оны баталсан төсвийн хэмжээнд барих хэрэгтэй.
Гуравдугаарт, тэтгэврийн насны асуудал байгаа. Төрд ажиллаж байгаа 183 мянган иргэний ажлын байр баталгаатай байдаг. Чөлөөт хөдөлмөрийн зах зээлд нэг сая гаруй хүн ажиллаж байгаа. Эдгээрийн ажлын байр тодорхой бус, тэр ч бүү хэл компанийн дундаж наслалт 10 жил. Тийм учраас төр 183 мянган иргэнийхээ асуудлыг өөрсдөө шийд. Харин тэтгэврийн насны асуудлаар чөлөөт зах зээлийн тоглогчидтой тохиролцох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, цомхон, чадварлаг төрийн албыг бүрдүүлснээр хагас их наяд төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ.
Хэлэлцүүлгээс гарсан саналыг УИХ болон Засгийн газарт хүргүүлнэ
Харин “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ын тэргүүн Н.Туяа “Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ иргэдийн нуруун дээр ихэнх ачааг үүрүүлж байгаад маш их бухимдалтай байна. Төсвийн бодлого дан ганц төсвийн орлого бүрдүүлдэг хэрэгсэл биш. Энэ нь нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг хийдэг санхүүгийн маш том хэрэгсэл байдаг. Ингээд үзвэл энэ төсөлд ерөөсөө судалгаагүй, зүгээр л төсвийн орлого дутаж байгаа учраас хамгийн амархан олох арга буюу татваруудыг нэмж оруулж ирж байна. Олон улсын түвшинд татварын бодлого нь эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, нийгмийн баялгийг тэгш шударга зарцуулсан байдаг. Тэдний жишгийг харвал хөгжсөн орнуудын төсвийн 20-60 хувь нь газар буюу байгалийн баялгаасаа орж ирдэг. Нэг ёсондоо ард түмний өмч ард түмэндээ эргэн зарцуулагддаг. Тухайлбал, Австрали улс нийт төсвийнхөө 39 хувийг, Канад 38 хувийг, Испани 23 хувь, Болгар улс 20 хувийг газраас олдог. Манай улсын хувьд хөдөлмөрлөж байгаа хэсгээсээ маш их татвар авч, төсвийн орлогын 80 гаруй хувиа бүрдүүлдэг. Төсвийн орлого өнөөдөр зургаан их наяд байгаа ч газраас олж байгаа орлого нь 68 тэрбум буюу нэг хувь байна. Бид нийтийн өмчөөс олох ёстой орлогыг 20-30 дахин бага авч байгаа. Өнөөдөр манай төсвийн бодлого нийтийн өмчийг цөөнх нь маш хямд үнээр, өрсөлдөөнгүй давуу эрхээр эзэмшиж, хөдөлмөр эрхэлж байгаа хэсгээс орлогоо бүрдүүлж, эдийн засгаа туйлдуулж байна” гэлээ.

“БСБ Сервис” компанийн захирал Б.Жаргалсайхан Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгож байгааг эсэргүүцэв. Тэрбээр “1.5 сая төгрөгөөс дээш орлоготой ажилтнууд нийт цалин авдаг хүмүүсийн найман хувь нь. Найман хувийн татварыг өсгөөд төсөвт дорвитой орлого орж ирэхгүй. Татварын хувь хэмжээг нэмэх юм бол олон байгууллага орлогоо нуун дарагдуулдаг хэлбэр рүү орно шүү дээ. Эцсийн эцэст хувь хэмжээг нэмж байгаа боловч нийт татвар нэмэгдэхгүй сөрөг үр дагавар гарч магадгүй” хэмээв.

Хэлэлцүүлгээс гарсан саналыг УИХ, Засгийн газар, Сангийн сайдад хүргүүлнэ гэдгээ З.Нарантуяа гишүүн тодотгов.
САНАЛ БОЛГОХ