Сэргэлт заасан эхний онош

Нийтлэл

Гадаад худалдааны ашиг өнгөрсөн улиралд хоёр дахин өссөн байна

Монголын эдийн засгийн эхний улирлын онош тодорч эхэллээ. Тоон дүн, статистик мэдээллээс үзвэл сөхөрсөн эдийн засагт сэргэх шинж ажиглагджээ. Монголчуудын мөнгөний гол эх үүсвэр болох худалдаанаас гэхэд л хагас тэрбум ам.долларын ашиг олсон байна. Экспорт, импортыг дэнсэлбэл, гадаад худалдааны ашиг хоёр дахин өслөө. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр худалдааны тэнцэл энэ оны эхний гурван сард 523.7 сая ам.доллартай тэнцжээ.

Монгол Улс түүхий эдээ борлуулж, оронд нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн хилийн чанадаас худалдан авдаг. Тэгвэл бидний хилийн чанадад нийлүүлсэн барааны дүн бараг 40 хувиар өссөн байх юм. Экспорт ийн тэлэхэд нүүрс дагасан орлого үлэмж хэмжээгээр нөлөөлсөн. Өнгөрсөн гурван сард нүүрснээс олсон экспортын орлого 450 орчим сая ам.доллараар өссөн нь онцолж болох үзүүлэлт. Хар алт Монголд ногоон жим татуулжээ.

Экспорттой зэрэгцээд импорт ч ахисан. Бидний хилийн чанадаас худалдан авсан барааны хэмжээ 30 орчим хувиар дээшилжээ. Хэдийгээр импорт өссөн ч худалдаанаас хүртэх монголчуудын ашиг ахиу байсан нь эдийн засагт тохиож буй гэгээтэй мэдээний нэг.

» Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ сарын дүнгээр 0.2 хувиар доошилсон байна.

» Хэрэглээний үнэ ийн яльгүй эрчимжсэн бол үйлдвэрлэгчийн үнэ буурчээ.

» Бидний хилийн чанадаас худалдан авсан барааны хэмжээ 30 орчим хувиар дээшилжээ.

Тэгвэл мөнгөний “барометр” инфляцийн түвшин өсөлтийн зүг зааж байна. Хэрэглээний үнийн индекс өмнөх сард хоёрдугаар сараас 0.9 хувиар өссөн. Харин жилийн дүнгээр 2.5 хувиар дээшилжээ. Эдийн засгийн “луужин” инфляцийн түвшин оны эхнээс 3.1 хувьд хүрсэн нь өмнөх хоёр жилийн дунджаас 1.2-1.4 нэгж хувиар эрчимжсэн дүн. Үүнд хүнс, усны бүлгийн үнэ 9.7 хувиар өссөн нь нөлөөлөв. Ялангуяа, мах, махан бүтээгдэхүүний үнэ 26.9 хувиар чангарчээ.

Өнгөрсөн сард хэрэглээний үнэ Дорнод, Говь-Алтай аймагт 0.1-0.3 хувиар буурсан бол Дархан-Уул аймагт өөрчлөлтгүй, Улаанбаатарт болон бусад 18 аймагт 0.1-2.5 хувиар дээшилжээ. Хэрэглээний үнэ ийн яльгүй эрчимжсэн бол үйлдвэрлэгчийн үнэ буурлаа. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ сарын дүнгээр 0.2 хувиар доошилсон байна. Харин жилийн өмнөхтэй харьцуулбал, 70 хувиар өсчихөөд байгаа аж. Монголын Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын Монголын нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг эхнээс нь танилцуулаад байна.
САНАЛ БОЛГОХ