Ургадаг "уурхай"

Нийтлэл

Хаврын хахир цагт ногоочид ургацаа хураагаад эхэлжээ

Хахир атлаа нялх хаврын өдрүүд үргэлжилж байна. Цас хаялж, шороо шуурсан энэ өдрүүдэд хавар “хатагтай” хуурамч аашаа дэлгэсээр. Гадаа нэг л жиндүү. Хавсарга салхи үе үе ороолгох мэт шударсан энэ зэврүүн цагт нийслэлээс зайтай нэгэн буйдхан чөлөө нам гүмд автжээ. Энд ойн гүн аятай сэрүүн, чийглэг ноёлж, хэдийнэ боловсорч гүйцсэн шинэхэн жимс, ногоо багсайж байна. Энэ бол манайд хэдхэн байх өвлийн хүлэмжийн хаврын өнгө.

Тариачид хэзээ мөдгүй хөрсөө хагалж, үрээ суулгахаар бэлдэж байхад зарим ногоочин хэдийнэ ургацаа хураагаад эхэлжээ. Эрхий хуруун чинээ, ягаавтар улаан өнгөтэй, шүүслэг гүзээлзгэнэ энд байна. Бас өргөст хэмх тэргүүтнийг ч эрээн сагсанд өрөөд тавьчихаж. Манай дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид ургацаа хураан, хавартай уралдаж, ургаж гүйцсэн шинэхэн жимснүүдийнхээ баярыг ч тэмдэглээд амжжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэсэг ногоочин Улсын их дэлгүүрийн өмнө талбайд “Гүзээлзгэний баяр”- ыг хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм.

Дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлсэн монголчуудын туршлага зузаан биш. Гэхдээ эрс тэс уур амьсгалтай Монгол Улсад эх газрын шимийг алдалгүй хүртэх боломжийг хүлэмжийн аж ахуй нээдэг. Өөрөөр хэлбэл, эргэх дөрвөн цаг яаж ч солигдсон ажралгүй амсах гарц нь энэ.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчуудын Ургадаг "уурхай" нарийн ногооны хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсчээ. 2016 онд манай улс нийт 9.1сая тонн нарийн ногоо импортолжээ. Хэрэглээ ийн өссөн ч үйлдвэрлэл төдийлэн ахиагүй. Харин сүүлийн 2-3 жилд хүлэмжийн аж ахуй мэдэгдэхүйц цэцэглээд байна. Монгол Улс 2016 онд хүлэмжид 5140 тонн ногоо тариалан, хураан авсан нь онцгой үзүүлэлт. Ялангуяа, хахир өвөл, хавсаргатай хавраар “амьтай” байдаг хүлэмжийн тоо сүүлийн жилүүдэд өсөж, үр шимээ өгсөөр байгаа. Улсын хэмжээнд одоогоор 19 га талбайг дөрвөн улирлын турш ашиглаж байгаа аж.

Одоогоор 76 орчим га талбайд аж ахуйн нэгж, хувь хүн хүлэмжид ногоо тариалж байна. Үүний дийлэнх буюу 56.8 га нь зуны хүлэмж. Ихэнх нь Улаанбаатар хот, Төв аймаг орчимд төвлөрчээ.

Монгол Улс жилд 20 орчим сая ам.долларын жимс, ногоог БНХАУ-аас худалдан авдаг гэсэн тооцоо бий. Цаашид өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлснээр импортын хамаарлыг багасгаж, валютын урсгалыг дотооддоо үлдээх боломжтой гэж салбарынхан үзэж байгаа. Хүлэмжийн ногоо тариалалтад нарийн ногоо, жимс жимсгэнэ томоохон хувийг эзэлж байгаа учраас дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна.

Тухайлбал, "Чандмань жимс", "Ногоон сор", "Түмэн сүйх" зэрэг компани идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа. Дотоодын бизнес эрхлэгч, иргэд нэгдэн, "Чандмань Агропарк" төслийг санаачлан, 2016 онд хүлэмж цогцолбор төслийг эхлүүлсэн. Одоогоор өдөрт дөрвөн тонн хүнсний ногоо тариалах хүчин чадалтай, өвлийн долоон хүлэмж ашиглалтад оруулаад байна. Эдгээрийн гуравт нь гүзээлзгэнэ, үлдсэнд нь өргөст хэмх болон улаан лооль тариалдаг байна. Гүзээлзгэнийг л гэхэд өдөр өнжөөд хураан авдаг бөгөөд 20-30 орчим килограммыг хэрэглэгчдэд хүргэдэг байна. Гүзээлзгэний борлуулалт өдөрт 500-600 мянган төгрөг хүрдэг гэж "Чандмань жимс" компанийн зөвлөх мэдээлсэн юм.

» Монгол Улс жилд 20 орчим сая ам.долларын жимс, ногоог БНХАУ-аас худалдан авдаг гэсэн тооцоо бий.
» Улсын хэмжээнд одоогоор 19 га талбай бүхий хүлэмжийг дөрвөн улирлын турш ажиллуулж байна.
» "Чандмань Агропаркийг дотоодын 30 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж хамтран, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлжээ.
Энэ паркийг дотоодын хөрөнгө оруулагчид байгуулснаараа онцлог. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл чамгүй хөрөнгө оруулалт шаарддаг атлаа богино хугацаанд ашгаа өгдөггүй. Тиймээс энэ салбарыг сонирхдоггүй гэж тус паркийнхан хэлж байна. Гэхдээ тууштай байж чадвал энэ бол ургадаг “уурхай” болохыг тэд онцоллоо. Тус “уурхай”-г гэхэд дотоодын 30 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжүүд хамтран, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, эхлүүлжээ. Харин "Ногоон сор" компани өвөл, зуны нийт 32 хүлэмжтэй.

"Чингис бонд"-ын хөрөнгөөс 940 сая төгрөгийн урт хугацаатай зээл авсан "Түмэн сүйх" компани Голланд технологи нэвтрүүлж, жилийн дөрвөн улиралд ажиллах шилэн хүлэмжийг 2014 онд ашиглалтад оруулжээ. Мөн бондын санхүүжилтээр япон технологи ашиглан орчин үеийн дэвшилт технологи бүхий навчит ногооны хүлэмжийн тариалалтыг “Green vegetal” компани явуулж байгаа юм. Түүнчлэн "Монос групп" 10 мянган ам метр талбай бүхий "Төгс ургац" агропаркийн нээлтийг гуравдугаар сарын сүүлээр хийсэн. Тэд өнгөрсөн долоо хоногоос бүтээгдэхүүнээ "И-Март" сүлжээ дэлгүүрээр худалдаалах талаар мэдээлсэн. Тус агропаркийн хувьд эхний ээлжинд өргөст хэмх, улаан лооль зэргийг тариалж байна. Өргөст хэмх, улаан лоолийг бид эртнээс тарьж, хүнсэндээ хэрэглэх болсон. Харин таримал гүзээлзгэнэ нь харьцангуй шинэлэг бүтээгдэхүүн аж. Үүнээс гадна тарвас, бууцай, салатны навч зэрэг 10 гаруй төрлийн жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалдаг байна.
САНАЛ БОЛГОХ